Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улсад дотоодын иргэд болоод гадаадын бизнес эрхлэгчдийг байцаах, баривчлах, цагдан хорих тохиолдлууд хэд хэдэн удаа гарлаа. Эдгээр хүмүүсийн зарим нь Монгол дахь олон улсын бизнес эрхлэгчдийн хүрээлэлд харьяалагддаг байсан буюу одоо ч хамааралтай бөгөөд олон улсад өргөн хэмжээний харилцаа холбоотой хүмүүс юм.
Шалгагдаж буй эдгээр хэргүүдийн зарим нь шүүхийн шатанд шилжсэн бол бусад нь ердөө тодорхой бус шалтгаанаар замхарсан юм.
Дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байцаалт, баривчилгаа, цагдан хорьж буй эдгээр үйл явдлуудын талаар мэдээлж, төрөл бүрийн таамаглал дэвшүүлсээр ирсэн боловч гадаадын иргэдийн хувьд нөхцөл байдал, шалтгааныг бүрэн ойлгох, бодит баримт, гүтгэлэг, цуурхал болоод улс төрийн шинж чанартай мэдээллүүдийг хооронд нь ялган тунгаахад хүндрэлтэй байдал үүсээд байна. Монголын Засгийн газрын зүгээс нөхцөл байдал, хэргүүдийн шалтгааны талаар гадаадын бизнес эрхлэгчдэд бүрэн гүйцэд ойлголт өгөх тал дээр төдийлөн нээлттэй биш байна. Гадаад орнуудад суугаа Монголын Элчин сайд нар ч үүсээд буй асуудлын талаар нэгдсэн, тодорхой утга агуулга бүхий ойлголтыг сонирхсон хүмүүст өгч чадахгүй байгаа юм.
АмЧам Монгол нь шүүх засаглалын үйл явцад хөндлөнгөөс оролцон, ямарваа нэгэн тайлбар тавих зорилго агуулаагүй бөгөөд энэхүү мэдэгдлийг хөндлөнгөөс оролцох, үзэл бодлоо тулгах, эсвэл шүүхийн тогтолцоог шүүмжлэх гэсэн оролдлого гэж ойлгох хэрэггүй. АмЧам Монголын хувьд аль нэгэн хэргийг тусгайлан онцлолгүйгээр байцаан баривчилж, улмаар цагдан хорьж буй одоогийн нөхцөл байдалд санаа зовниж буй бөгөөд цаашлаад эдгээр үйл явдлын талаарх мэдээллийн тархалт, албан ёсны мэдээлэл огт үгүй байх зэрэг нь олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүндэд сөрөг нөлөөтэй гэж үзэж байна.
Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулалт хийх эсэх нь Монгол Улсын олон улсад эзлэх байр суурьнаас ихээхэн хамааралтай байсаар байгаа бөгөөд сүүлийн үед өрнөж буй үйл явдлууд нь Монгол улсын байр суурийг улам бүр ганхуулна хэмээн эмээж байна. Шүүх ажиллагааны хүрээнд гадаадын бизнес эрхлэгчдийн зорчих эрхийг хориглох үзэгдэл нь Монголд хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй гадаад иргэдийн хүсэл зоригийг мохоож, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхэд гол чөдөр болж байна.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татахчиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ѐсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!