Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн өөрчлөлтийг энэ долоо хоногт хэлэлцэх хуваарьтай ч гишүүд жагсаал хийхээ мэдэгдсээр...

Б.Ану
2019 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

2018 оны сүүлийн өдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвыг уулзаж эвлэрсэн гэх мэдээлэл гарсан ч үүнийг Ерөнхий сайдын ажлын алба үгүйсгэсэн. 

Тэгвэл баттай эх сурвалжуудын өгч буй мэдээллээр 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр уулзсан нь бол үнэн ажээ. 

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр, УИХ-ын дарга М.Энхболд хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөх байр суурь хэвээрээ байсан тул Ерөнхийлөгч ийнхүү хуулийн төсөл өргөн барихаар болсон бололтой. Гэхдээ 31-ний уулзалтаар хуулийн гаргалгааны тухай хоёр тал ярилцаагүй гэж зарим эх сурвалж мэдээлж байна. 

Ямартай ч УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн Баасан гарагт Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан хуулийн төслийг хүлээн авсан гэж мэдэгдээд байсан.

Баасан гараг бүр УИХ-ын даргын зөвлөл хуралдаж дараа долоо хоногтоо УИХ-аар хэлэлцэх асуудлыг тогтдог. Тэгвэл тус зөвлөл энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Ерөнхийлөгчийн өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр багтаажээ. 

Хуваариар Лхагва гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ хуулийн төслийг хэлэлцүүлэх учиртай. Улмаар Пүрэвт амжихгүй бол Баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Гэвч өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн УИХ-ын даргыг огцрох ёстой гэж үзэж буй УИХ-ын гишүүд энэ Пүрэв гарагт дахин жагсаал хийхээ мэдэгдээд буй. 

Тэдний хүсээд буй УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болоход тэд хуралдаа сууж байх нь уу эсвэл талбай дээр жагсаж байх нь уу гэдгийг харах л үлдлээ.