Зураг
Зураг
Индэр    
2023 оны 9 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч

80 градус хүртэл халдаг элсэрхэг хөрсөнд 1.1 сая мод ургуулсан мэргэжилтний амжилттай мод тарих талаар өгч буй ЗУРГААН ЗӨВЛӨГӨӨ

зураг
 

Тайванийн далайн эрэг дагуу зуны улиралд 80 градус хүртэл халдаг, өвөлдөө хүчтэй салхи салхилдаг элсэрхэг хөрсөнд 1.1 сая гаруй модыг амжилттай тарьжээ. Тус улсын Ци Шинь сангийнхан далайн эрэг дагуу элсэн дээр болон ууланд мод амжилттай тарьж ургуулахын зэрэгцээ тариалангийн талбайг дахин сэргээсэн байна. 

Энэхүү багийн гишүүн Тайванийн Ци Шинь сангийн захирал Чэн Ли И хэмээх эмэгтэйг Монголд түр хугацаанд ирээд байхад нь уулзсан юм. Түүний хувьд биологи, байгаль орчны мэргэжлээр АНУ-д суралцаж төгссөн. Европын оронд хүлээн зөвшөөрөгдсөн модны эмчийн зэрэгтэй. Тайваньд нийт найман жил мод тарьж буй туршлагатай.

Хэрхэн амжилттай мод тарьж ургуулах талаар Чэн Ли Итэй ярилцлаа. 

Тайванийн Ци Шинь сангийнхан Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд энэ жил мод тарьжээ. Тус аймгийн хувьд газрын өнгөн хөрсний хэм нь Тайваньтай ойролцоо. Дээрээс нь өвс ургамал багатай. Ийм нөхцөлд мод усалгааны эко хувин ашиглан мод тарихад хоёр сар гаруй хугацаанд амьдрах чадвар нь 100 хувьтай байгаа аж. 

Хамгийн сүүлд найман литр усаар дүүргэхэд 21-30 хоног чийгээ барьдаг, дахин боловсруулсан цаасаар үйлдвэрлэсэн эко хувинг ашиглан Төв аймагт мод тарьжээ. 

"Модны эргэн тойронд байгаа зэрлэг ургамлыг зулгаах хэрэггүй"

Тайваньд найман жил мод тарихдаа олон сорилттой тулгарч байжээ. Энэ бүхэн дээрээ үндэслэж, мод тарихад анхаарах ёстой зүйлийн талаар Чэн Ли И захирал дараах зөвлөгөөг өглөө. 

  1. Мод тарих орчноо заавал хашаалах хэрэгтэй. Хашаа хийхгүйгээр мод таривал амжилттай ургахгүй. 
  2. Говийн нөхцөлд шуудуу ухаж мод тарих нь зүйтэй. Ингэснээр борооны усыг шуудуундаа хуримтлуулах боломж бүрдэнэ.
  3. Бороо орж байх үед мод таривал амьдрах чадвар нь илүү нэмэгддэг. 
  4. Хур тунадасны хэмжээний өнгөрсөн хугацааны түүхийг мэдэх нь мод тарьж ургуулахад чухал ач холбогдолтой. 
  5. Нэг төрлийн модыг нэг дор тарьдаггүй. Нэг төрөл зүйлээс бүрдсэн ой галд шатах, хортон шавжид өртөх нь амархан байдаг.
  6. Модны эргэн тойронд байгаа өвс ургамлыг зулгаах хэрэггүй. Хэрвээ модны суулгацаас өндөр түвшинд очоод нарыг нь хаагаад байвал өвс ургамлыг тайрна. Түүнээс биш үндсээр нь сугалдаггүй

Түүнчлэн тэрбээр "Тухайн модны тогоон доторх чийгийг нь зэрлэг ургамал хадгалж байдаг. Гэтэл Монголд эдгээр өвс ургамлыг түүх хандлага их ажиглагддаг. Энэ нь буруу зүйл юм. 

Модыг дагаад өвс ургамал ургаж байдаг. Жишээлбэл Баянхонгорт очоод шороо, чулуутай хөрсөнд мод тарьсны дараа эргэн тойронд нь зөндөө олон ургамал ургачихсан байсан. Цөлжилтийг бууруулж ногоон байгууламжтай болох гэж байгаа бол зэрлэг ургамлыг бас давхар ургуулах нь зөв юм шүү. 

Монголд жил бүрийн тавдугаар сарын сүүлээр шууд үндэстэйгээр нь авчраад суулгадаг аргыг хэрэглэж байна. Гэтэл Монголын борооны улирал нь миний ажигласнаар долдугаар сар. Борогтой модыг олноор бэлтгэж гаргаад, зургаа, долдугаар сарыг сонговол олон модыг борооны улиралд амжилттай тарьж чадна" хэмээв. 

