Индэр    
2023 оны 10 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч

Л.Лхагвасүрэн: Хөдөө 12 жил болохдоо учир зүггүй их хөрөнгө цуглуулж амьдраагүй. Сурсан зүйлээ Дорнодын талд шингээхийг зорьсон

Зураг

Орон нутгийн хөгжил, ногоон газар тариалан, эрчимжсэн хөдөө аж ахуйн чиглэлд "Зүлгэнсор Фарм"-ынхан сүүлийн 10 гаруй жилийн турш судалгаа хийн ажиллаж байна. 

Хөдөөгийн малчдын хувь хүний хөгжил болон насан туршийн боловсрол, хүүхдүүдийн суралцах орныг сайжруулах, мал аж ахуйн модуль хөгжүүлэлт, бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлыг тэд голчлон авч үздэг. Өөрөөр хэлбэл хөдөөг зөвхөн мал амьтнаас гадна хүн, байгальтай нь хамтад нь хөгжүүлэхээр зорин ажиллаж буй. 

Энэ талаар биологич, Экологич, Фермер, Зүлгэнсор ХХК, Зүүн хойд Азийн байгаль орчин, Хөдөө аж ахуйн судалгааны төвийн гүйцэтгэх захирал Л.Лхагвасүрэнтэй цөөн хором ярилцлаа. Түүний хувьд Дорнод аймгийн Баянтүмэн сумын дөрөвдүгээр багт амьдарч байна. 


"Хүн гэж юу вэ гэдгийг л ойлгохыг хичээлээ"

зураг
 
Зургийг Lhagvasuren Lhagva фэйсбүүк хуудсаас авч ашиглав

-Гадаадад олон жил ажиллаж амьдарсан хүн Дорнодын талд суурьшаад 10 гаруй жил болсон гэхээр сонирхол их татаж байна. Яагаад хөдөөг зорих болсон талаар ярилцлагаа эхлэх үү?

-Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны харьяа Ойн судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байлаа. Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Орчны бүсийн хөгжил" төсөлд таван жил зүтгэсэн. Мөн Дэлхийн байгаль хамгаалах санд ажиллаж байсан. Бид гэр бүлээрээ Америкт 14 ажиллаж амьдарсан. Хэд хоногоор, нэг, хоёр сараар гээд 30 гаруй улсад очиж үзсэн байна. 

Америкт тогоочоос эхлээд рестораны ерөнхий тогооч, барилгын компани байгуулаад захирлаар нь ч ажиллаж байлаа. Барилгын салбарт олон жил ажилласан. 

Хөдөө амьдраад 12 жил болоход хүн гэж юу вэ гэдгийг л ойлгохыг хичээлээ. Хүмүүс байгальтай болон хоорондоо хэрхэн харьцдаг, малаа адгуулахдаа өөрөө яаж хувирдаг, байгаль дэлхийдээ хүн нь яаж дасдаг вэ зэрэг дандаа хүн талаас нь мэдэхийг хичээсэн. Учир зүггүй их хөрөнгө буюу үхэр мал олноор нь цуглуулж амьдраагүй. Сурч мэдсэн зүйлээ Дорнодын талд шингээхийг хүссэн. 

Зүүн хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төв 2012 онд байгуулагдсан. Гэр бүлээрээ үр хүүхэдтэйгээ хамт судалгаа хийдэг байгууллага юм. 400 м.кв талбайтай, өвөл, зунгүй, 30 хүн хүлээн авах чадвартай, байнгын сургалт судалгааны ажил хийгддэг юм. 

Хүмүүс малын тухай л яриад байдаг. Малчин гээд ярихаар шууд утгаараа үхэр л асуудаг. Тэгэхээр малчин хүн заавал үхэртэй байх ёстой юу гэдэг асуултад хариулах хэрэгтэй болно.

