Зураг
Зураг
Индэр    
2023 оны 11 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч

П.Баттулга: 12 давхар байшинтай тэнцүү элсэн манхан, 3,000 метр өндөр уулсыг давж, малчид үхэр, тэмээгээр нүүсээр байна

Зураг
Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

"Намайг эсгий өрхөөр хучсан байхад л даараад байсан. Сүүлдээ аяны хөнжлөө зузаалаад л арай бэлтгэлтэй явдаг болсон. Өөрөө ч бас сурч эхэлж байгаа хэрэг. Өвлийн отрынхонтой ханан дугуйд хоносон үе санаанаас гардаггүй юм. Гал түлэхэд нүүр түлчих гээд, араасаа харин хөлдчих гээд байдаг. Зүүн талдаа зуух тавиад яндан гаргахдаа галын аюулгүй байдлаа бодоод том онгорхой хийдэг.

Тийм хүйтэнд зураг авахаар нүдний шил цантаж, хацраа хайруулахаас эхлээд бэрхшээл их бий" хэмээн ярих эрхмийг Пүрэвийн Баттулга гэдэг. Түүний хувьд 100 мянга гаруй километрийг туулж, малчидтай хамт нүүдэл хийн, монгол ахуй, угсаатны онцлогийг гэрэл зургийн дурандаа буулгаж, дүрс бичлэгийн архив бүрдүүлж буй хүн юм. 

Шараа тэргэнд хөллөөд, тэмээгээр алсын аян жин тээх нүүдэлчдийн цуваа өнөө цагт үргэлжилсээр. Монголоос өөр газар харах боломжгүй өв соёлыг тал нутгийн зарим нүүдэлчин тээсээр үлдсэн. Гэрэл зурагчин П.Баттулгын санаачилсан монгол угсаатны өв соёлын "Эгэл" төсөл ч мөн нүүдэлчдийн тухай. 

Бид түүнийг Чингис хааны музейд "Нүүдлийн ай" гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэх үед нь уулзаж, ярилцсан юм. 


"Оторчид өглөө болгон малаа тоолдог. Айлын мал хамаад явчих вий гэж тэр шүү дээ"

зураг
 
Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

-Нүүдэлчдийн амьдралын хэв шинж, онцлогийг судлах ажилд яагаад татагдах болсон талаар ярилцлагаа эхлэх үү?

-Хуучин төрийн төв хэвлэл байсан Ардын эрх сонинд 1995 оноос анх гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн. Хэдийгээр хотод төрж өссөн боловч малын зах жаахан гадарлана. Яг хөдөөгийн хүн шиг сайн мэднэ гэж хэлж чадахгүй. Монголчуудын ахуй амьдрал, буйдхан хөдөөгийн аж төрөх ёс, зан үйл болох, болохгүйн тухай ойлголт надад арай илүү ойр байсан. 

"Эгэл" төслөө 2019 онд санаачилснаас хойш нүүдлийн чиглэлээр дагнаж ажиллах болсон. Гэрэл зурагчин байхын тулд аливаа зүйлийг үзэж судлах хэрэгтэй. Миний хувьд эхэн үедээ угсаатны судлаач залуучуудтай хамтарч ажилласан. Машинд суугаад хаана ч юм бэ ямар нэгэн нүүдэл дээр очоод, хэдэн зураг дараад буцах нэг хэрэг. Нүүдэлчдийн мөн чанар нарийн ухааныг олж танихын тулд нэг байтугай олон удаа очмоор юм байна гэдгийг таван жилийн хугацаанд ойлгосон. 

Өвлийн отрын зураг дарахын тулд Завханы Их-Уул сумын айлууд руу 20 гаруй удаа очсон байна. Очих болгондоо шинэ зүйл олж харж, шинэ зураг дарахыг хичээдэг. Өөр аймаг сумын нутагт очоод яаж өвөлждөг, хавар малын хээл хүндэрсэн үед малчид нь ядарч, мал нь турсан үед хэрхэн нутаг буцдаг, нутагтаа малаа яаж төллүүлдэг, зун яаж амардаг вэ гэдгийг нь үзмээр байсан юм. 