"Тайваньд хүйтэнд тэсвэртэй модыг сонгож борооны улиралд тарьдаг"

Тайваньд хүйтэнд тэсвэртэй модыг сонгож борооны улирлаар тарьдаг байна. Энэ тухайд "Монголд ч гэсэн энэхүү арга барилаар ажиллаж, бортоготой модоо борооныхоо улиралд таривал илүү давуу талтай. Монголд налуу, хотгор ,голын ай сав дагуу газруудаар мод нь ихэвчлэн бага харагдаад байгаа. Модыг илүү ихээр тарих ёстой, хамгийн амархан ургах боломжтой хэсэг нь голын ай сав газар. Уулын хавцал, налуу газарт мод таривал хур тунадсаа газартаа шингээж бариад, чийг сайн өгдөг. 

Миний анзаарснаар Монголд ойролцоогоор нэг өдрийн хур тунадасны хэмжээ 20 мм байхад үерийн аюул нүүрлэж байна. Түрүүний хэлсэн өндөрлөг, хотгор, налуу газартаа модыг ихээр таривал хур тунадсаа хөрсөндөө шингээж аажимдаа гол руугаа цутгана. Тэгэхээр үерийн аюул багасна. 

Монголд хур тунадасны талаарх мэдээлэл нь олон нийтэд нээлттэй биш. Жишээлбэл цаг уурын байгууллагаас энэхүү мэдээллийг заавал худалдаж авдаг. Хэрвээ Засгийн газар мод тарих хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж буй бол энэ чиглэлийн мэдээллээ нээлттэй болгох нь мод тарьж буй хүмүүст илүү тус дэмтэй байх гэж бодож байна. 

Тайваньд борооны улирал нь бүс нутгуудад өөр өөр байдаг. Энэ хугацааг нь яаж мэдэх вэ гэвэл өнгөрсөн хур тунадасны хэмжээг нь харж байж тухайн нутагт хэзээ борооны улирал болдгийг мэднэ. Тухайн газартаа яг борооны улирлынх нь хугацаанд модоо тарьдаг. Ингэснээр маш их зардлыг хэмнэх боломжтой" гэдгийг онцолж байлаа. 

"Хаана ч мод тарьсан тухайн газрынхаа онцлогт тохирсон мод тарих хэрэгтэй"

Мод тарихад галын зурвас, хортон шавжийн асуудлыг шийдэх ёстой талаар Чэн Ли И захирал дурдаад "Монголд их хэмжээний талбайд мод тарьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ мод тарихад хоёр асуудал гарч ирдэг. Эхнийх нь галын зурвас. Дараагийнх нь модоо хортон шавжаас хамгаалах тухай асуудал бий. Бид сая замдаа ирж байхдаа харахад мод тарьж буй нэг газар галын зурвас хийсэн байсан. 

Модоо олон төрөл зүйлээр нь тарьснаар энэхүү аюулаас хамгаалах боломжтой. Жишээлбэл нэг төрлийн шинэсэн ой байлаа гэхэд олон төрлийн мод тарьж байж шинэс нь шавжид идэгдлээ гэхэд бусад мод нь хамгаалж үлдэх байдлаар тохируулах хэрэгтэй. 

Тайвань дахь манай сан бас Монголтой адилхан нэг тэрбум мод тарих зорилготой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарласан хөтөлбөртэй бидний зорилго нийлж байгаа учраас Монголд ирж мод тарьж байгаа" гэв. 

Ци Шинь сангийн хувьд дангаараа нэг тэрбум мод тарих боломжгүй учраас өөрсдийн туршлага, технологио хуваалцаад байгаль дэлхийг унаган төрхөд нь аваачихаар зорьж ажиллаж байна. Тэд Монголд ирж мод тариад, өөрсдийн туршлага технологио хуваалцаж байгаа ч гэсэн монгол хүмүүстэй хамтарч мод тарих аж. 

Тухайн бүсэд тохирохгүй мод тарьснаар амархан өвчилж, хортон шавжид өртдөг

Үргэлжлүүлэн тэрбээр "Мод тарьж, Монгол сайхан газар нутгаа унаган төрхөөр нь авч үлдээсэй гэж хүсэж байна. Бид далайн эргийн уур амьсгалд тохирсон, салхи, халуун, давсанд тэсвэртэй модыг Тайваньд тарьдаг. Амжилтгүй ургах, галт шатах, хортон шавжид өртөхөөс сэргийлж олон төрөл зүйлийн мод тарьдаг. Хаана ч мод тарьсан тухайн газрынхаа онцлогт тохирсон мод тарих хэрэгтэй.

Тухайн бүсэд тохирохгүй мод тарьснаар амархан өвчилж, хортон шавжид өртдөг. 

Жишээлбэл Монгол ургаж буй чацарганыг Тайваньд тарина гэвэл байнгын бороо ордог чацарганад тохиромжгүй бүс нутаг учраас сайн ургахгүй. 

Хортон шавжтай хэрхэн тэмцэх талаар "Модыг олон төрөл зүйлээр тарих нь сайн арга. Мөн бид мод тарихдаа ашигтай бактери ашигладаг. Энэхүү ашигтай бактерийг үйлдвэрлэх процессыг Монголд эхлүүлэхээр зорьж байгаа. 

Том хэмжээний талбайг ойжуулж байгаа нөхцөлд тухайн бүсэд тохирсон мод тарих нь чухал. Эрүүл суулгац сонгож тарих хэрэгтэй" хэмээв.