Зураг
Зураг
Индэр    
2023 оны 8 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч

Х.Энхбилиг: 500 төгрөгийн тэжээл бэлтгэн, хонь бордож байна. Үхрээс илүү хонь тэжээх нь ашигтай

Зураг
Enkhbilig Ebii хуудсаас авав

Германд долоон жил суралцаж төгссөн залуу гэр бүлийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр суманд аж ахуй эрхлэн мөрөөдлийн амьдралаа бүтээж байна. 

Тахиа, гахай тэжээн, талх, бялуу хийж, хүнсний ногоо тарихын зэрэгцээ хонины аж ахуй эрхэлдэг хөдөлмөрч энэ гэр бүлийн эзнийг Х.Энхбилиг гэдэг. Нийгмийн ажилтан, сэтгэл судлалын чиглэлээр Герман улсад суралцсан түүний хувьд Улаанбаатарын амьдрал утгагүй санагдаж, Хутаг-Өндөр сумыг гэр бүлээрээ зорин очиж төвхнөөд гурван жил болж байна.

Тэрбээр унаган хотынх. Аав, ээж нь социологи, философийн хүрээлэнд ажиллаж байсан судлаач хүмүүс. Х.Энхбилигийн аж ахуй эрхлэх сонирхол, хөдөө амьдрах хүсэл зорилго нь түүнийг Хутаг-Өндөрийн иргэн, жаргалтай малчин болгосон. Тэднийх өрхийн аж ахуйн хажуугаар хашаандаа мод тарьж эхэлжээ. 

Та яаж энэ олон ажлыг зэрэг амжуулдаг юм бэ гэхэд "Бүгдийг эхнээс нь суралцаж байгаа болохоор гуравдугаар ангийн хүүхэд л гэсэн үг /инээв/. Түлээ хагалсан ч гэсэн хөдөөгийн хүмүүсийг гүйцэхгүй. Эндэхийн хүмүүсээс алхам тутамдаа суралцаж байгаа" хэмээв. 

Аж ахуй эрхлэхэд юун дээр анхаарах, орон нутагт бизнесийн ямар шинэ загвар бий болгож болох талаар бид ярилцлаа.


-Сайн байна уу? Анх хөдөө очиж амьдрахад хэцүү зүйл байсан уу? 

-Хөдөөг анх зорихдоо л маш сайн судалсан. Өөрөө хөдөө амьдрах сонирхолтой байсан учраас хэцүү санагдаагүй. Ер нь хаана ч амьдарсан хамгийн хэцүү зүйл хүмүүс шүү дээ. Мэдээж хэрэг зарим хүнтэй харилцахад хүндрэлтэй байсан. Байгаль цаг уур хүнд үедээ хүнд шүү дээ.

Амьдрахыг хүссэн газраа очсон, сэтгэл хөдлөл өндөр байсан болохоор тэр болгоныг тоохгүй л даваад гарсан. Мал аж ахуй ч бас амар ажил биш. Гэхдээ дуртай ажлаа хийж байгаа болохоор эрч хүч цаанаасаа л ундраад байдаг. 

"Үхэрт нэг килограмм тэжээл өгөхөд өдөрт 100 грамм амьдын жин нэмдэг бол хонины хувьд 200 грамм"

зураг
 

-Олон ажил зэрэг амжуулдаг юм байна. Эхлээд хонийг хэрхэн бордож байгаа талаар нь ярилцах уу? 500 төгрөгийн үнэтэй тэжээл таныг өөрөө бэлтгэсэн гэж сонссон юм? 

-Улаанбуудай, халтар арвай, рапсын үр, ясны гурил гэсэн дөрвөн орцыг буталж тээрэмдээд, хувь хэмжээг нь тааруулдаг. Мал болгоны идэх тэжээл орц хэмжээ нь өөр өөр байдаг. Түүнд нь тааруулаад л өгч байгаа гэсэн үг. 

Одоогоор гахай, шувуугаа энэхүү тэжээлээр тэжээж байна. Хонь, үхэр ч тэжээж болно. Энэ тэжээлд Улаанбаатарт байдаг, элбэг олддог орцууд орж байгаа. Эрдэнэшиш, шар буурцаг зэрэг нь Монголд элбэг олдохгүй. Тэгэхээр нь орлуулж хийж үзэж байгаа юм. Нэг килограмм тэжээл 500 төгрөгийн өртөгтэй. Яагаад ийм хямдхан байна вэ гэвэл тэжээлийн гол орц болох улаанбуудайг нэг килограммыг нь 400 төгрөгөөр худалдаж авч байна. Бусад нь килограмм нь 500-700 төгрөгийн үнэтэй ч тэжээлд орох орцны хувь нь бага. 