-Өвлийн отор гэж та ярилаа. Ид хүйтэнд гадаа хэсэг гарахад л ямар хүнд байдаг билээ. Гэтэл хөрсөн дээрээ -50 градус руу дөхөж хүйтэрдэг нутагт отор хийнэ гэдэг маш их тэвчээр шаардах болов уу?

-Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн улсын аварга малчин Б.Мөнхбатынд би их олон очиж байна. Энэ хүн 35 дахь отор хийж байгаа. Их-Уул сум давчуухан бас маш их цас унана. Цас бага уналаа гэхэд нутагтаа малаа өвөлжүүлчихвэл хавар малд нь идэх өвсгүй болно. Тиймээс зудтай, өнтэй байсан ч оторт явна. Өөр арга байхгүй. Энэ бол яг уламжлалт отор. Аргагүйн эрхэнд портер машин дээр гэрээ ачаад нүүж байгаа хүмүүс бий. 

Миний очсон отрууд бол үхэр шараа хөллөөд, эхний хоёр тэргэнд ханан дугуй боорцог идэж уух зүйлээ ачаад, нүүдлийн замдаа ханан дугуй гэж гэрээ хагасалж барьдаг. Таван тэрэг хөдөлсөн байлаа гэхэд бүгдийг нь буулгах шаардлагагүй.

зураг
 
Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

Оторчид нүүдлийн замд өглөө болгон малаа тоолно. Малаа хоргодож, алга болсон байх вий гэхээс илүү нутгийн айлын малыг хамаад явчих вий гэсэн болгоомжлол байдаг. Малч ухаан, хүнд буруу санахгүй байж ажил үйлс нь бүтдэг гэдэг агуулга эндээс харагдана. 

Сарлагийнхаа арьсаар адсага хийгээд дэвсдэг. Өөрсдөө түүнийгээ гоёод хивс шиг гоё болгосон байдаг. Барав гээд бага үхрийн ширийг туламлаж өвчиж байгаад хийсэн арьсан авдартаа дээл хувцсаа хийдэг. Нүүгээгүй үед эвхэгддэг ширэн авдар юм. Тэд ингэж өв соёлоо тээн, ачаандаа хамт даруулан нүүдэг.

Мал, ердийн хөсөг хоёрын хурд таардаг

Малчин болгон отор хийж чадахгүй. Отор улам алсраад байна. Малчин айлын хүүхдүүдээс аавынх нь чадал барагдахаар та хэд отор хийх үү гэж асуухаар үгүй гэдэг. Миний харж буйгаар уламжлалт отор 10-15 жилийн дараа устах магадлалтай. Ердийн хөсгийн энэ олон нүүдэл улам л байхгүй болох гээд байна. Тиймээс би судлаач, оюутнууд, ирээдүй хойч үедээ өв үлдээе гэж бодсон. Нүүдлийн талаар ном товхимол, дата сан үлдээе гэж бодож байгаа. 

зураг
 
Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

Мал, ердийн хөсөг хоёрын хурд таардаг. Малаа туух, үхэр тэргээ хөтлөөд хамт алхах хурд хоёр яг адилхан. Машин дээр гэрээ аччихаар мал туусан хүн нь гүйцэх гээд турдаг. Мэдээж хэрэг техник мал хоёрын хурд тэнцэхгүй шүү дээ. Ердийн хөсгийн давуу тал нь малыг нүүдлээр тарга тэвээрэг алдуулахгүй байхад хамгийн сайн зохицдог. 

Таван үхэр хөтлөөд явахад гарын шар гэж бий. Уяагаа орхиод хүнтэй уулзаад эргэхэд хөдлөхгүй хөсгөө бариад зогсох үүрэгтэй шар юм. Хоёр дахь шар нь хүч тамир сайн байх ёстой. Арынх нь үхэр сөхрөөд унахад түүнийг ухасхийтэл татаад босгодог байх учиртай. Тэргэнд хөллөсөн шар болгон өөрийн үүрэгтэй. 

"Аавууд нь оторт явах дөхөхөөр хүүхдүүд уйлна, хамт явна гэж гомдоллож дагаад эцэст нь хоцордог"

зураг
 
Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

-Оторт явсан айлын эхнэрүүд нөхрөөсөө, хүүхдүүд нь ааваасаа олон сар хол байх нь хэцүү санагдлаа?

