“Нааново грин энержи Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэмбилэг хогоос эрчим гаргах төсөл, хотын дарга Х.Нямбаатар Хятад компаниудын давуу эрх олгосон асуудлаар Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Улаанбаатар хотын хогийн менежментийн асуудлыг шийдэх энэхүү төслийн хөгжүүлэлт 2018 онд “Нааново грин энержи Монголиа” ХХК үүсгэн байгуулагдсанаар эхэлсэн аж. Эрчим хүчний тухай хуулиар зохицуулагдаж, холбогдох бүх зөвшөөрлийг төрийн байгууллагаас авсан боловч Нийслэлийн удирдлагууд сонгон шалгаруулалтаас хассан тухай тэрбээр ийнхүү ярилаа.
“Нааново грин энержи Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэмбилэг "Бид 2022 онд эрчим хүчний тусгай зөвшөөрөл гардаж авсан. Дараа нь эрчим хүчний төв шугамд хэдэн төгрөгийн үнэтэй эрчим хүч нийлүүлэх тарифаа батлуулсан. Хамгийн сүүлд эрчим хүч худалдан авах гэрээг Диспетчерийн үндэсний төвтэй 2024 онд зурсан билээ. Ийнхүү энэ төслийг хэрэгжүүлэх түвшинд бэлэн болгосон юм.
2024 оны орон нутгийн сонгуулийн дараа Нийслэлийн бүх удирдлага шинэчлэгдээд энэ төслийг Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар явуулахаар болж, өөр процесс руу орсон. 2025 оны эхээр Нийслэлийн засаг даргын түвшинд Хятадад том арга хэмжээ болсон. Үүнээс хойш Хятадын компаниуд Монголд ирж, энэ төслийг хэрэгжүүлэх яриа сонсогдож эхэлсэн. Ийнхүү 2025 оны эхний улиралд сонгон шалгаруулалтын мэдээ цацагдлаа. Бид гайхсан байдалтай хүлээн авч, процессыг судлахаар бэлдэж эхэллээ.
Сонгон шалгаруулалтад Монголын хоёр, Хятадын хоёр компани саналаа өгөхөөр болсон ч Монголын нэг компани тодорхой шалтгааны улмаас саналаа өгөөгүй. Гэтэл амралтын өдөр төслийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хуралдаж, Даваа гараг буюу долоодугаар сарын 21-нд биднийг хэлэлцүүлэг байдлаар дуудаад сонгон шалгаруулалтаас хассан.
Нийслэлийн орлогч дарга Т.Даваадалайгийн хэлж буйгаар манай компани журамд нийцсэн материал бүрдүүлээгүй гээд, үүнийгээ маш олон хэвлэл мэдээллээр цацсан. Долоон жил хөгжүүлсэн атлаа үнэ тарифын санал, төлөвлөгөөгөө тодорхой болгоогүй байна гэж байх уу.
Эрчим хүчний хороогоор бүх зүйлээ батлуулсан атал биднийг Нийслэлийн сонгон шалгаруулалтын журмын форматад нийцээгүй гээд хасчихсан. Зохих байгууллагад гомдлоо гаргачихсан байгаа" гэв.
Үргэлжлүүлэн Хятад компаниудын эрх ашиг, давуу байдлын талаар тэрбээр "Нийслэлийн удирдлагууд Хятадын компаниудын эсрэг хар технологи явж байсан гэсэн. Энэ бол үзэл бодол биш нийгэмд болж буй баримт.
Манай компанийн зөвлөх инженерүүд Японы стандартаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Нийслэлийн зүгээс Хятадын стандартыг сонгон шалгаруулалт дээр тавьсан учраас манай зөвлөх инженерүүд ажиллах боломжгүй гэсэн.
Бид долоон жилийн турш Нийслэлээс сохор зоос ч аваагүй. Сайн ажиллая гэхээр дээрээс нь хаачихдаг. Монгол залуучууд санаачилга гаргаад нэмэр байна уу. Засгийн газрын сайд нар Нийслэлийн түвшинд эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол эхлээд Нийслэлийн засаг даргаас зөвшөөрөл аваарай гээд хэлээд өгчихмөөр байна.
Тэгвэл би энэ олон бичиг баримт бүрдүүлэхгүйгээр эхлээд Х.Нямбаатарын хайртай дүү болчхоод дараа нь яаманд хандъя. Хуулийнхаа үндэслэлийг тодорхой болгоод өг. Хуулийг хүний төлөө хэрэгжүүлэх сэтгэл байхгүй байна. Манай компанийг хасдаг сонгон шалгаруулалтын хурал дээр танайх 2018 оноос хойш хэрэгжүүлсэн чинь хамаагүй шууд хаслаа гэж хэлээд явуулсан" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!