Үйлдвэрүүдийн тэжээл мэдээж хэрэг чанартай. Гэвч килограмм нь үнэтэй. Үнэтэй тэжээлээр мал бордвол махнаасаа илүү зардал гарна шүү дээ. Тиймээс гар доорх материал ашиглаж, арай төсөр үнэтэй тэжээл найруулж, түүгээрээ малаа бордож байна. Интернэтэд мал аж ахуй, мал бордохтой холбоотой олон төрлийн мэдээлэл бий. Германы вэб сайтуудад энэ төрлийн мэдээлэл бас элбэг байдаг. Англи хэлтэй л бол хүссэн мэдээллээ авах боломжтой. 

Хонийг ямар тэжээлээр ямар хэмжээтэй тэжээвэл өдөрт хэдэн килограмм нэмэх талаар тооцоолол нь ч байдаг. 

-Ер нь хонь, үхрийн алийг нь тэжээвэл илүү ашигтай вэ?

-Таван хошуу малаас тэжээлийг биедээ хамгийн сайн боловсруулж, махалдаг нь хонь юм. Үхэрт тэжээл өгөхөд амьдын жин нь 100 граммаар нэмэгддэг бол хониных 200 граммаар ихэсдэг. Яг адилхан тэжээл өгч байгаа тохиолдолд шүү дээ. Хонь тэжээх нь үхэр тэжээснээс илүү ашигтай гэж хэлмээр байна. 

Илүү их тэжээл идээд бага таргалдаг учраас үхрийн мах үнэтэй байдаг. Хонь бага тэжээл идээд үхрээс илүү таргалдаг учраас арай хямдхан. Гахай, шувууны мах дэлхийн зах зээл дээр хямдхан байдаг нь бага тэжээл идээд их таргалдагтай холбоотой. Амьтан тэжээж үзэж, туршилт хийж байж хүмүүс өөрсдөө олж мэдэх байх. 

Миний хувьд хонь, хурга гээд аль алийг нь бордож байна. Жиндээ хүрээгүйг нь тэжээдэг. Хамгийн дээд тал нь малыг 100 хоног л борддог. Тэжээх малаа сонгоно. Туранхай эцэнхий малыг бордож болохгүй шүү дээ. Тарга хүчээ аваад тогтчихсон малыг борддог. Гулуузны жин 20 килограмм, амьдын жин нь 50 килограммд хүрчих юм бол зах зээлд нийлүүлж болно. Энэ нь тухайн хониноос шалтгаална. 30 хоног тэжээхэд амьдын жин нь 50 килограммд хүрчихдэг хонь ч бий. Зарим нь 90 хонож байж тухайн жинд хүрдэг. 

"Хурга бордоход тохиромжтой үе нь арваннэгдүгээр сарын эхээр байдаг"

зураг
 
Enkhbilig Ebii хуудсаас авав

-Хурга тэжээхэд юун дээр голлон анхаарах ёстой бол?

-Хургийг өөрийг нь тэжээхээс илүү эх хонийг нь тэжээх нь чухал. Эх хонь нь сүүтэй, тарга тэвээрэг сайтай байвал хурга нь сайн бойжно шүү дээ. Хавар хурганд бага зэргийг тэжээл өгөх ч бордооны маягаар биш. Хурга тэжээхэд тохиромжтой үе нь арваннэгдүгээр сарын эхээр юм. Сүүнээс өөр зүйл боловсруулах чадамжгүй ходоодтой хурганд улаанбуудай тээрэмдээд өгөөд байвал ходоод нь зангирна. 

Зарим үйлдвэрүүд хүмүүст буруу ойлголт төрүүлж, тэжээлээ борлуулах арга хэрэглээд байна. Бага багаар дасгаж тэжээнэ гэж байгаа ч зардлын нэмэр. Тэгээд ч эх хонь нь тарга тэвээрэг багатай байвал ямар ч сайн тэжээлээр тэжээгээд нэмэргүй. Өвс багасах үе буюу аравдугаар сарын дундуур үеэс эхлээд хурга бойжихоо больдог. Эх нь сүүгүй, өвсгүй болохоор шүдгүй хурганы жин нэмэгдэхээ болино гэсэн үг. Тэр цагаас нь хойш ээжээс нь ялгаад бордоно. Энэ үед хонь хээл авчихсан байх тул хамаагүй бордож бас болохгүй. 

