Финландын парламентын гишүүдийн гэрт хууль бусаар нэвтэрсэн үйлдлийг гадаадаас захиалсан байж болзошгүй гэв
Финландын ерөнхий сайд Петтери Орпо тус улсын парламентын хэд хэдэн гишүүний гэрт хууль бусаар нэвтэрсэн үйлдлийн цаана гаднын улс гүрэн байж болзошгүйг мэдэгджээ.
Цагдаагийн байгууллагаас Пүрэв гарагт мэдээлснээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хельсинки хот орчимд парламентын гишүүдийн гэрт хууль бусаар нэвтэрсэн тухай хэд хэдэн гомдол шалгагдаж байгаа аж. Эдгээр тохиолдлуудад ямар нэг зүйл хулгайлагдаагүй ч дотогш хүн нэвтэрснийг илтгэх анзаарагдамгүй шинж тэмдгүүд үлдсэн байжээ.
Эдгээрийн цаана гаднын улс гүрэн байж болох эсэхийг сэтгүүлч асуухад Орпо "Боломжтой зүйл. Өнөөгийн нөхцөлд бүр ч боломжтой" гэж хариулсан байна.
"Хэрэв хэн нэгэн Финландын тогтвортой байдлыг, бидний аюулгүй байдлын мэдрэмжийг, жишээлбэл Украин улсыг дэмжих бидний байр суурийг сулруулахыг оролдвол үр дүн нь эсрэгээрээ байх болно. Энэ нь бидний эв нэгдлийг улам бэхжүүлнэ” гэж тэр хэлжээ.
Орпо эдгээр хэргүүдийг цагдаа болон засгийн газрын түвшинд шалгаж, "маш нухацтай авч үзэх болно" хэмээн мэдэгдсэн байна.
Финландын парламентын сонгууль болоход ердөө зургаан сар үлдээд байгаа энэ үед сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөх эрсдэлийг нухацтай авч үзэх ёстойг тэр онцолсон юм.
"Орос улс Европын хэд хэдэн орны сонгуульд нөлөөлөхийг оролдож байсныг бид мэднэ" гэж тэр хэлжээ.
Финланд улс Оростой хуурай газрын урт шугамаар хил залгадаг бөгөөд Украинд дайн эхэлж, Финланд улс НАТО-д элссэний улмаас хоёр улсын харилцаа эрс муудаж, хилээ хаагаад байгаа билээ.
Финландын ерөнхийлөгч Александр Стубб эдгээр сэжигтэй үйлдлүүдийн талаар асуултад "Парламентын гишүүдийн эсрэг халдлага бол ардчиллын эсрэг халдлага юм. Үүнийг ямар ч хэлбэрээр хүлээн зөвшөөрч болохгүй... Би парламентын гишүүн бүрийг дэмжих болно” гэж хариулжээ.
Парламентад болсон хэвлэлийн хурлын үеэр парламентын спикер Юсси Халла-ахо сэжигтэй тохиолдлуудын тоог яг таг хэлж чадахгүй ч "нэлээд олон" байгааг мэдэгдсэн байна.
"Төрийн байгууллага, улс орнууд заримдаа иймэрхүү сэжигтэй ажиллагаа явуулдаг нь тодорхой боловч одоогоор бидэнд тодорхой мэдээлэл алга, таамаг дэвшүүлэх нь утгагүй хэрэг" гэж тэр хэлжээ.
Финландын цагдаагийн байгууллагаас гаргасан мэдэгдэлд "Хельсинкийн цагдаагийн газар уг асуудлыг тодруулах чиглэлээр Үндэсний мөрдөн байцаах товчоотой нягт хамтран ажиллаж байна. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхний шатандаа явж байгаа тул цагдаагийн байгууллагаас одоогоор нэмэлт тайлбар өгөх боломжгүй байна" гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