Малчин гэхээр заавал үхэр хариулаад сууж байх ёстой хүн юм уу? Эрчимжсэн аж ахуй гэхээр бас заавал ч үгүй ямаа хөтөлдөг хүн байх уу? Гэтэл уг нь бол малынхаа тэжээлийг хаана ургуулах, ургуулдаг хүн нь ямар байх, удамшил зэрэг асуудлыг хөндөж хүн талаас нь ойлгохыг хичээж байна. Энэ талаар тайлбарлахаар зарим хүн тэнгэрийн юм ярилаа гээд бараг уурлах маягтай болдог. Яасан удаан ажилладаг юм ч гэдэг юм уу. 

"Гендээ байгаа төрмөл өгөгдөхүүнээ хөгжүүлбэл илүү их хэрэг болно"

-Ямар ажил эрхэлж амьдрах нь ерөнхийдөө удамшилтай холбоотой гэж та хэлэх гээд байна уу?

-Нэг хүний нас гэдэг чинь дөрвөн үеэ багтаадаг. Монголчууд бид ганцаараа амьдардаггүй. Хажууд чинь өвөө, эмээ, аав, ээж, үр хүүхэд чинь байгаа. Өвөө, аав, хүүхэд, өөрийнхөө насыг нэмэхээр дор хаяж 150 жил болно. Энэ хугацаанд дандаа өөрийн тань хажууд амьдарсан. Хөдөө амьдраад хийсэн ажил маань 12 жилийн дотор бүтээсэн зүйл биш. Миний 60 жил, хүүхдүүдийн маань 40 нас хүртлээ сурч мэдсэн зүйл энд шингэсэн. Эхнэрийн маань олон жилийн зүтгэл хөдөлмөр ч бас энд бий. 

Өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ үр хойчдоо дамжуулж үлдээснээ өөрөө үзнэ гэдэг дээдийн хувь заяа

Аав, ээж чинь амьд сэрүүн байж байхад тэдний хийсэн бүтээсэн бүхэн чамд өвлөгдөж ирснийг харах боломжтой. Нүүдэлчний соёл иргэншил гэсэн мөртлөө өөр аймгийн хүний гавьяаг өөртөө авчирч наах гээд байдаг. Арай өөр өнцгөөс бид асуудлыг харж явдаг. Манай аав ардын багш, гавьяат хүн. 68 жил их сургуульд багшлаад одоо хүртэл өдөрт 10 цаг тоо бодоод, юм бичээд сууж байгаа. 

Өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ үр хойчдоо дамжуулж үлдээснээ өөрөө үзнэ гэдэг нь хүн болж төрсний хувьд дээдийн жаргал, хувь заяа гэж аав минь ярьдаг юм. Гэтэл монголчууд бид аавынхаа бизнесийг өвлөнө гэж ярьдаг. Уг нь бол өөрсдийн гендээ байгаа төрмөл өгөгдөхүүнээ хөгжүүлбэл илүү их хэрэг болно. 

-Монголд биш Америкт амьдарч байсан бол гэсэн бодол хааяа төрдөг үү?

-Хятадууд гурван үеэрээ хөрөнгөтэй хүнийг бүү оролд гэж хэлдэг. Мэдээж хэрэг хөрөнгө өсгөнө гэдэг хэцүү. Гэвч гурван үеэрээ эрдэмтэй байна гэдэг бүр хэцүү. Яагаад гэвэл олон зүйлийг орхиж байж ном үзнэ шүү дээ.

Бидний хувьд эрдэм номын хүмүүс. Улаанбаатар, Америк дахь амьдралаа орхиод хөдөө ирсэн. Тэнд байсан бол өнөөдрөөс илүү л амьдрах байсан байх. Энэ зэргийн зүйлийг ардаа орхисон гэдэг нь заяагдсан эрхээс гадна монголчууд бидний удамшил юм.

