Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Скандинавын орнуудад татан буулгаж буй цахилгаан станцыг Тавантолгойн станцынхаас 75% бага үнээр Монголд суурилуулах боломжтой гэжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монголын Эдийн засгийн чуулга уулзалтыг угтан зургаан салбарт урьдчилсан хэлэлцүүлгийг зохион байгуулж эхлүүлээд байна.

Даваа гарагт болсон "Эрчим хүчний сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шинээр барихаар төлөвлөсөн Тавантолгойн цахилгаан станцын өртгийн 25 хувийн үнээр Монголд нүүрсэн цахилгаан станцыг Скандинавын орноос авчирч суурилуулах боломж байгаа талаар хөндөгдсөн юм. 

Энэ талаар хог дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлдэг "Нааново Грин Энержи Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэмбилэг "Скандинавын эрчим хүчний холбооноос асуулт ирж байна. Манай эрчим хүчний зах зээлийг судалж байдаг юм байна. Тавантолгойн 450 МВт-ын станцтай холбоотойгоор орчин үед 880 сая ам.долларыг нүүрсний шинэ эрчим хүчинд зарцуулдаг айл байдаг юм байхдаа гээд тус холбооноос гайхаад асууж байна. Финланд, Дани зэрэг Скандинавын орнууд манайх шиг нүүрсний 16 станцаа татан буулгаж байгаа. "Татан буулгаад, Монголд аваачхад санхүүжилт талаасаа манай экспорт орчихно. 880 сая ам.долларын 1/4-ээр нь танайх санхүүжүүлчихнэ шүү дээ" гэж асууж байгаа" хэмээн ярилаа. 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх энэ үеэр байр сууриа илэрхийлэхдээ "Хог боловсруулж цахилгаан, дулаан үйлдвэрлэх төслийг бид дэмжиж байгаа. Ийм дэлхийн жишиг байна. Ганцхан хүндрэл байгаа. Хог боловсруулан үйлдвэрлэсэн эрчим хүч үнэтэй гарч байгаа тул авахад хүндрэл байгаа. Үнийн зөрүүг бусад эх үүсвэрээр шийдэх асуудлыг эцэслэвэл хүндрэлгүйгээр хогноосоо салах боломжтой. 

Нүүрсэнд бид гүн боловсруулалт хийх ёстой. Маш их эрчим хүчний нүүрс бидэнд бий. Цаашдаа байгаль орчинд сөрөг нөлөөг бууруулахын тулд гүн боловсруулалт хийх ёстой. Засгийн газар хийж байгаа ажлууд бий. 

Цахилгаан станцын хувьд технологи үнэхээр хоцрогдсон технологи. Гэхдээ бидний нөхцөл байдал  сонголт хийх боломжгүй байгаа. Олон тайлбар бий. Цаг хугацаа хэрэгтэй. Мэдээж шинээр баригдах хатуу түлш, нүүрсээр ажилладаг эх үүсвэрүүд бол байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөөлөлтэй технологийг ашиглана. Тийм шаардлагыг цаашид зарлах, зарласан байгаа тендерүүдийн бичиг баримтад тусгаж өгсөн" гээд "Ер нь олон улс эрчим хүчний хангалттай холбоотой эрчим хүчний ногоон шилжилтийг эргэж харж байгаа. Тийм амар ажил биш юм" гэлээ. 

ВИДЕО:

 

https://fb.watch/bWjHPiUPgA/