Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сэржмядаг охин ба сураггүй бологсдын хувь заяа

Г.Нацаг-Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 10 сарын 18
Үндэсний шуудан
Зураг зураг

Хүн юунд хамгийн их дурлаж, юуг хамгийн ихээр хүсдэг вэ. Зарим нэг нь эд хөрөнгө, албан тушаалыг шүтэж байхад нөгөө хэсэг нь гоо сайхан, зугаа цэнгэлд шунах нь бий. Гэсэн хэдий ч бид хэн байх, ямар ажил хөдөлмөр эрхэлдгээс үл хамаарч бидний хамгийн эцсийн болоод туйлын чин хүсэл нь үр хүүхэдтэй болж, үндэс угсаагаа залгамжлуулах нь хүн болж төрсний утга учир.

Тиймдээ ч үр хүүхдээ хайрлаж хамгаалах нь бурхнаас харамгүй хайрласан өглөг гэлтэй. Монголчууд бид 300 жилийг Манжийн дарлалд өнгөрүүлэхдээ ч, нийгмийн шилжилтийн ороо бусгаа он жилүүдэд ч үр хүүхдийнхээ араас өнөөдрийнх шиг сэтгэл зовниж, хараа бэлчээж байсан нь тун цөөн. 

Ингэж хэлсэн учир нь энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 9,491 хүүхэд сураггүй алга болсон гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Эдгээрээс 9,448 хүүхдийг эсэн мэнд олсон ч харамсалтай нь 23 хүүхдийн хувь заяа хаашаа эргэсэн нь тодорхойгүй байсаар. Эдгээр хүүхдийн тав нь 0-5 насных бол 18 хүүхэд нь 6-14 насных ажээ. 

Эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй ч тодорхой үр дүн гаралгүй байсаар өнөөдөртэй золгов. Чухам ямар шалтаг, шалтгааны улмаас эдгээр хүүхдийг нэхэн дурссан бэ гэвэл өнөөдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр сургуульдаа явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон Д.Сэржмядаг охины гашуун түүх тэдэнд бүү давтагдаасай гэсэндээ ийн дурссан юм. Охинд юу тохиолдсон, түүнийг амьд эсэхийг бид мэдэхгүй. Гагцхүү эрүүл саруул, айх аюулгүй байгаасай гэсэн чин сэтгэл монголчууд бүхний сэтгэлд бий.

Тийм ээ, Д.Сэржмядаг охин сураггүй болоод 11 cap 14 хоног өнгөрч. Хэдхэн хоногийн дараа түүний алга болсны нэг жил тохионо. Үрээ алдсан эцэг, эхийн сэтгэлийн шарх, эцэг, эхээсээ хагацсан охины шаналалыг бид төсөөлшгүй. Монголчууд биднийг богинохон санах ойтой гэдэг. Энэ нь ч үнэний ортой. Найман настай охин алга болсон сургаар нийгэм даяараа шуугиж, зарим УИХ-ын нэр бүхий гишүүнээс эхлээд ЦЕГ-аас мэдээллийг өндөр үнээр худалдаж авна гэж байсан цаг саяхан. Гэвч ийм явдал огт болоогүй юм шиг өнөөдөр чимээ аниргүй. Биднийг ингэж санах ойгоо алдах зуур дахиад л 23 бяцхан үр сураггүй алга болж, үрээ алдсан эцэг, эх шаналал, гашуудлын далайд живж байна. Дахиад хэлье. Тэдний амссан энэ гашуун зовлон, шаналалыг бусад эцэг, эхчүүд бүү амсаасай.

Д.Сэржмядаг охиныг сураггүй алга болох үед хүний наймаанд өртсөн байх гэж иргэд хардсан. Ингэж хардах ч үндэслэл бий. Учир нь ардчиллын салхи сэвэлзсэн тэр он жилүүдэд олон гэр бүл архин далайд живж салж сарнин, тэр хэрээр цөөнгүй хүүхэд “траншейны" гэх тодотгол зүүсэн. Гэтэл олны хөл бужигнасан газар бүрт болжмор шиг шавчихдаг байсан өнөех хуүхдүүд нэг л мэдэхэд цөөрсөөр ард нь архинд согтсон гөлөмцүү хөгшчүүл үлдсэн. Тэдгээр хүүхдүүд хаачсан эсэхэд хүний эрхээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан багагүй хөөцөлдсөн ч “тэнэмэл” хүүхдүүд нас бие гүйцэж, амьдралаа хөөсөн гэж хууль хяналтын байгууллагаас мэдэгдсэн удаатай.

Харин учир мэдэх зарим нь хүний наймаанд өртсөн гэж хэлж, яриад ч баталж чадаагүй. Д.Сэржмядаг охиныг сураггүй алга болоход нийгэм бас л ингэж хардсан. Гэвч цагдаагийн байгууллагаас БНХАУ-ын Эрээн хотод эрэн хайх ажиллагаа явуулж байгаа гэж мэдэгдсэн ч энэ ташаа мэдээлэл болж таарсан.

Дараахан нь 2017 онд 70 гаруй хүүхэд сураггүй алга болсноос 24 нь олдсон гэх мэдээлэл цацагдаж байв. Харамсалтай нь цаана нь үлдсэн 46 хүүхэд олдоогүй байгаа гэх. Тэдний нэг нь Д.Сэржмядаг охин. 

Үүн дээр 2018 онд сураггүй алга болсон 23 хүүхдийг нэмбэл хоёрхон жилийн хугацаанд 69 хүүхдийн хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна. Биднийг ингэж уймарч суух зуур бяцхан үрс эцэг, эхээсээ хагацаж, бидний төсөөлж чадахгүй тийм зовлон бэрхшээлтэй нүүр тулж байна. Гэвч хууль хяналтынхан болоод төрийн эрх баригчид юу хийв. Улстөрчид сонгуулиас сонгуулийн хооронд элдэв амлалт өгч, өвөр түрүүндээ жийлцэж байхын оронд харанхуйн сүүдэр үр хүүхдүүдийг маань нөмрөх аюул ойрхон байгааг ухаж ойлгоосой. Д.Сэржмядаг охин удахгүй есөн нас хүрнэ. Тийм ээ, түүний сураггүй алга болсон нэг жилийн ой хэдхэн хоногийн дараа болно. Дахиад хэдхэн cap өнгөрөхөд сураггүй болсон хүүхдүүдийг дурсах олон улсын өдөр тохионо. Тэр өдөр алга болсон гэх гашуун дурсамж бидэнд битгий байгаасай гэж хүснэм.

Зураг