Хүүхдүүд маань бүгд л дэлхийн томоохон сургууль төгсөж ирлээ. Явсаар байгаад л бүгд багш болж байна. Удамшил ингэж татдаг юм. Монголчууд өвлөгдөж ирсэн цусан дахь өгөгдөхүүнээ багадаа хөгжүүлбэл амжилтад хүрнэ. Үхэр маллаж байсан хүний хүүхэд энэ чиглэлээр ажиллавал амжилт олно гэсэн санаа юм. 

Одоо бол уул уурхайд ажилладаг эсвэл гэнэтхэн их мөнгөтэй болсон хүн үхэр маллах гээд л байна. 

Томоохон фермүүд байгуулагдсан ч эзэд нь явангуут сайн ажилладаггүй. Дор хаяж гурван үеэрээ ажиллаагүй бол зөвхөн эзэн солигдох тэр мөчид үхэр мал муудна. Өвлүүлэхийн тулд хүүхдүүд тэр дундаа бага сургуулийн асуудал чухал байна. 

"Хүүхдүүдээ өөрсөдтэйгөө ойр байлгахын тулд багийн бага сургууль байгуулах гэж байгаа"

зураг
 
Зургийг Lhagvasuren Lhagva фэйсбүүк хуудсаас авч ашиглав

-Та сая бага сургууль гэж ярилаа. Яаж байгуулбал оновчтой байх бол? 

-Мэнэнгийн отряд дээр бага сургууль байгуулагдсан. Нэг ангид ганц ганцхан охин сурч байгаа мөртлөө хуучин цагт угалзалж бичдэг байсан шиг бичигтэй болж байна. 1-5 дугаар ангид нэг л багш заадаг. Хүртээмжтэй сургалт тэнд явагдаж байна. Бүх хүүхэд нэг гэр бүл шиг болсон. Хичээлийн хоцрогдол байхгүй. Сайн сурдаг хүүхэд нь дунд сурдаг хүүхдүүддээ хичээл зааж өгөөд, би сайн чи муу гэсэн зүйл байхгүйгээр нэгэндээ тусалдаг. 

зураг
 
Зургийг Lhagvasuren Lhagva фэйсбүүк хуудсаас авч ашиглав

Тус отряд байгуулагдаад олон жил болсон ч тэнд амьдарч буй хүмүүсийн хүүхдүүд аймаг юм уу Улаанбаатарт сурдаг. Сургуульд 194 хоног явж суралцдаг. Аймаг, суманд сурч байгаа хүүхдүүд жилд дор хаяж 194 хоног эцэг, эхээсээ хол байна гэсэн үг. Амралтын өдрүүдийг нэмбэл 260 хоног болно. Амралтын өдөр болгон гэртээ очно гэж байхгүй. Энэ асуудлыг ингэж орхигдуулсан болохоор нүүдэлчдийн соёл иргэншлийг авч үлдэх тухай яриад ч хэрэггүй. Үүн шиг худлаа зүйл байхгүй. 

Хүүхдүүдээ өөрсөдтэйгөө ойр байлгахын тулд багийн бага сургууль байгуулах гэж байгаа. Аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл буюу нүүдэл хийдэггүй, хамгийн их нягтаршилтай байгаа айлуудын дунд бага сургууль байгуулах боломжтой. Түүнээс биш 300-гаад километрын цаана байгаа сум нэртэй газарт сургууль байвал хүүхдүүд улам л аав, ээж гэр бүлээсээ холдоно. 

Нэгдмэл чанарыг өөрт хамгийн элбэг байгаа зүйлээр л хийж болдог. Нэгдмэл чанар зөвхөн хүүхэд дээр л тогтдог. Багийн бага сургуулийг байгуулж, хүүхдүүд сургууль дээрээ гурав, гэртээ дөрөв хоног байх боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. 

Сургууль болгоны хажууд хонь шахдаг цэгүүд байгуулах шаардлагатай. Малчид нэгдэж хонио малладаг болох тухай асуудал юм. Хүүхдүүд нь эцэг, эхийнхээ нийлүүлсэн малыг сургууль дээрээ гурав хоног хариулна.