Энэ жил 150 хурга бордож үзэхээр төлөвлөж байна. Жижиг өрхийн үйлдвэрлэл учраас хонь бордоод танилын хүрээндээ л борлуулдаг. 

-Тахиа тэжээдэг юм байна. Одоогоор хэдэн тахиатай болоод байна вэ?

-Оросын махны чиглэлийн тахиаг энэ жилээс үржүүлж байна. Манай суманд маш сайн тахиачин байдаг. Тэр хүнээс үржлийн өндөг авч бойжуулаад, үржүүлж байгаа. Энэ тахиа нь жилд 200 өндөг гаргадаг.

зураг
 
Enkhbilig Ebii хуудсаас авав

Тэгсэн мөртлөө хамгийн багадаа 2.5 килограмм мах гардаг импортын тахиа юм. Өмнөх жил арай ашиг шим багатай тахиа үржүүлж байсан. 60 орчим дэгдээхэй байгаа. Үржлийн 30 эм тахиатай болох гээд олон дэгдээхэй бойжуулж байна. Дэгдээхэйнүүдээс сонгож авна. 

Манайх талх барьж, бялуу хийдэг. Тиймээс тахианы өндгөө бялуу, талхандаа хэрэглэдэг. 30 тахианаас гарах өндөг бидний хийж буй бялууны хэрэгцээг хангаж байгаа. 

-Өрхийн үйлдвэрлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байгаа айл байна шүү дээ?

-Хөдөөгийн хүмүүсийн хотынхноос ялгарах нэг зүйл нь айл болгон бараг өрхийн үйлдвэрлэгч. Манайх захиалгаар бялуу, талх хийдэг. Долоо хоногт нэг бялуу хийх тохиолдол ч байна. Өдөр болгон хийхгүй.

Эхнэр бид хоёр органик хоол хүнс бусдад санал болгохоор хичээж байгаа

Бидний амьдарч байгаа газар сумын төв учраас талх, бялууг өдөр бүр хийхгүй. Тиймээс суманд хийдэггүй арай онцгой содон зүйл хийхээр оролдож байна. 

Эхнэр бид хоёр органик хоол хүнс бусдад санал болгохоор хичээж байгаа. Хөрөнгөний талхаа фермийн өндгөөр баяжуулж бэлдэх ч юм уу. Манай гэр бүл цахимаар ажил хийдэг. Тиймээс одоогоор гэр бүлийн орлогыг бидний ажил бүрдүүлж байна. 

"Гахай тэжээж мөнгө олох нь энгийн. Гэхдээ хүн хүчээ зөв тооцох хэрэгтэй"

-Танайх бас гахайны аж ахуйтай гэсэн. Энэ талаар сонирхож асуумаар байна. Гахай ер нь тэжээхэд ямар онцлогтой амьтан юм бэ?

-Одоогоор үржлийн гурван гахайтай. Сайжруулж байгаа. Олон болчихоор орчны бохирдол их үүсгэдэг. Тиймээс аль болох ашигтай хувилбараар нь тэжээхийг эрмэлзэж байна. Ажилдаа хэр суралцаж байгаа, хүн хүч хэр байна, тэжээл нөөцлөх чадамж, хашаа саравчны тохилог байдал зэргээс шалтгаалж гахайныхаа тоог олон болгох үгүйгээ шийдэх хэрэгтэй. Түүнээс биш гахай бол үржихэд тун амар амьтан. 

Ер нь бол 1,000 гахай ч тэжээж болно. Хамгийн гол нь ажлыг нь хүчрэх үү гэдэг л том асуудал. Гахайны баасыг зөөх зориулалтын машин техник байгаа юу? Эсвэл өдөр болгон баасыг нь хүрзээр хусаад хашааныхаа булан руу овоолоод, өмхий үнэртүүлээд байх юм уу? Ямар ч техникгүй хүн хүчгүй бол цөөхөн гахай, энэ бүх асуудлаа шийдсэн бол харин олныг тэжээж болно. 

