Илон Маск ирээдүйн дайныг судлах чиглэлд зөвлөх үүрэгтэй Пентагоны шинэ төсөлд ажиллахаар болжээ
Технологийн салбарын тэрбумтан Илон Маск дахин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанд ажиллахаар болжээ.
Тэрбээр Пентагоны зүгээс “ирээдүйн дайныг судлах ажил" хэмээн тодорхойлсон төсөлд зөвлөх үүрэгтэй ажиллах юм байна.
Маск өмнө нь засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх газрыг тэргүүлж байсан ч Трамптай олон нийтийн өмнө зөрчилдсөний улмаас өнгөрсөн оны тавдугаар сард уг албан тушаалаасаа чөлөөлөгдөж байв.
Энэ долоо хоногт Квантико цэргийн баазад Пентагоны тэргүүн Пит Хэгсэт үг хэлэхдээ "Меридиан" (Project Meridian) төсөл нь "дайны ирээдүйг судлах чиглэлээр Америкийн шилдэг сэтгэгчдийн удирдан явуулах ажил байх болно” гэж мэдэгджээ.
"Бид өрсөлдөгчдөд маань байхгүй, Америкийн давуу тал болсон өвөрмөц нөөц бололцоог ашиглах гэж байна. Энэ бол манай шинийг санаачлагчид, шилдэг удирдагчид болон технологийн мэргэжилтнүүд юм" гэж тэр хэлсэн юм.
Маск "Меридиан" төслийг батлан хамгаалахын технологийн "Anduril Industries" компанийн хамтран үүсгэн байгуулагч, 34 настай Палмер Лаки болон Бүгд Найрамдах Намын гишүүн, Төлөөлөгчдийн танхимын дарга асан, 83 настай Ньют Гингрич нартай хамтран удирдах гэнэ.
Маск 2024 оны сонгуулийн үеэр Трампыг дэмжиж, түүнийг Цагаан ордонд буцаж ирэхэд нь тусалсан боловч хожим ерөнхийлөгчтэй төсвийн зарцуулалтын тухай хуулийн төслийн асуудлаар томоохон маргаан үүсгэж байв.
Сүүлд тэрбээр Бүгд Найрамдах Намын үйл ажиллагааг, тухайлбал бие даасан нэр дэвшигчид болон консерватив улс төрийн бүлгүүдэд олон сая долларын хандив өгөх замаар дахин дэмжих болсон юм.
Хэгсэт уг төслийн зорилгыг "ирээдүйг бүтээлчээр харж, бидний эзэмших ёстой салбар болон эзэмших шаардлагатай чадавхуудыг тодорхойлох" явдал гэж тайлбарлажээ.
Төслийн багт хувийн хэвшлийн шилдэг удирдагчид болон инновац, эрдэм шинжилгээ, бодлогын хүрээний салбарын мэргэжилтнүүд багтах бөгөөд тэднийг тусгайлан сонгон шалгаруулж авах аж.
Хэгсэт "Меридиан" төслийн үр дүнг 120 хоногийн дотор боловсруулж, танилцуулах үүрэг өгснөө мэдэгджээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