Эдийн засгийн сүлжээ гэдэг нь ингэж үүснэ. Нэг ингээд сурчихвал нэг ангийн, нэг голын хүмүүс болно. Түүнээс биш гэрээсээ 300 километрын хол 12 жил суралцсан хүнийг удамшлаа гэвэл хорвоод байхгүй хамгийн тэнэг зүйл. 

100, 100 сая төгрөгтэй байсан ч монголчууд нэгдэж чадахгүй. Хүүхдүүд нэг ангид орвол харин чадна

Бага сургууль дээрээ төвлөрсөн аж ахуй л одоо хэрэгтэй. Монголчуудыг зөвхөн хүүхэд, сургуулиар нь л нэгтгэнэ. 100, 100 сая төгрөгтэй, айл саахалт байсан ч монголчууд бид нэгдэж чадахгүй. Харин хөдөө бол хоёр хүүхэд нэг ангид орсон цагт уулзаж, нэгдэж чадна. 

-Та бүхний хэрэгжүүлж буй "Монгол Өрх торлог" загвар төслийн гол үзэл санаа нь малчид ирээдүйгээ бэлдэх, өв уламжлалаа хадгалах тухайд юм байна. Тийм үү?

-Ер нь бол тийм. Өвөг дээдсийнхээ хийж бүтээсэн зүйлийг монголчууд яагаад үргэлжлүүлж хийж чадахгүй байна вэ? Монголчууд 1966-1974 оны хооронд үхэр, бярууны ферм байгуулж байсан. Гэтэл өнөөдөр ийм зүйл огт байхгүй байсан юм шиг гадаадынхныг шүтэж байна.

Монголчууд ямар нэг ажил эхлүүлэхдээ хүн нь яах вэ гэдгийг биш мал яах вэ гэж боддог

Уг нь бол монголчууд 60 жилийн өмнө Монголын уур амьсгал онцлог, монгол хүнд тааруулж ферм байгуулж байсан талаар ном бүтээлүүд ч бий. Үүнийг яагаад үзэж уншихгүй байна вэ? 

Монголчууд ямар нэг ажил эхлүүлэхдээ хүн нь яах вэ гэдгийг биш мал яах вэ гэж боддог. 

-Танай гэр бүлийг нүүж байгаа гэж сонссон. Шинэ ажлынх нь тухайд сонирхож болох уу?

-Гэр бүлийн маань сүүлийн 40 жилийн амьдрал 10, 10 жилээр нүүгээд яваад байсан байна. Бид хүүхэд байхдаа Орост өссөн. Дараа нь аав, ээж минь Монголд нүүж ирсэн гээд яг ийм 10 жилийн мөчлөгөөр нүүж амьдарсан. Давтагдаад л байдаг юм байна гэсэн бодол төрөөд байгаа. Үзэж мэдсэн бүх зүйлээ нэгтгээд аймаг, сумдад очиж ярихыг зорьж байна. 

зураг
 
Зургийг Lhagvasuren Lhagva фэйсбүүк хуудсаас авч ашиглав

Гэр бүлээрээ хамтдаа ажиллаж амьдарсан болохоор бид 12 жил эндээ тэсэж байгаа юм. 12 жил малчны хотонд амьдарч судалгаа хийх хүрээлэн ч олдохгүй. Хүрээлэнд 10 өөр хүн ажиллалаа гэж бодоход 10-уулаа хувь хүн шүү дээ. Бүгд хөдөө тогтож ажиллана гэдэг хэцүү. Монголын амь амиа бодоорой гэсэн нийгэмд манай гэр бүл шиг цул болоод, нэг зүйлийн төлөө хүмүүс юу гэж бодох бол гэж бодолгүй зүтгэх хүмүүс ховор. 

Хөдөө ахуй, малчны сэтгэл зүйг ойлгоё гэж байгаа бол Улаанбаатарт биш хөдөө малчны хотонд ирж байх ёстой. Монголд 60 жилийн өмнө анхны нэгдэл сангийн аж ахуйг байгуулж байхад дарга нар, судлаачид нь малчидтайгаа хамт амьдардаг байсан. Хамт амьдарч байж сайн бүтээлүүд гарч байлаа. 

