Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Австрали, Малайзын сайд нарын уулзалтаар Ш.Алтантуяагийн хэргийг хөндөнө

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2018 оны 8 сарын 1
Үндэсний шуудан
Зураг зураг

Австралийн Гадаад хэргийн сайд Жюли Бишопын энэ долоо хоногт Малайзад хийх айлчлалын үеэр Монголын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн Сирул Ажар Умарыг Малайзын талд шилжүүлэн өгөх асуудлаар хэлэлцэнэ гэж тус улсын Ерөнхий сайд Махатир Мохаммад мэдэгдлээ. 

Тэрбээр “Уг асуудалд Австрали ямар байр суурьтай байгааг мэдмээр байна. Австралийн Гадаад хэргийн сайдтай хийх уулзалтаар энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөгүй. Гэхдээ би энэ асуудлыг хөндөж, тус улсын байр суурийг мэдэхийг зорино” гэжээ. Австралийн Гадаад хэргийн сайд Жюли Бишоп өчигдрөөс эхлэн пүрэв гариг хүртэл Малайзад дипломат айлчлал хийх юм.

Сирул Ажар Умарт цаазын ял оноосон нь түүнийг Малайзад шилжүүлэн өгөхөөс татгалзахад хүргэсэн байж болох юм гэж Махатир Мохаммад өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Гэвч энэ сарын эхээр Австралийн “The Star” агентлаг хүн амины хэрэгт буруутгагдаж буй Сирул Ажар Умарыг Малайзын талаас албан ёсоор буцаан авах тухай хүсэлт тавиагүй талаар мэдээлсэн. Түүнчлэн Австралийн тусгай төлөөлөгч Андрей Голадзиновски "Хэдийгээр визний хугацаа дууссан ч Австрали Улс цаазын ялтай иргэнийг улс руу нь буцаахгүй” хэмээсэн. Хэрэгт буруутгагдсан цагдаагийн ажилтнуудын нэг болох Сирул Ажар Умарыг Австрали Улсад шилжин суурьшсан гэх мэдээллийн дагуу Малайзын тал 2014 онд Австралийн талд хандан хэрэгтнийг шилжүүлэх хүсэлт тавьсан боловч Австралийн Засгийн газрын тэргүүн Тони Абботт уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаад байсан юм. Энэ мэдээлэлтэй холбогдуулан Австралийн энгийн иргэд “Ерөнхий сайдаа, таны гэрийн хажууханд аймшигтай алуурчин амьдарч, нуугдаж байгааг та хүлээн зөвшөөрч чадна гэж үү, асуудалд шударгаар хандаж, хүнлэг бус алуурчинд зохих шийтгэлийг нь хүлээлгэх хэрэгтэй” гэсэн байр сууриа олон нийтийн сүлжээ болон сайтуудаар илэрхийлж байсан. Австрали Улс нь цаазаар авах ялыг хориглосон төдийгүй аль нэг улсын шүүхээс ялын дээд хэмжээ сонссон боловч тус улсад үнэнээ мэдээлж бууж өгсөн нөхцөлд тухайн этгээдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлдэггүй хуультай аж. Үүнээс гадна Австрали Улс Малайзын талтай хэрэгтэн шилжүүлэх гэрээг байгуулаагүй нь Австралийн Засгийн газрын тэргүүн Малайзын хүсэлтээс татгалзах гол шалтгаан болж байгаа юм байна.

Малайзын Дотоод хэргийн яам Ш.Алтантуяагийн амь насыг хохироосон хэрэгтэн Сирулыг тус улсын талд шилжүүлэхгүй нөхцөлд Австралийн эсрэг шүүхэд гомдол нэхэмжлэл гаргах тухай мэдээлэл ч гарч байсан юм. Тухайлбал, 2015 онд Малайзын Дотоод хэргийн яамны орлогч сайд Ван Жунайди Туанку Австралийн Засгийн газрыг Малайзын хүсэлтээс татгалзсан шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж, шүүхийн шийдвэрийн эсрэг хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулж байсан. Малайз болон Австрали Улсын харилцаа 1993 оноос хойш бараг тасраад байгаа. Тухайн үед Австралийн Засгийн газрын тэргүүн байсан Кейтинг Малайзын Ерөнхий сайдыг жүжигчин хэмээн цоллож, тухайн үедээ нэлээн шуугиан дэгдээж, байсан.

Харин одоо хоёр улсын харилцаа харьцангуй  дээрдсэн. Австралид суралцаж буй Малайз оюутны тоо 26 мянга орчим байгаа бол Малайзад аялж буй Австрали жуулчны тоо жилдээ 500 гаруй мянга байна.

2006 оны аравдугаар сард Куала Лумпур хотоос холгүй орших ой модон дундаас Ш.Алтантуяагийн цогцсыг олж, мөрдөн байцаалтын явцад цагдаагийн албан хаагч байсан Азилла Хадри болон Сирул Ажар Умар нар бүлэглэн түүний амийг хөнөөсөн нь тогтоогдсон. Улмаар 2009 онд хоёр хэрэгтэнд цаазын ял оноосон боловч 2013 онд давж заалдах шатны шүүх хоёр хэрэгтний ялыг хүчингүй болгосон байна. Үүний дараа Малайзын Дээд шүүх хэргийг дахин сэргээсэн. Харин Малайзын Цагдаагийн газар өнгөрсөн зургаадугаар сард Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг дахин эхлүүлсэн гэдгээ мэдээлсэн юм.

Зураг