Энэ сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж буй жагсаалтай холбогдуулан УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэх гэж буй талаар "Эрс шинэчлэл" хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Эрс шинэчлэл" хөдөлгөөний тэргүүн Д.Ганбаатар “2006 оны ашигт малтмалын тухай хуулинд Стратегийн ач холбогдолтой ордын тухай заалтыг оруулсан байдаг. Харамсалтай нь эдгээр стратегийн ач холбогдолтой орд газрууд нь манай улсын иргэдэд ямар нэгэн байдлаар ямар ч үр өгөөжөө өнөөдрийг хүртэл өгөхгүй байна.
Стратегийн ордын тухай жагсаалтыг урьдчилж сайн бэлдээгүй байж жагсаалтыг 2007 онд УИХ баталж байсан. Бид тухайн үед стратегийн ордод орох шаардлагатай орд, газрын жагсаалтыг гаргаж, яаралтай Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын даргад хүргүүлж байсан ч тэд хэлэлцэж, дэмжээгүй.
Стратегийн орд газрын жагсаалтад одоогоор 15 ордыг эхний ээлжид баталж, үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч ямар нэгэн үр ашиг иргэдэд өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Үүний гол асуудалд Ашигт малтмалын тухай хуулинд байдаг “Төр 34 хүртэлх хувийг худалдаж авах эрхтэй" тухай заалтыг оруулснаас улбаатай гэж бид харж байна.
Тус хуулийн үр дүнд манай улсын стратегийн орд нэг компани, өндөр албан тушаалтны хувийн өмч болсныг бид "Цагаан Суварга" орд газраар жишээ болгон харж болно.
Иймд бид Стратегийн ордуудыг иргэдэд ашиг, үр шимийг нь хүртээх байдлаар үйл ажиллагаанд оруулах, хоёрдугаар жагсаалтын 39 ордыг сайн судалж байж стратегийн ордын жагсаалтад оруулах тухай хүсэлтийг Засгийн Газар болон Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд гаргахаар болж байна" гэлээ.
"Эрс шинэчлэл" хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Д.Батбаатар "Сонгуулийн талаар намууд худлаа амлалт гаргасныг та бүхэн мэдэж байгаа байх. Үүнд нэг сая төгрөгийн хувьцаа, дараагаар нь сая 500 мянган төгрөгийг бэлнээр өгнө гэж амлалт өгч сонгуульд гарсан билээ.
МАН болон Манангийн эрх баригчид иргэдийн хувьцааг булааж авах замаар энэхүү сонгуулийн амлалтаа биелүүлсэн гэж хэлж болно.
1,072 хувьцааг хувь хүн хоорондоо шилжүүлэх болон солилцохыг хуулиар хориглосон байдаг. Гэвч МАН-ынхан энэхүү хувьцааг мөнгө болгож, оюутан, ахмад настнуудын данс руу хийсэн нь хууль зөрчсөн асуудал юм.
Иймд бид иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд УИХ-д шаардлага хүргүүлж, ирэх 10-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж буй жагсаалд нэгдэж байна" хэмээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!