Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц унадаг дугуйн болон явган хүний замтай болжээ
Таван шарын нүхэн гарц дээгүүр баригдах 90 метрийн урттай, явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил дуусаж, металл гүүрний гол хийцлэлийн ажлын бэлтгэлийг хангаж эхэлсэн байна. Тухайн гарцыг зорчигч өгсөх, уруудахад огцом налуугүй байхаар хийх тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай иргэд аюулгүй, тав тухтай зорчино хэмээн тооцоолжээ.
Харин Таван шарын төмөр зам доогуурх авто замын нүхэн гарцын барилга угсралтын нийт ажил өнөөдрийн байдлаар 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, тухайн байршлын явган хүний зам, дугуйн замын ажил дууссан болохыг холбогдох албаныхан мэдээлэв.
Геологийн төв лаборатори орчмын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байгаа аж. Төслийн хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннель бүхий нүхэн гарц, 1.48 километр авто зам, мөн явган болон дугуйн замыг байгуулахаар төлөвлөжээ.
“Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрчээ. Өнөөдрийн байдлаар төмөр замын доогуур нүхэн байгууламжийг түлхэж оруулах (box jacking) аргаар суурилуулах ажлыг бүрэн дуусгаж, үргэлжлүүлэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