Бид 12 жил хөдөө амьдарснаараа бахархдаг. Хэр баргийн хүн үүнийг давж чадахгүй. Гадаадад амьдарч, хэл соёлоос нь суралцсан, үхэр, хонь хоёроо муухан ялгадаг хүмүүс хөдөө гарна гэдэг тоглоом биш. Энэ бол эх орны төлөө ч гэдэг юм уу тийм зүйл огт биш. 

Хаанаас нь ямар буг чөтгөр нь түлхсэн юм, өөрсдөө зориглоод л хийсэн ажил, зүтгэсэн амьдрал гэж ойлгох хэрэгтэй. 

"Хайрлуулж өссөн хүн хамгаалж чадна"

зураг
 
Зургийг Lhagvasuren Lhagva фэйсбүүк хуудсаас авч ашиглав

-Малчдын амьдралын хэв маяг, тэдний сэтгэл зүй, өв уламжлал, ёс суртахуун, дадал хэвшлийг олон жил ойлгох гэж хичээсэн хүний хувьд анхаарах ёстой асуудлын талаар юу гэж хэлэх вэ? 

-Та малчин хүн бол хүүхдээ хажуудаа авах нь зүйтэй гэдгийг л хэлмээр байна. Дорно дахины ном бичигт эх хүн хүүхдээ сугандаа хавчуулж, өсгөдөг гэж бичсэн байдаг. Эрэгтэй хүүхдийг хажуугаасаа бүү холдуул гэсэн үг. Ингэвэл сул дорой хүн болж өсдөг гэдэг нь худлаа. Эхийгээ хайрласан хүн илд барихдаа хамгийн хатуу барьдаг юм. Хайрлуулж өссөн хүн хамгаалж чадна. 

Малчид зогсоо зайгүй үйлдвэрлэл эрхлэх хэрэгтэй байна. Нэгдэж сурах шаардлагатай. 

