Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батбаатар: Тээврийн компаниуд стандарт хангаж байна уу, үгүй юу гэдгийг баталгаажуулна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Стандартчилал хэмжил зүйн газраас Монголд анх удаа авто тээврийн салбарын тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын итгэмжлэхийг "Ати консалтинг" ХХК-д олгож, өнөөдөр итгэмжлэлийн гэрчилгээ гардууллаа.

Гэрчилгээг Стандартчилал хэмжил зүйн газрын дэд дарга Б.Билгүүн гардуулж, тус компанийг үйлчилгээний баталгаажилт хийлгүүлэхээр хоёр жилийн хугацаатай итгэмжилж байгааг танилцуулсан юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн тэрбээр "Ати консалтинг" компанийн шинжээчдэд үнэмлэх гардуулан, "2020 он хүртэл итгэмжлэгдлээ. Энэ хугацаанд ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан шударгаар үйлчилгээ үзүүлээрэй" хэмээн захилаа.

"Ати консалтинг" ХХК-ийн ерөнхий захирал Д.Батбаатар "Тохирлын үнэлгээ баталгаажуулалтын итгэмжлэгдсэн байгууллага нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартыг тухайн салбарынхан мөрдөж байгаа эсэхийг баталгаажуулах ажил хийнэ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Манай компанийн хувьд авто тээврийн салбартаа анх удаа бие даасан байгууллага болж байна. Энэ нь хэд хэдэн ач холбогдолтой. Итгэмжлэгдсэн байгууллагын хувьд бид тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компани стандарт хангаж байна уу үгүй юу гэдгийг баталгаажуулна. Ингэснээр хэн нэгэн төрийн эрхтэн дархтан тухайн компанийг хавчих, гадуурхах тохиолдлоос хамгаална. Нөгөө талаар төрийн байгууллагын шийдвэрийг хүлээн авахгүй эцэс төгсгөлгүй маргаан үргэлжилдгийг зогсоох давуу талтай. Хөндлөнгийн байгууллагын дүгнэлт аль нэг талд үйлчлэхгүй гэдэг утгаараа стандартаа хангаагүй л бол төрийн байгууллага үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ аваад явна гэсэн үг.

Цаашид хөндлөнгийн байгууллагуудын тоо нэмэгдвэл төрийн байгууллагууд үндсэн ажлаа хийх боломж бүрдэнэ. Тухайлбал, маш олон стандартыг өргөжүүлэх шаардлага бий. Авто засвартай холбоотой ганцхан стандарт байдаг. Энэ стандартыг дотор нь кузов засварын, дугуйны, масло тос солих гээд өргөжүүлээд явахад төрийн байгууллагад нөхцлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй байна.

Бид тээврийн салбарын компаниудад өөрийн гэсэн өнгө аятай байхаас гадна стандартыг мөрдүүлэх тал дээр хувиршгүйгээр ажиллах болно" хэмээн ярилаа.

 
Гэрэл зургийг mpa.mn