Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

М.Тунгалаг: Жирэмсний эхний дөрвөн сарын дотор БЗДХ-ыг эмчилснээр хүүхэд эрүүл төрдөг

А.Намуун, iKon.mn
2018 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

2018 оны эхний 10 сарын байдлаар төрөлхийн тэмбүүтэй 40 нярай төржээ. Ийнхүү хүүхэд БЗДХ(бэлгийн замаар дамжих халдвар)-тай төрж байгаа нь зарим ээж жирэмсэн байх хугацаандаа хяналтад орохгүй байх, эсвэл шинжилгээ бүрдүүлэлт дутуу байгаатай холбоотой гэдгийг ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны их эмч М.Тунгалаг хэлж байна. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.  

-Жирэмсэн эх БЗДХ-тай нь шинжилгээгээр тогтоогдож эмчилгээ хийлгэвэл хүүхэд эрүүл төрөх боломж бий юу?

-Эмэгтэй хүн жирэмсэлсэн бол хамгийн түрүүнд хяналтанд орох ёстой. Энэ нь олон эрсдлээс хамгаална. Гэвч жирэмсэн эхчүүд хяналтад орохгүй байх тохиолдлууд гарсаар байна. Энэ нь нэгдүгээрт, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой. Хаягийн бүртгэл байхгүйн улмаас ээжүүд хяналтад орохгүй байна. Мөн ажилтай, завгүй гэдэг шалтгаанаар жирэмсний хяналтад ордоггүй. 

Түүнчлэн товлосон хугацаанд шинжилгээнд заавал орж байх ёстой. Хэрэв жирэмсний эхэн үеийн шинжилгээгээр сериологийн шинжилгээ эерэг гарвал нөхрийнхөө хамт эмчилгээнд хамрагдах ёстой. Эмчилгээ нь үнэ төлбөргүй байдаг юм. Ингэж эхэн үе буюу жирэмсний эхний дөрвөн сарын хугацаанд эмчлүүлбэл хүүхэд эрүүл төрдөг. Учир нь 4-5 сартайд ихсийн цусны эргэлт бий болдог буюу эх, хүүхэд хоёр нэг цусан хангамжтай болдог. Тэгэхээр ээж өвчтэй байвал хүүхэд шууд халдвар авна. Тиймээс үүнээс өмнө эмчилгээгээ хийлгэвэл хүүхэд эрүүл төрөх боломж бий.

-Энэ онд хэдэн эх жирэмсний хяналтад ороод байна вэ. Мөн БЗДХ илэрсэн тухай тоон мэдээлэл өгөхгүй юү?

-2018 оны эхний 10 сарын байдлаар 65,597 хүн жирэмсний хяналтад орсон. Үүний 64,073 нь сериологийн шинжилгээ буюу тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдсан. Шинжилгээгээр 1,246 эерэг тохиолдол бүртгэгдсэн байна. Гэхдээ 1,246 хүн бүгд тэмбүү өвчтэй гэж ойлгох нь учир дутагдалтай. Яагаад гэвэл өмнө нь энэ өвчнөөр өвдөн, эмчилгээ хийлгэсэн бол мөн эерэг гардаг. Шинэ тохиолдол уу, өмнөх өвчлөл үү гэдгийг тухайн эмч нь тогтоодог.  

Энэ оны эхний 10 сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн 40 тохиолдол гарсан. Энэ бол мэдэгдэж байгаа тохиолдол. Уг 40 тохиолдлын 15-д нь ээж жирэмсний хяналтад ороогүй байсан. 

-БЗДХ илэрснээр жирэмсэн эхэд ямар эрсдэл үүсгэх вэ?

-БЗДХ нь зулбалт, хүүхэд төрснийхөө дараа нас барах зэрэг хор хөнөөлтэй. Мөн бүрэн эмчилгээ хийлгэхгүйн улмаас үргүйдэл үүсдэг. Тиймээс хүүхэдтэй болохоор төлөвлөж буй гэр бүлийн эхнэр, нөхөр хамтдаа шинжилгээнд хамрагдаж, гэр бүлээ төлөвлөх нь өөрсдийнхөө төлөө болон ирээдүйд үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө хийж буй зөв алхам юм.