Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн мөрдөн шалгах явцыг удаашруулсан зүйл байхгүй"

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЦЕГ-аас цаг үеийн өнөөдөр асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү олны анхаарлын төвд байгаа зарим хэргүүдийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл өгөөч?

- ХУД-ийн нутаг дэвсгэрт иргэн Ч нас барсан хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас прокурорын зөвшөөрөлгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Олон нийтийн сүлжээгээр гадаад улсад байгаа иргэнээс "Цагдаагийн байгууллага баримтуудыг шалгахгүй байна. Хэрэгт авагдсан материал баримтууд солигдсон" гэх худал ташаа мэдээллүүд явуулж байгааг албан ёсоор няцааж байна.

Цагдаагийн байгууллагаас иргэнээс ирүүлж байгаа бүхий л мэдээлэл дээр шалгалтуудыг явуулж байгаа. Тухайн иргэнээс ирүүлсэн лифтний бичлэгт байгаа хоёр иргэнийг олж тогтоогоод шалгалтын ажиллагаа явуулсан. Энэ хэрэгт холбогдолгүй болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа. Тухайн иргэд өөрсдийг нь олон нийтийн сүлжээгээр гэмт хэрэгтэн мэтээр гүтгэсэн хэмээн цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаад шалгуулж байгаа юм байна лээ.

Мөн хавтаст хэрэгт авагдсан гутал, хувцас өөрчлөгдсөн, эд материал, нотлох баримт алга болсон гэх ташаа мэдээлэл явж байгааг албан ёсоор мэдэгдэе. Хэргийн газрын үзлэгээр илэрсэн баримтуудаас ямар нэгэн зүйл алга болсон юм байхгүй.

Олон нийтийн сүлжээнд мэдээлэл тавьж байгаа иргэн цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж шалгуулж байгаа зүйл байхгүй. Гэхдээ цагдаагийн байгууллага тухайн иргэний гаргаж буй мэдээлэл бүрийг анхааралтай нягталж, шалгаж байгаа. Үнэхээр хэргийн явцад шаардлагатай гэж үзэж байгаа баримт байвал цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж шалгуулахыг хүсэж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс хэргийн мөрдөн шалгах явцыг удаашруулсан, хойшлуулсан зүйл байхгүй. Бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналтан дор явдаг. Ажиллагаа дууссаны дараа шаардлагатай гэж үзвэл мэдээлэл хийнэ.

- Өнгөрсөн долоо хоногт Шангри-Ла зочид буудалд гадаадын иргэн нас барсан хэрэг гарсан. Тус хэргийг тагнуулын байгууллага шалгаж байна гэх мэдээлэл байгаа. Энэ хэрэг хаана шалгагдаж байгаа вэ?

- Гадаад улсын иргэний амь нас хохирсон хэрэг бүртгэгдсэн. Дуудлагын дагуу СБД-ийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж ажилласан. Задлан шинжилгээний хариу, шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа. Хэрэг цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байна.