Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 2025 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа 27 нам хуулийн хугацаанд ирүүлж, Үнэн ба зөв нам хоцроож буюу 7 дугаар сарын 24-ны өдөр ирүүлжээ.
Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байдаг.
Уг хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудад 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр албан бичиг хүргүүлж, санхүүгийн тайланг нь хүлээн авсан байна.
Харин Монголын либерал нам, Бүгд найрамдах нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам зэрэг 9 нам санхүүгийн тайлангаа ирүүлээгүй байна.
Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 37.2-т заасан үүргээ зөрчин хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй” бол Улсын дээд шүүх сонгуулийн төв байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэрийг гаргахаар заасан байдаг аж.
2024 оны жилийн эцэс, 2025 оны хагас жилийн тайлангаа Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам зэрэг 7 нам ирүүлээгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!