Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын төв телевизийн үзүүлсэн супер робот үнэндээ хүн байжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хоёр хоногийн өмнө Оросын Ярославль хотод тус улсын залуу үеийнхний чуулга уулзалт эхэлсэн юм. Арга хэмжээний үеэр залуусын зохион бүтээсэн Борис нэртэй хүн дүрст роботыг үзүүлсэн талаар Россия 24 суваг дамжуулжээ.

Ингэхдээ уг бүтээлийг маш олон ур чадвартай, технологийн шилдэг бүтээл, жинхэнэ супер робот гэж хөтлөгч нь итгэл үнэмшилтэйгээр тайлбарласан юм.

Гэвч сүүлд уг робот нь үнэндээ роботын өмсгөлтэй хүн байсныг Оросын бусад хэвлэлүүд олж тогтоосон байна. Технологийн сэдвээр нийтлэл гаргадаг Tjournal.ru сайтын олж мэдээлснээр Оросын “Show Robots” нэртэй компани “Робот Алёша” нэртэй өмсгөлийг үйлдвэрлэдэг ажээ.

Үнэхээр бодит робот зогсож байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх зорилготой энэ бүтээгдэхүүнээ тус компани түрээслүүлдэг, бас зардаг юм байна.

Нэг бүрийн үнэ нь 250,000 рубль ($3,765 орчим) гэж компаниас мэдээлжээ.

Хэдийгээр чуулганы зохион байгуулагчид Борисыг жинхэнэ робот гэж танилцуулаагүй ч төрийн өмчийн суваг ийнхүү жинхэнэ мэт мэдээлсэн байна.

Оросын ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх зорилготой залуу үеийн чуулганы анхныхыг жилийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины санаачилгаар зохион байгуулж байв. 2017 оны арга хэмжээнд нь Путин өөрөө оролцож байсан юм.

Энэ жилийн чуулганыг ОХУ-ын боловсролын сайд Ольга Васильева, Ярославль мужийн захирагч Дмитрий Миронов нар нээжээ.

Буруу мэдээлэл тараасан Россия 24 суваг дараа нь дээрх мэдээгээ YouTube сувгаасаа устгасан тухай хэвлэлүүд мэдээлж байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар видео мэдээ нь устаагүй хэвээр байна.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty