Индэр    
2022 оны 4 сарын 25
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ц.Эрдэмбилэг: Скандинавын орнуудын татан буулгаж буй цахилгаан станцыг оруулж ирвэл 808 сая ам.доллароо үр ашигтай зарцуулах боломжтой

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Скандинавын орнуудад татан буулгаж буй цахилгаан станцыг Тавантолгойд барих гэж байгаа цахилгаан станцын үнэ өртгөөс 75% хямдаар Монголд суурилуулах боломжтой талаар ажил хэрэгч санаачилга "Монголын эдийн засгийн чуулган"-ы үеэр гарсан. 

Энэхүү санаачилгыг дэвшүүлсэн "Нааново Грин Энержи Монголиа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэмбилэгтэй уулзаж, уг боломжийн талаар болон хог дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх төслийнх нь талаар ярилцлаа.

-Тавантолгойн цахилгаан станцын өртгийн 25 хувьтай дүйцэх хэмжээний үнээр Монголд нүүрсний цахилгаан станцыг Скандинавын орноос авчирч суурилуулах боломжтой талаар "Эрчим хүчний сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр та дурдсан. Тухайн станцуудыг Монголд авчрах нь ямар ашиг тустай вэ?

-Скандинавын орнууд сэргээгдэх эрчим хүчинд эрчим хүчний салбарын бүх хөрөнгө оруулалтаа чиглүүлж байна. Финланд, Норвеги, Дани, Швед зэрэг орон нүүрсний хамгийн том цахилгаан станцаа татан буулгаж байгаа.

Өндөр хөгжилтэй орнуудын цахилгаан станцыг авчраад суурилуулах нь хямд тусна

Хамгийн сүүлийн мэдээллээр Данид 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцаа буулгаж, төв шугамаасаа ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нд салгах юм. Шинээр их мөнгө төлж, станц барьж байхаар өндөр хөгжилтэй орнуудын цахилгаан станцыг авчраад суурилуулах нь хамаагүй хямд тусна гэж бодож байна. Монгол Улс 808 сая ам.долларыг нүүрсний шинэ эрчим хүчинд зарцуулж буйг олон улс гайхаж байна. Энэ мөнгийг илүү үр ашигтай зарцуулах боломжтой

-Манай улсын гурван ч цахилгаан станцын насжилтын хугацаа дуусах дөхөж байгаа. Технологийн хувьд хоцрогдсон гэдгийг зарим мэргэжилтэн анхааруулдаг. Хямд өртгөөр өндөр хөгжилтэй орны станц оруулж ирэхэд хүндрэлтэй зүйл бий юу?

-Гэхдээ бид нарийн тооцоо судалгааг сайн хийх ёстой. Тухайн улсуудад байгаа Элчин сайдын яамаар дамжуулан судалж болж байна. Эрчим хүчний салбарыг өндийлгөх бүх бололцоогоо судалж үзсэн үү гэдэг шаардлагыг миний хувьд тавьж байгаа юм. 

-Үүнээс гадна таны хувьд хог дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлдэг. Энэ талаар танилцуулахгүй юу? 

-Манай компани Англи улсын хөрөнгө оруулалттай. Гэхдээ бүх инженерийн багийнхан Швед улсад ажилладаг. Тус улс хог импортолсныхоо хариуд Англиас мөнгө авдаг. Түүнчлэн хог, эрчим хүчний асуудлаа цогцоор нь шийдэж чадсан. Манай улс бас хоёр хөршөөсөө ийм орлогын эх үүсвэртэй болно гэсэн мөрөөдөлтэй явдаг. Гурван хогийн цэгийг ухаж гаргамаар байна. 

2024 онд хог дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх станцтай болно

Хог дахин боловсруулах төслийн хөрөнгө оруулалт, ТЭЗҮ 2018 онд батлагдсан. Ингээд тусгай зөвшөөрөл авахаар Эрчим хүчний зохицуулах хороо руу шилжсэн. Төсөл гацаагүй бол 2020 онд станц ашиглалтад орох байсан. 

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай станц барихаар газар аваад байна. Өдөртөө 200-300 тонн хог дахин боловсруулах юм. Хог нийлүүлэлтийн хувьд хотын захиргаатай гэрээ хийсэн. Улмаар Буянт-Ухаа хоёрын дэд станц руу холбогдох горимын тооцоо гарсан. Энэ ондоо ажлаа эхэлбэл 2024 онд хог дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх станцтай болно. 

-Эрчим хүчний салбар үйлдвэрлэлээсээ хэрэглээ нь давсан талаар хаа хаанаа хүлээн зөвшөөрч эхэллээ. Эрчим хүч үйлдвэрлэдэг төлөөллийн хувьд хог боловсруулж, цахилгаан, дулаан үйлдвэрлэх төслийг цаашид хэр өргөжүүлэх боломжтой вэ?