Гахай тэжээж мөнгө олох асуудал нь энгийн. Нэг мэгж жилд нэг тонн мах үйлдвэрлэнэ гэсэн статистик тоо байдаг. Нэг тонн мах үйлдвэрлэхийн тулд 10 тонн тэжээл иддэг. Нэг тонн мах үйлдвэрлэж чадна гэдэг нь сайн чадвартай гахайчдын тухайд яригдах асуудал юм. Гахай нэг удаа төрөхдөө 10 тоорой бойжуулж чадсан тохиолдолд л дээрх тоо яригдана. Нэг тооройд 300 мянган төгрөгийн тэжээл зарцуулж, 500 орчим мянган төгрөгөөр худалдах боломжтой. Жилд нэг гахай хоёр удаа тоорой гаргадаг. 

-Тодорхой хугацаанд хөдөө амьдарч байгаа хүний зүгээс хэлэхэд орон нутагт хийгдээгүй ажил, хүмүүс орлогоо нэмэгдүүлэх ямар боломж харагдаж байна вэ?

-Шинэ соргог үйлчилгээ хөдөө маш ховор. Залуучууд хийх ямар нэгэн ажил энд байхгүй. Чөлөөт цагаа өнгөрүүлэх газар мөн алга байна. Хөдөө хүмүүсийн хамгийн их хийж байгаа зүйл нь хүнсний дэлгүүр, хөрөө рам ажиллуулж байна. Шоколадтай бялуу, гадилтай талхыг хөдөө хийдэггүй. Иймэрхүү зүйл хийхээр оролдож байна. 

Маш гоё тохилог хоолны газар хөдөө байхгүй. Аялаад сурчихсан хүмүүс тоодоггүй л байх. Хотоос авах боломжтой үйлчилгээг хөдөөгөөс авъя гэхээр хэцүү байдаг. Ариун цэврийн шаардлагыг хангаагүй ч юм уу. Гэтэл ихэнх хүмүүс үйлчилгээний соёлыг хараагүй учраас сүртэй юм бэ, ийм л байдаг шүү дээ гэж ханддаг. Өөрөөр хэлбэл хөдөө шинэчлэгдээгүй, хуучнаараа байна. Хөдөө байхгүй, Улаанбаатарт байдаг, тэр байтугай хотод ч байхгүй гадаад оронд бий болсон үйлчилгээг хөдөө бий болгож болно. Түргэн хоол, хүнс боловсруулах жижиг цех, үйлдвэрүүдийг хөдөө ашиглалтад оруулбал хөдөө хөгжинө. 

Хөдөөгийн хүмүүс харьцангуй санхүүгийн чадамжтай болчихсон. Гоё зүйл идэж, эдэлж хэрэглэмээр байдаг. Даан ч тэр нь байхгүй, зүгээр л уламжлалт зүйлс л байна. Тэднийх талх хийдэг, тэр айл гурил хэрчдэг гээд хүн болгон мэддэг болчихсон. Ингэхээр хэвшмэл амьдрал болоод байгаа юм. Хоол, хүнс үйлдвэрлэл, мал аж ахуйн холбогдолтой түүхий эд боловсруулах цех хөдөөд дутагдалтай байна.

"Хонь хариулж байгаа байдал, мал төхөөрөх зэргийг үзүүлэн байдлаар харуулдаг аяллын бүтээгдэхүүн байвал гоё"

зураг
 
Enkhbilig Ebii хуудсаас авав

-Та өөрөө хөдөө амьдрах сонирхолтой, мал аж ахуйд хоббитой гэж байсан. Тэгвэл мал аж ахуйд суурилсан ямар үйлчилгээ бий болгож болох бол?

-Жишээлбэл мал угаалгын болон хонь хяргадаг үйлчилгээ үзүүлж болно. Хүмүүс мал хариулахаас яагаад зугтаад байна вэ гэвэл хонь хяргах, угаах, туулгах, тарихаас халшраад байгаа юм. Энэ бүх ажил хүн хүч шаарддаг. Нэгэндээ тусалъя гэвч хүн болгон малтай учраас амжихгүй тохиолдол их бий. Энэ бүхэнд зориулсан үйлчилгээ нээж болно. Өөрөө мал маллах шаардлагагүй. Хонийг хяргаж, угаах үйлчилгээг нэг дор үзүүлбэл малчиндаа ч амар, үйлчилгээ үзүүлсэн хүндээ ч шинэ орлого шүү дээ. 

Мал амьтнаар дамжуулаад аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлж болно. Орон нутаг бол аялал жуулчлалын үндсэн бааз газар нь юм. Танай нутагт яваад очиход байгалиас өөр юу үзэж болох вэ? Мал аж ахуйг хэрхэн эрхэлж байгааг жуулчлалын нэг бүтээгдэхүүн болгох боломжтой санагддаг.

