Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Дээд хэмжээний чуулга уулзалт Монголд болно

Б.Ану
2018 оны 8 сарын 29
iKon.MN
 

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо буюу IWFCI (International Women’s Federation of Commerce and Industry) 1992 онд Австралийн Мельбурн хотод хатагтай Диана Абруззигийн санаачлагаар эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор байгуулагдсан дэлхийн анхны худалдаа аж үйлдвэрийн, төрийн бус байгууллага ажээ. 

Тус холбоо өнөөдрийн байдлаар дэлхийн 13 улсад үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд Монгол Улс 2016 онд тус холбоонд албан ёсны 13 дахь гишүүн орноор элсэж 2017 оны гуравдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. 

Монгол салбар байгууллага нь өнгөрсөн хугацаанд Зүүн Өмнөд Азийн орнуудтай эдийн засаг хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспорт, импортыг дэмжих чиглэлээр Зүүн Өмнөд Азийн зургаан орноор таван удаагийн “АСЕАН – Монгол Бизнес Түншлэл” экспорт, импортыг дэмжих хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн талаар Монголын салбар байгууллагын төлөөлөгчид мэдээллээ. 

IWFCI нь Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, олон улсын холбоо харилцааг өргөжүүлэх зорилгоор “GLOBAL WOMEN’S TRADE SUMMIT”-ийг жил бүр уламжлал болгон салбар орнуудад зохион байгуулдаг бөгөөд 2015 онд Энэтхэгийн Бангалор, 2016 онд Австралийн Мельбурн, 2017 онд Малайзын Куала Лумпурт энэхүү чуулга уулзалтаа амжилттай зохион байгуулжээ. 

Энэ удаа IWFCI Монгол салбар байгууллага нь ДЭЛХИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ “GWTS-2018”-ийг Улаанбаатар хотноо 2018 оны  есдүгээр сарын 6-8-ны  өдрүүдэд зохион байгуулах эрх хүлээж авсан талаар зохион байгуулагчид нь мэдээллээ.

 

 IWFCI Монгол салбар байгууллагын Ерөнхийлөгч О.Байгаль "Чуулга уулзалтын үеэр дэлхийн 12 орны 300 гаруй олон улсын болон Монголын бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод чуулж харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах, экспорт, импортын боломжуудыг эрэлхийлэх, туршлагатай бизнес эрхлэгчид болон бусад салбарын манлайлагчидтай олон улсын харилцаагаа ахисан түвшинд хөгжүүлэх боломжуудыг олгож байгаагаараа ач холбогдолтой юм" гэв.

“Глобал инноваци ба Харилцаа холбоо” уриан дор явагдах энэ удаагийн чуулга уулзалтанд IWFCI байгууллагын үүсгэн байгуулагч хатагтай Диана Абруззи өөрийн биеэр оролцох бөгөөд 12 орны бизнес эрхлэгчид, нийгмийн зүтгэлтэн, нэр хүнд бүхий зочид оролцох юм байна. 

Чуулга уулзалтаар ЦАХИН ЭДИЙН ЗАСГИЙН ШИЛЖИЛТ сэдвийн хүрээнд “Монгол улс дахь боломжууд”, “АСЕАН-Монгол-Төв Ази”, “Дижитал эдийн засаг - Экосистем”, “Инноваци - Энтрэпренёршип”, “Санхүүгийн Ирээдүй”, “Бүтээлч Үйлдвэрлэл”, “Глобал Эдийн Засаг дахь Эмэгтэйчүүд” гэсэн 7 хэлэлцүүлэг дор чуулна.

Түүнчлэн чуулга уулзалтаар IWFCI байгууллагын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Диана Абруззи,  Бусаны Үндэсний Их Сургуулийн ерөнхийлөгч Jeon Ho-Hwan, салбар байгууллагын ерөнхийлөгчид тэргүүтэй олон улсын энтэрпренёр, хүндэт зочид оролцож Монголын эдийн засаг, бизнес, нийгмийн салбарын төлөөллүүдтэй олон талт хамтын ажиллагааг эрэлхийлсэн ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж, “Олон Улсын Үзэсгэлэн Худалдаа”, “ Загварын шоу”, “Гала үдэш” гэх мэт үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.