Малчдын 41 хувь нь 300-гаас доош богтой буюу ядуу гэсэн үг. 300 бог гэдэг нь хуучин приус 20 машины үнэтэй тэнцэх малыг хариулж байна. Сувиа мал ч үлдээхгүйгээр зөвхөн эм мал маллаж, 300 хониноос 300 төл авдаг систем рүү орох ёстой. Өндөр үнээр зарах гээд талыг нь эр мал авч үлдээд, үлдсэнийг нь маллаад ямар ч ашиггүй. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
87
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.160] 2023/11/1
Төрмөл өгөгдөлтэй ухаантай хүн байна. Танд гэр бүлд чинь сайн сайхныг хүсье
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.22] 2023/11/1
Өндөр ухамсар, боловсролтой, монголоо гэсэн сэтгэлтэй энэ гэр бүлд гүнээ талархаж байна🙏
1 | 0 Хариулах
Zochin [202.21.108.2] 2023/11/1
12 жилийн судалгааных ни үр дүн чухам юу юм бол. Ямар нэг төсөл хэрэгжүүлсэн юм уу? тайлан гарах юм болов уу? эсвэл илтгэл бичигдэх үү? их сонин бна.....
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.71] 2023/11/1
mundag ger bul bainaa, jinhene mongol
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.134] 2023/11/1
Тал хээрийн унаган байгалын хэв шинжээ хадгалж үлдсэн ховорхон нутаг. Энэ нутгийг олон зуун уул уурхай эрхлэх зөвшөөрөл хэдхэн жилд өгч сүйрүүлчих бий дээ! Өнгөрсөн 30 жилд олон зуун уурхайн зөвшөөрөл өгсөн боловч ард түмний амьдралд туссан зүйл бараг алга цөөн хэд нь дэлхийн толгой баячуудын зиндаанд хүрч төр засгийн тэргүүнд байсан нөхөд түүний үр удам хамгийн их нөөцтөй уурхайг эзэмшихболж.
0 | 0 Хариулах
Батмөнх [103.212.119.83] 2023/11/1
Ийм хүн олон байвал Монголын хөдөө хөгжинө. Хүн нь хөдөө газартаа нутагшина. Сайхан л санаа өвөрлөж яваа Лхагвасүрэнд амжилт хүсье. Алдарт Мэнэнгийн талаа ингэж л аврахгүй бол болохгүй болж байгаа юм билээ дээ.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.217.30] 2023/10/31
Сайхан ухаалаг гэр бүлд аз жаргал хүсье 76 дотор маань 5 орчим ийм хүн байвал төрийн бодлого чамбай гарна даа. Одоо ээ бүү үзэгд хэдэн цэьэршсэн авгай бас яруу найрагч сэтгүүлч гэнээ үү хэдэн хохимой толгой шиг хүүхнүүд хөдөөг Соёлын төвөөр төсөөлдөг малчдыг хоёр хөлтэй сонгуульд нэр дугуйлах үүрэгтэй мал гэж боддон хөдөөний хэдэн гишүүд ийм хүмүүсийг их хуралд суулгах юмсан ай халаг минь
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.18] 2023/10/31
УДАМ САЙТ ХҮН УХААЛАГ БАЙХ ЁСТОЙ ... Монгол улсын хөгжилд оруулж буй хувь асар их юм , үнэхээр гайхамшиг юм шүү .
1 | 0 Хариулах
Пунцагдаш [202.126.89.85] 2023/10/31
Монгол хүний ухаан ийм л агуу шүү дээ
3 | 0 Хариулах
Зочин [139.5.216.191] 2023/10/31
Маш мундаг, баяр хүргэе
1 | 0 Хариулах
зочин [139.5.217.59] 2023/10/31
төсөл нь дуусаад явах болждээ. малчин гуай
0 | 1 Хариулах
Zochin [57.68.130.28] 2023/10/31
Manai Mongold mundag humuus bas olon baigaa shuu. Saihan yariltslaga boljee, amjilt husie.
7 | 0 Хариулах
zochin [81.185.163.43] 2023/10/30
Oron nutagt soyol bolovsroliin uriig tarina gedgiig jinxene utgaar xeregjuulj baigaa mundag xumuus bainaa Ajil uilsed ni amjilt bvuteeliig xusie
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.51] 2023/10/30