-Оторчид яг одоо ид нүүж байна. Арваннэгдүгээр 10-20-д гарах үед отор хийхээр нүүдэг. Айлын гэрийн эзэд нэг гал болоод хамтдаа оторт явдаг. Нэг талдаа 300 километрийг 10-15 хоногт туулж ердийн хөсгөөр нүүдэг. Ингэж нүүж очоод, 3-4 сар амьдарч малаа онд оруулаад буцаад нүүхээр л явж байгаа юм. Хүүхдээ оторт авч явах тухай ойлголт байхгүй. 

Аавууд нь оторт явах дөхөхөөр хүүхдүүд уйлна, тийчилнэ, хамт явна гэж гомдоллож дагаад эцэст нь хоцордог. Тэнгэр, цас, малынхаа байдлаас шалтгаалж оторчид нутагтаа буцаж ирнэ. Болж өгвөл мал төллөхөөс өмнө нутагтаа очоод дулаан хашаа саравчиндаа малаа төллүүлэхээ боддог. Үнэхээр цас дараад буцах боломжгүй болбол өвөлжсөн газраа малаа төллүүлээд буцахаас өөр аргагүй. 

зураг
 
Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

-Монголууд нүүхдээ дандаа буйраа цэвэрлэдэг, нүүж байгаа тулдаа нутагтай байдаг гэж та зургийн тайлбартаа бичсэн нь анхаарал татлаа?

-Миний бодол санаа л Л.Түдэв гуайн үгэнд зангилагдсан. Л.Түдэв гуай хол нутагла, тарж нүү, ингэж байж нутагтай байна гэж хэлсэн. Нэг дороо шавбал суурин соёл иргэншилд шилжиж, газар нутаг нь халцгай болно. Тарж нутагласан болохоор монгол орон харьцангуй уудам дэлгэр нутагтай байгаа юм. 

Минимал хэв маяг нүүдэлчдэд бий. Тэдэнд илүү юм байхгүй, дутуу ч зүйлгүй. Чигчий хурууны чинээ голоороо нарийхан ховилтой модыг малчид хаяхгүй ачаад нүүдэг. Гутлынхаа улыг ханзарвал шөрмөс мяндсаа тухайн модонд татаж чангалдаг. Гэрт нь хэн нэгэн халуурлаа гэхэд эмийн ургамлаараа эмчилнэ. Архи уумаар санагдвал тогоогоо нэрээд ууна. 

Хавар болоод цас хайлмагтахаар монгол гутлын ул салж унах тохиолдол бий. Гэтэл нэг залуу оторчин салж унасан гутлаа ачааны нэмэр гээд ачиж нүүгээгүй. Буцахад мал ядарсан байх учраас малаа хайрлаж байгаа ухаан юм. 

"Хананы толгой дахь малгайтайгаа амар байна уу гэж золгоод малдаа гарах жилийг алийг тэр гэх вэ"

зураг
 
Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

-Хархираа Түргэний уулс, Их монгол элс гээд нутгийн хойноос урагш, зүүнээс баруун зүгт та хүрч ажиллажээ. Энэ олон нүүдлээс таны сэтгэлд хамгийн тод үлдсэн нь аль нь вэ?

-Зундаа 100 орчим айл Увс аймгийн Ховд сум болон бусад газраас өндөр уулын хөтөл давж зусдаг. 3,000 гаруй метр өндөр Хархираа, Түргэний уулсын дунд олон нуурын зуслан гэж газар бий. Намар болохоор тал руугаа нүүдэг. Тэд яагаад уулын орой руу зүтгээд байна вэ гэвэл сэрүүхэн байдагтай холбоотой. 

Олон удаа очсон болохоор өвлийн оторт дуртай. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Монгол Улсын гавьяат малчин Дашцэвэг гэж хүн бий. Энэ хүн 50 тэмээн тэрэг хадгалсан байна. Тэмээн тэрэг гэдэг нь зүгээр л нэг чингэлэг байдаггүй. Дотроо бараг зургаан төрөл бий. Мөхлөг гэдэг нь Монголын нууц товчоонд гардаг, дотор нь хүүхэд, настнуудаа суулгаад өвөл нүүж болдог тэрэг юм. Мөн бараа ачаагаа хийдэг чингэлэг гэдэг тэрэг бий. Хашлагатай, аргалын, усны зэрэг олон тэмээн тэрэг байдаг. Энэ бүх тэргийг хадгалаад одоог хүртэл машинаар огт нүүж үзээгүй хүн байгаа юм. 