-Бид цаашид төслөө өргөжүүлэх бүрэн боломжтой. Улаанбаатар хотод жилд 1.4 сая тонн хог гардаг бөгөөд 60-70 хувь нь барилгын хаягдал байдаг. Барилгын хогийг дахин боловсруулах шаардлагатай. Нийслэлийн хэмжээний бүх хогийн 90 хувийг гурван хогийн цэг дээрх хог эзэлж байна. Булагдаж байгаа хогийг авч дахин боловсруулах гэж байгаа юм. 

Дэлхий нийт хогоо булахаа больсон байхад манай улсад л ийм зүйлийг хийж байна. Хог зөвхөн байгаль орчны асуудал биш. Хөрсний бохирдолд нөлөөлдөг. Манай улсын иргэд ихэнх усаа худгаас авдаг. Тэгэхээр хог нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан зүйл болоод байна. 

1 кВт.цаг эрчим хүчийг 13 орчим центээр борлуулахаар төлөвлөж байна

-Танай төслийн хувьд өдөрт хэчнээн тонн хог дахин боловсруулж, цагт дунджаар хэдэн МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

-Хог боловсруулаад цагт 14 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэх юм. 1 кВт.цаг эрчим хүчийг 13 орчим центээр борлуулахаар төлөвлөж байна. Гэхдээ энэ дүнг хэр үндэслэлтэй вэ гэдгийг Эрчим хүчний зохицуулах хороо шийднэ. 

- Хог дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх нь үнэтэй байгаа тул авахад хүндрэлтэй гэдгийг албаныхан хэлж байгаа. Үнийн зөрүүг шийдвэрлэх тал дээр анхаарч байгаа юу?

-Үүнийг шийдэхийн тулд бид өнөөдрийн зах зээлийн нөхцөл байдлыг сайтар бодож үзэх ёстой. Хэт өндөр өртөгтэй эсэхээ шийдэхийн тулд зөвхөн эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөгт анхаарлаа хандуулах нь буруу гэдгийг хэлэх нь чухал юм. 

Нүүрстөрөгчид суурилсан технологийн байгаль орчин, нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бид авч үзэх ёстой. Бид эдгээр бүх сөрөг нөлөөллийг авмагц хог хаягдлаас эрчим хүч гаргах гэх мэт ногоон технологийн зардал маш хэмнэлттэй болно.

Зарим хэрэглэгчийн эрчим хүчний үнийг үе шаттайгаар нэмэгдүүлэх нь зөв

-Хэрэглэгчийн үнийн алдагдал эрчим хүчний салбарыг 10 жил алдагдалтай ажиллахад хүргэж байгааг салбарын сайд хэлж буй. Алдагдлаа нөхөхийн тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна вэ?

- Өнөөдрийн хувьд ихэнх нь нүүрсний эх үүсвэртэй эрчим хүчинд хөрөнгө оруулж байна. Эдийн засгаа сэргээхийн тулд нүүрс ашиглах ёстой гэдэг нь хэчнээн онцгүй сонсогдож байгаа ч ойлгож байгаа.

Эрчим хүчний салбарын хавтгайруулсан тарифын асуудлыг шийдэх хэрэгтэй. Жирийн иргэдийн төлөх цахилгаан дулааны үнийг хэвээр үлдээгээд боломжтой хэрэглэгчдийнх нь тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлэх нь зөв. 

Татварын системд тодорхой хэмжээний ашигтай ажиллаж буй хүмүүсийн татвар нэмэгддэг жишигтэй адил санааг хэлэх гэсэн юм. 

Тухайлбал, томоохон компанийн эрчим хүчний үнийг 100, 200 хувиар нэмэхэд үйл ажиллагааны зардал нь нэг хувиар өсөж байгаа юм. Уг нь бол Нийгмийн хариуцлагын хүрээндээ энэ асуудалд гараа өргөхөд буруудах зүйлгүй санагдаж байна. Энэ санхүүжилтээр сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх боломжтой. 

Олон улсад эрчим хүчний салбарынхан асуудлаа шийдээд байхад манай улс зүгээр сууж байна. 

- Төрөөс хог дахин боловсруулах төслийг ямар хэлбэрээр дэмжих хэрэгтэй байна вэ?

-Шинэ технологи гарч ирэнгүүт хууль эрх зүйгээ шинэчилж баймаар байна. Засгийн газар агентлагуудтайгаа уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Хүнд суртал их байна.

Бид төслийнхөө гол үр өгөөжөөр хог хаягдлын менежментийг сайжруулах бөгөөд байгаль орчны болон олон нийтийн эрүүл мэндийн талаас нь харж байгаа.