2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) ирэх оны зургаадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-нийг дуустал АНУ, Мексик, Канад гурван орны 16 хотод зохион байгуулагдах билээ.
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Элчин Сайдын Яам уриалга гаргажээ. Тодруулбал "Визийн эрэлт их байгаа тул та Хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбоотой зорилгоор АНУ руу зорчихоор төлөвлөж байгаа бол визээ одоогоос мэдүүлэхийг Консулын газраас уриалж байна" гэв.
Монгол Улсын иргэд АНУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхийн тулд B1/B2 ангиллын виз мэдүүлэх шаардлагатай юм. Түүнчлэн Канад руу зорчихын тулд тус улсын Бээжин дэх Элчин Сайдын Яамнаас виз авах шаардлагатай. Визийн мэдүүлэг нь цахимаар явагддаг аж.
Харин АНУ, Канад эсвэл Шенгений орнуудын хүчинтэй визтэй бол Мексик рүү чөлөөтэй нэвтрэх боломжтой.
Анх удаа гурван улс хамтарч зохион байгуулах 23 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-д 48 улс өрсөлдөнө. АНУ-ын 11, Мексикийн гурав, Канадын хоёр хотод болно. Харин шигшээ тоглолтыг АНУ-ын Нью-Йорк хотын "MetLife" цэнгэлдэх хүлээн авах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!