Маш сайн ярилцлага болон нийтлэл болжээ! Улаанбаатарт төрж өссөн залуу хүний хувьд Улаанбаатар сүүлийн үед маш өөр болж байгаа гэдгийг бас анзаараад байгаа. Намайг 15-16 нас хүртэл (2013-2014 онд, сүүлийн 11-р ангийн төгсөлт) машины түгжрэл болон утаа одоогийнх шиг ийм аюултай их байдаггүй байлаа. Хүмүүс найрсаг бие биедээ хүндэтгэлтэй харьцдаг л байсан. Сүүлийн үед хөдөөнөөс (эсвэл гадаадад хөдөө олон жил жижиг байшинд амьдараад сурсан) маш олон хүмүүс нүүж ирээд хот хэт ачааллаад, орон сууцад амьдарч сураагүй хотхонд амьдарч үзээгүй хүмүүс маш бүдүүлэг эрээ цээргүй авирлаж байна. Хүн ам ихсэх, хүмүүсийн худалдан авалт эрэлт хэрэгцээ ихсэх үед дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх маш том шаардлага гарч ирж байна. Үгүй бол Монгол 20 жилийн дараа Улаанбаатар Хятадын нэг хот шиг болсон (нэг л олон өндөр барилгуудтай ганган хүмүүстэй гэхдээ их өртэй) Монгол хүн амьдрах нөхцөлгүй, гадаадаас бүх зүйлээ авдаг, гадаад эзэнтэй үйлдвэрлэлүүд бариад, Хятад Солонгосууд дүүрсэн хот л болж хувирна
12 | 0 Хариулах
Мөнх [202.126.90.46] 2023/10/30
Шал солиотой юм. Нийгэмшил, нийгмийн хөгжилийг ойлгооч.
0 | 9 Хариулах
huduu [66.181.188.99] 2023/10/30
Хөдөө яваад орой болохоор сүнснээс айгаад байдаг юм.
0 | 3 Хариулах
Зочин [202.126.89.58] 2023/11/1
Хэ хэ. Монголын хөдөөд тийм элбэг сүнс байхгүй ээ. Хятадад бол их гэдэг шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.53] 2023/10/30
Маш сайхан ирээдүйтэй ажил хийж байгаа та нартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Эхлүүлсэн ажил үйлс чинь улам дэлгэрнэ...
5 | 0 Хариулах
Зочин [66.181.179.47] 2023/10/30
Баярлалаа,бидний хамгийн зөв шийдэл байх
4 | 0 Хариулах
зочин [202.21.107.14] 2023/10/30
чухал асуудлуудыг зөв хөнджээ, Монгол хүн л монгол нүүдэлчин ахуйгаа боловсронгуй болгож чадна, үүнд байгальдаа ээлтэй бүтээмж, үр ашгийг зөвхөн боловсрол, мэдлэгтэй малчид л хэрэгжүүлж чадна, нүүдэлчин уламжлалт мэдлэгээ шат ахиулж бж л бид байгалиа авч үлдэж чадмуй
8 | 0 Хариулах
иргэн [66.181.184.247] 2023/10/30
Эдийн засгийг солонгоруулна гэж ярьдаг төр засгийн улсууд энэ хүнээс туршлага судлаасай. Малчид гэж төрөөс бэлэн юм шаардсан, боловсролгүй, юм уншдаггүй улсуудыг намын хэдэн нөхдүүд сонгуулийн үеэр үнэгүй юм тарааж, нийгмийн халамж гэж бэлэн мөнгөөр угждагаас болж мал аж ахуйн салбар нурж байна. Энэ салбар социализмийн үеийнхээсээ ухарсан гэдгийг хүмүүс хэлдэг. Ядуурал энэ салбарт л байдаг, хот уруу шилжин нүүгсдийн дийлэнхи нь эднүүс байдаг.
13 | 0 Хариулах
зочин [103.11.195.34] 2023/10/30
Маш их дэмжиж байна. Монголын хөдөөд өөрийн гэсэн хамгийн ээлтэй, хөрсөн бүрэн буусан загварыг хөгжүүлэхэд цаг алдалгүй анхаарах болсон байна даа. Баярлаж байна
7 | 0 Хариулах
Namsraijaw [139.5.216.180] 2023/10/30
Saixan yriltslag bna amjilt
4 | 0 Хариулах
Зочин [183.255.27.164] 2023/10/30
Баярлалаа
1 | 2 Хариулах
Бек [202.131.251.130] 2023/10/30
Сайхан ярилцлага болжээ. Лхагваа ахын гэр бүлд нь хамгийн сайхан бүхнийг ерөөе!
4 | 0 Хариулах
Зочин [202.21.104.85] 2023/10/30
Монголд ийм загвар хэрэгтэй, барилга гэж их мөнгө сургуульд зарцуулах биш, багш нарыг боломжын цалинг олгоод хороолол бүрд сургууль байгуулбал түгжрэлийн асууудал шийдэгдэнэ, түгжрэл шийдэгдээд дагаад стресс бухимдал шийдэгдэнэ. СУРГУУЛИА ХОРООЛОЛ ДОТОР НЬ БАЙР ТҮРЭЭСЛЭЭД ЯВУУЛДАГ БОЛ, ЯЛАНГУЯА БАГА АНГИУД БОЛ БҮРЭН БОЛОМЖТОЙ
13 | 1 Хариулах