Хөдөөд орлогын эх үүсвэрийн олон боломж бий

Жишээлбэл, хонь хариулж байгаа байдал, мал төхөөрөх зэргийг үзүүлэн байдлаар харуулдаг аяллын бүтээгдэхүүн байвал гоё. Даан ч хаана ч байхгүй юм. Хөдөө заваан гэдэг ойлголт байдаг. Үүнийг эвдэж, маш цэвэрхэн, тухтай орчныг бий болгож чадсан үйлчилгээ байх ёстой. Хөдөөд орлогын эх үүсвэрийн олон боломж бий. 

Адуугаар дамжуулан сэтгэл засах үйлчилгээ гэж бий. Саяхан нэг хүн манайд ирээд "морь унах нь аутизмтай хүүхдүүдийн булчингийн хөгжилд нь нэмэр болдог" гэж ярьсан. Үүнийг зөвхөн хөдөө л хийж чадна. Одоо бол хөдөө явахад машинаар хэн хол зам туулах вэ? гэдэг уралдаан болж байна. Хүүхдэд ийм ашиг тустай гэдэг утгаар нь энэ төрлийн үйлчилгээ үзүүлж болно. 

Орон нутагт бизнес хийхээр шийдвэл хөдөө байгаа зүйлийг биш хотын стандартаар хийгээрэй гэж хэлмээр байна.

"Хөвсгөлийн Их-Уулын өвөөгийн барьсан талхыг идэх гэж хүмүүс аялж, дараалал үүсгэж байна"

-Сумууд өөрсдийн гэсэн брэндтэй болбол иргэдийн орлого ч тэр хэрээр сайжирна даа?

-Сум болгон өөрсдийн гэсэн брэндтэй болох ёстой. Жишээлбэл, Хөвсгөл рүү хүмүүс цаатны амьдрал, далай үзэхээр, Хутаг-Өндөр рүү үхрийн, хонины аж ахуйг сонирхох гэж ирж байна. Хонийг яаж бордож тэжээдгийг харахаар автобус дүүрэн хүмүүс ирж байна шүү дээ. Архангай руу цагаан идээ хэрхэн хийдгийг үзэх, худалдаж авах гэж, Баян-Өлгий рүү Алтай Таван Богдыг үзэх гэж очдог.

Булганы Тэшиг рүү талх, Хэнтийн Дадал сумыг зөвхөн цөцгий идэх гэж хүмүүс зорьж байна. Хөвсгөл аймгийн Их-Уул суманд ганцхан өвгөн талх барьдаг. Тэр талхны төлөө аялал хийж, дараалал үүсгэж байна. Үүнтэй адил танай сум руу ямар шалтгаанаар хүмүүс явах ёстой вэ гэдэгт л хариулт олох нь чухал. Үлгэр жишээ байдлаараа хүмүүсийн анхаарлыг татаж танигдах ёстой. Дээрх шалтгаанаар хүмүүс тухайн суманд очно. Очсон хойно нь санал болгох бүтээгдэхүүнүүд хажууд нь зөндөө байх ёстой. Нутагтаа очуулах зүйлийг л эхлээд хийх нь чухал. 

Хутаг-Өндөр суманд Баатарван сувилал байгаа болохоор хүмүүс их ирж байна. Сүүлийн үед саахарын рашаанд бас их ирж ордог. 

зураг
 
Enkhbilig Ebii хуудсаас авав

-Хутаг-Өндөр сумыг зорьж очоод, тэндээ суурьших хүмүүс хэр их байна?

-10 гаруй айл шинээр нүүж ирээд байгаа. Манай сум 5,500 орчим хүн амтай. Байгаль нь сайхан. Гэхдээ байгалийн сайханд нь болж хүмүүс нүүдэггүй юм байна лээ. Хутаг-Өндөр сум руу нүүж ирж байгаа хүмүүсийн хамгийн том шалтгаан нь өөрсдийг нь хамгаалах, аюулгүй байлгах боломжтой хамт олон юм. Энд аль хэдийн өмнө нь ирээд суурьшчихсан бусдадаа тусалдаг, хамт олонч хүмүүс байдаг. Тиймээс эдгээр хүн дээр тулгуурлаж хүмүүс шинээр нүүж ирсээр байна. 

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажил үйлс өрнүүн бүтэмжтэй байх болтугай. 

-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.