Маргааш өглөө нүүнэ гэхэд тэмээгээ ойртуулж яваа зураг нь талын монгол айл тайван амгалан гэдгийг харуулах шиг болдог. Ийм гоё зүйлийг үзчихээд догдлохгүй, хүмүүстэй хуваалцахгүй байх аргагүй. Шинийн нэгний өглөө малгайгаа авч хананы толгойд өлгөчхөөд малгайтайгаа амар байна уу гэж золгоод малдаа гарах жилийг алийг тэр гэх вэ гэж оторчид ярьдаг. 

-12 давхар байшинтай тэнцүү шахуу элсэн манхнуудын онь, хөтлийг олж, тэмээгээрээ нүүдэг талаар та ярьсан байсан. Өндөр уул, элсэн манхны нүүдлийн ялгаа нь юундаа байна вэ?

-Өндөр уул, элсэн манхны тухайд мал аж ахуйн соёл нь өөр. Харахад л бүгд тэмээн нуруу аччихсан мэт боловч дом, зан үйл гээд бүх зүйл нь өөр. Тэмээгээ хомнох зэрэг нь зарчмын хувьд ойролцоо. Дархдууд гэхэд ихэвчлэн нуруу шарын нүүдэл хийдэг. Энэ нь үхрийн нуруунд ачаа аччихаад хооронд нь холбохгүйгээр мал дундаа тууж нүүдэг. 12 давхар байшинтай тэнцүү шахуу элсэн манхнуудыг давж нүүсээр байгаа юм. 

Отрын олзыг төлөөр нь хэмжинэ гэдэг

Энэ нь миний ойлгосноор модтой даваагаар давлаа гэхэд холбоотой хоёр үхэр модны хоёр талаар нь орохоос сэргийлж буй хэлбэр. Аюулгүй байдал талаасаа ингэж нүүдэг. Үхэр мал нь ч сурчихсан. 

Отрын олзыг төлөөр нь хэмжинэ гэдэг. Оторт явж байж төлөө бүрэн авна. Дархдууд эртний өв ихтэй ард түмэн. Цаатнууд бол цаагаараа нүүдэг. Хэн юутай байна түүгээрээ нүүдэг нь хамгийн энгийн ойлголт. 

300 километр урт, Говь-Алтай, Завхан, Ховд гурван аймгийн нутаг дамнасан монгол элс гэж том элсэн далай бий. Тухайн нутгийн малчид өвлийн их хүйтэнд элсэндээ орж өвөлждөг. Цулгуй элсэн дунд нь мал нь юу идэх юм бэ гэж хүнд бодогдож мэднэ. Гэвч тэр дунд зөндөө ургамал бий. Жишээлбэл шаваг гээд ургаж байхдаа малын хоол, хатаад хагдрахаараа түлш болчихдог ургамал байна. Замд явж байхдаа шавгийг хооронд нь барьцалдуулж ачихад бэлэн байдлаар бэлдсэн байдаг. Элсэн дунд байгаа мал алсаасаа дулаан байдаг. 

Ердийн хөсгийн нэг өдрийн нүүдэл дунджаар 20-25 километрийг туулдаг. Элсний нүүдэл уртаараа биш хөндлөн нүүж байгаа учраас нэг л хоног зарцуулдаг. 

Дундговь, Өмнөговь, Баянхонгорын урд тал руу тэмээн нүүдэл ховордож байна. Арагтай адил өөжин гэдэг зүйл байдаг. Дуу, шүлэгт өөжин бүүвэй гэж гардаг шүү дээ. Өөжин ховордож, ачдаг тэмээгүй болж байна. Тухайн нутгийн хүмүүс ердийн хөсгөөс холдоод байна. 

Харин өндөр уулын бэлд ердийн хөсгийн нүүдлүүд бий. Туулахад хэцүү бартаа саадтай зам харгуйтай элсэн манхан, өндөр уулын даваа хөтөл, машин явах боломжгүй замаар аргагүйн эрхэнд л ердийн хөсөг хэрэглэж байна. 

