Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Африкийн судлаачид хулгайн анчдаас хамгаалахын тулд хирсийн эвэрт цацраг идэвхт бодис шингээж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкийн нэгэн их сургуулийн судлаачид хулгайн анг бууруулах зорилгоор хирсийн эвэрт цацраг идэвхт изотоп шингээх арга хэрэглэж эхэлжээ.

Уг арга нь тухайн амьтанд хор хөнөөлгүй ч хил гаалийн хараа хяналтаас хулгайгаар агнасан хирсийн эврийг нуух аргагүй болгож байгаа юм байна.

Витватерсрандын Их сургууль, цөмийн эрчим хүчний салбарынхан, байгаль хамгаалагчдын хамтран хэрэгжүүлж буй “Rhisotope Project” нэртэй төсөл өчигдөр буюу Пүрэв гарагт албан ёсоор эхэлж, таван хирсийн эвэрт цацраг идэвхт изотоп шингээжээ.

Өнгөрсөн онд явуулсан туршилтын үе шатанд 20 орчим хирсийг ийм аргаар хамгаалсан юм байна.

Изотоп өчүүхэн бага хэмжээтэй байсан ч хил гаалийн цацраг идэвх хэмжигч багаж төхөөрөмжүүдэд илэрдэг.

Туршилтын үеэр дүүрэн ачаатай 40 футийн хэмжээтэй тээврийн чингэлэгт нуусан хирсийн эврийг ийм аргаар хялбар илрүүлж чадсан юм байна.

Олон Улсын Байгаль Хамгаалах Нийгэмлэгийн тооцоолсноор 20 дугаар зууны эхэн үед 500,000 орчим байсан хирсийн тоо толгой одоо 27,000 орчим болж буурчээ.

Энэ нь хирсийн эврийн эрэлт хэрэгцээ дэлхийн зах зээлд нэмэгдсэнтэй холбоотой.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс одоо 16,000 хирстэй бөгөөд энэ амьтны тоо толгойгоор дэлхийд тэргүүлдэг.

Жил бүр энэ улсад 500 орчим хирс хулгайн ангийн золиос болдог юм байна.

 

Эх сурвалж: Associated Press