Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг эхэллээ
"Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг" улс орон даяар өчигдөр эхэллээ.
Үзлэг хоёр сарын турш буюу арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Эрт илрүүлэх үзлэгт гурав, зургаа, 11, 15 настай сурагчид буюу цэцэрлэгийн дунд бүлэг, нэг, зургаа, аравдугаар ангийн нийт 265,958 хүүхэд хамрагдах юм.
Эрүүл мэндийн үзлэгээр хүүхдийн өсөлт, хөгжил, хөгжлийн хоцрогдол болон эрсдэлт хүчин зүйлийг эрт үед нь олж тогтоож, шаардлагатай тохиолдолд цаг алдалгүй эмчилгээ, тусламж, үйлчилгээнд хамруулах зорилготой. Ингэснээр хүүхдийн өвчлөл буурч, сурч хөгжих нөхцөл бүрдэж, амьдралын чанар сайжирна гэж үзэж буйгаа Боловсролын Яамнаас мэдээлсэн.
Үзлэгээр сурагчдын биеийн ерөнхий үзүүлэлт буюу хөгжлийг оношилно. Үүнд нь арьс, үс, хумс, яс, булчингийн хөгжил, цус багадалт, чих, хамар, хоолой, амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн систем, амны хөндийн эрүүл ахуй зэрэг багтаж байна. Мөн нас бүрийн онцлог, хэрэгцээ шаардлагаас хамааран зүрх судас, нурууны муруйлт, хавтгай тавхай, сэтгэл зүйн үнэлгээ зэргийг хийж байгаа юм.
Эрт илрүүлэх үзлэгт сурагчдыг хамруулахдаа эцэг, эх, асран хамгаалагчдыг урьдчилж мэдээллээр ханган, зөвшөөрөл авна. Мөн үзлэгийн үр дүнгийн талаар дүгнэлт, зөвлөмжийг гэр бүл бүрд хүргэнэ гэж Боловсролын Яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