"Барууны боловсролтой хүнтэй өвлийн отрын сурвалжилгад явахад ийм амьдрал гэж юу байсан юм бэ гэсэн"

зураг
 
Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

-Хүн малгүй ядарсан хүмүүс хавартай золгодог юм байна. Малчидтай ойр ажилладаг хүний хувьд тухайн хүмүүс яаж хөдөлмөрлөдгийг хамгийн сайн гадарлах байх. Малын мах үнэтэй байна гэдэг тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Зуны дэлгэр цагт хөдөөгийн айлд очиж гурав хоног дайлуулаад, хонь гаргуулж, цагаан идээн дээр хэд хоночхоод малчид жаргаж байна, зүгээр сууж байгаад их мөнгө олдог гэж ярьж болохгүй. Энэ бол хамгийн өрөөсгөл ойлголт гэдгийг өөрөө хөдөө олон удаа явж байж ойлгосон. Салхи сөрж нүүгээд үзээсэй, ингэвэл малаа ямар их хөдөлмөрөөр онд оруулдаг вэ гэдгийг хагас хугас ойлгоно. Малын мах бүр ч илүү үнэтэй байгаасай гэж бодмоор байдаг. 

Барууны боловсролтой хүнтэй цуг өвлийн отрын сурвалжилгад явж байхад буцах замдаа ийм амьдрал гэж юу байсан юм бэ гэж ярьсан. Санаанд нь үнэхээр буухгүй байгаа юм. Эхнэр хүүхдээ олон сар хол хээрээр гэр хийж амьдарна гэдэг хэцүү. 

зураг
 
Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

Нэг бөндгөр түлээгээр дулаацахын тухай ойлголт байхгүй. Зөвхөн хоол, цайгаа л хийж иднэ. Хоносон хоолоо халааж идээд малдаа гарах үе олон бий. Уулын царам орой дээр хашаа саравч байхгүй. Нодлин жилийн арваннэгдүгээр сарын их хүйтнээр малаа тууж яваад нүүрээ бүтэн хөлдөөсөн хүнтэй ч таарч байлаа. Сурсандаа чаддагтаа отор хийж яваа баатрууд гэмээр хүмүүс. 

-Нүүдлийн тухай ярихаар цай идээгээ бариад нүүж яваа айлыг тосдог уламжлал санаанд орж байна?

-Монгол ахан дүүс байна даа гэсэн ойлголт бий. Айл саахалтынх нь хүмүүс нүүж байвал тэмээг нь хомнож, гэрийг нь ачилцаж, малыг нь тууж замд нь оруулж өгөх тус бол байнга байдаг. Үүнээс гадна нүүдэл тосох соёл байсаар байгаа. Хүүхдээ хөтлөөд нохойгоо дагуулаад, идээ ундаа бэлдээд нүүдэл тосдог дүр зураг одоог хүртэл байна. 

Гэвч ахуй соёл маань бас улам бүр бүдгэрсээр л байгаа. 70-аас дээш насны сайхан түүх яриад өгөх хүн ховор болж байна. Тухайн үеийн хүмүүсийн хүүхэд байхдаа үзсэн түүх домгийг бид авч үлдэж чадахгүй л бол улам л алсрах гээд байна. 

зураг
 
Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

-Өвөл цагт отор дагаж зураг авахад даарахаас эхлээд бэрхшээл их тохиолдох уу?

-Солонготын даваанд өмнөх жилийн гуравдугаар сарын 5-нд цасан шуурга болох үед дарсан зураг маань сая Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс зарласан уралдаанд тусгай байранд шалгарсан. Цасгүй хүйтэн гэдэг бол маш их хүйтэн. Аппаратаар хоёр, гуравхан кадр дараад л нүүр ам мэдээгүй болдог. Хэцүүг тоочвол алийг тэр гэх вэ. Гэхдээ буцаж ирээд зургуудаа засаж янзлах шиг кайф үгүй. 

Зураг дарах тухай ярьсных хувцаслах ёсонд бас өөрчлөлт орж байгаа. Биед хөнгөн, дулааныг нь бодоод төмөр замын, Оюу толгойнхны хувцсыг их өмсдөг болсон. Энэ хувцас нь монгол ахуйтай зурагт зохимжгүй учраас зураг дарахдаа учирладаг хэлдэг. Гоё ганган малгай, цагаан дээл ч битгий өмсөөрэй гэдэг /инээв/.

Торгууд маягийн нэг эрэгтэй зураг дарах гэсэн чинь саравчтай малгай өмсөөд зогсоод байсан. Тэгэхээр нь цагаан алчуур ч юм уу зүүж болох уу гэсэн зүүсэн байсан. Харин саахалт айлынх нь эхнэр аяганы алчуур толгойдоо зангидсаныг нь мэдсэн байсан. 

Элсэн манханд айлууд нүүгээд явахдаа сүүлчийн тэмээнд шон чирдэг. Энэ нь манайх ийм замаар ингэж нүүсэн шүү гэдэг тэмдэг юм. Түүнийг нь хараад дараагийн айл тэр замаар явах эсэхээ шийдэж болно. 

-Гэрэл зураг сонирхогч залуучуудад та өөрийн туршлагаас зөвлөгөө өгөхгүй юу?

-Дарсан зураг нь маш сайн байж болно. Гэхдээ түүндээ тохирсон тайлбарыг сайн хийж сурах нь чухал. Барууны сэтгүүлзүйд стори гэж нэрлэдэг. Тухайн зургийг хэзээ дарснаас гадна юу өгүүлж байгаа болон зураг дээр гарч чадаагүй тайлбараар илэрхийлэгдэх тохиолдол зөндөө бий. Түүхээ сайн хийж байвал тухайн зураг илүү амилж, хүнд хүрнэ. Түүнчлэн бие дааж нийтлэл ч болно. 

"Өв соёлтойгоо хамт малчдын тоо цөөрч, залуу залгамж халаа багасаж байгаад санаа зовнидог"

зураг
 
Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

-Малчидтай ойр байдаг хүний хувьд хааяа хөдөө явмаар хотод сэтгэлд тогтохгүй байх үе бий юу. Цаг агаарын мэдээг бас их чагнадаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Байнга цаг агаар харна. Нөгөө хэдийгээ яаж байгаа бол гэж бодно. Ямар сайн даа л манай эхнэр намайг өөрөө малчин хүн шиг л тогтож сууж чадахаа больчих юм гэдэг. 

Цас эрт унаад байдал хэцүү байгаа тул Хөвсгөл рүү нүүж байна гээд саяхан улсын аварга малчин Б.Мөнхбат гуай над руу ярьсан. Завханы Их-Уулаас Хөвсгөлийн Мөрөн хүртэл талдаа 300 километр. Отрын түрүүч нь Мөрөнгийн голыг гаталсан байна. 

Тухайн айлыг хэзээ нүүхийг судалж байж очдог. Түүнээс биш би очсоноор нүүдэл зохион байгуулна гэсэн үг биш. Хамгийн хэцүү хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг хүчээр нүүлгэж яагаад ч болохгүй. Хэдэн өдрийн ажлыг нь алдагдуулсан зүйл болно. Би өөрөө нүүдэлд тааруулж очих ёстой. Ингэж байж малчдад хүндэтгэлтэй хандана. 

-Өндөр уул, цас бороо, шавар шалбааг, даваа гүвээнээс эхлээд аяншиж ядартлаа холын нүүдэл хийх малчдад олон бэрхшээл тулгарах нь зайлшгүй. Энэ бүхнийг хамтдаа хуваалцаж яваа хүний хувьд малчдыг бид хэрхэн хайрлаж, ойлгох ёстой талаар юу хэлэх вэ? 

-Илүү тааваараа дураараа жаргалтай амьдарч байгаа малчид бий. Гэхдээ түрүүний хэлсэнчлэн зуны дэлгэр цагийг мөнхийн юм шиг санаад малчид гэж төрөөр бүх юмаа даалгаад суудаг хүмүүс гэж ойлгож болохгүй. Нүүдэл дунд яваад үзсэн хүнээс ийм үг гарахааргүй. 

Өв соёлтойгоо хамт малчдын тоо цөөрч, залуу залгамж халаа багасаж байгаад санаа зовнидог. Нэгэн цаг үеийн өөрчлөлтийг бид сөрөөд нэмэргүй. Гэхдээ ядаж энэ бүхнийг баримтжуулж үлдэх нь миний үүрэг юм. 

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд уран бүтээлийн өдөр амжилт хүсье. 

-Баярлалаа.