Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баяртөр: Их хааны хөргийг бүтээх гээд гутааж болохгүй

Ч.Үл-Олдох
2018 оны 7 сарын 31
Зууны мэдээ
 

СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Б.Баяртөртэй ярилцлаа. Тэрээр Чингис хааны хөрөг дүрийн харьцуулсан  шинэ судалгааг хийсэн юм.

- Их хааны дүр монгол хөрөг зурагт хэрхэн буусан талаарх цогц судалгаа хийсэн судлаач хэр олон бэ. Та хэзээнээс судлав?

- Ийм судалгаа  дуул­даагүй. Гэхдээ миний судалгаанд ашигласан зургууд бол энд тэнд хэвлэгдсэн, зарим нь монголчуудад танил болсон, зарим нь огт мэ­дэг­дээгүй бүтээлүүд байгаа. Би 2016 оноос хөрөг зураг талаас нь  судалсан.

Түүнээс  түүх, аж байдлын сэдэвтэй  үйл явдал талаас харуулсан зургууд цөөнгүй байдаг.

- Монгол хөрөг зурагт Чингис  хааныг хэрхэн дүрсэлж байсан юм бэ?

- Миний судалгаа яг энэ чиглэлд хандсан. Энд ашигласан бүтээлүүдээс хамгийн эртнийх нь Юань гүрний үед бүтээгдсэн Чингис хааны эш хөрөг. Энэ хөрөг хоёр байдаг, нэг нь Бээжин хот дахь Дундад улсын түүхийн музейд, нөгөө нь Тайвань улсын Тайбэй хотын Үндэсний ордон музейд хадгалагдаж байдаг. Эдгээр зураг нь лав 700 гаруй жилийн өмнө, өөрөөр хэлбэл Юань улсын үед  уг хөргийг зуржээ  гэдгийг, эрдэмтэд тал талаас нь судлаад тогтоочихсон байгаа.

Үүнээс үзэхэд монгол хөрөг зургийн үүсэл мөн 700 жилийн өмнөх үед холбогдож байна. Ер нь үүний өмнө уламжлал байсан уу гээд үзвэл Уйгар Киданы үед хаан, хатан, эрдэм чадалтай  хүмүүсийнхээ хөргийг  зурж мөнхөлдөг байсан. Арга барил нь урлаг уран сайхны зориулалтай, тайлга тахилгын үеэр голдуу зурдаг байж. Энэ уламжлал явсаар Юань гүрний үед ирэхэд дээрх хөргүүдийг зурсан гэж үздэг. Тиймээс Чингис хааны хөрөг зургуудыг Уйгар, Киданы үед зурсан гэж зарим судлаач ном зохиолдоо бичсэн байдаг. Ямартай ч  эзэн хаадын хөргийг зурдаг уламжлал явсаар өнөөг хүрсэн гэж болно. Түүнчлэн Бага хаад, Манжийн үе, социализмын үе гээд аваад үзэхэд их хааны хөргийг янз бүрээр зурж байсан байж таарна. Гэхдээ цаг үеийн онцлогоос хамаарч бидний үед хадгалж ирсэн нь цөөхөн.

- БНМАУ буюу социализмын үед хөрөг бүтээж байсан юм болов уу?

- Их Эзэн Чингис хаанаар бахархах, тэр талаар ярих ч хүртэл хориотой байсан цаг үе шүү дээ. Гэхдээ манай зураачид их хааныхаа хөргийг зурж байсан. 1947 онд Ардын зураач, Төрийн шагналт Ү.Ядамсүрэн гуай Чингис хааны хөргийг зурсан байдаг. Орчин цагийн урлаг үүссэнээс хойш бүтээсэн хөрөг гэвэл энэ. Одоо Монголд байдаг уу гэвэл, 1958 онд Говь-Алтай аймгийн музей  Ү.Ядамсүрэн гуайгаас дөрвөн зураг худалдаж авсан юм гэнэ лээ. Түүний нэгэнд тэр зураг явсан гэж бичсэн  байдаг. Говь-Алтай аймагт эх зураг байхгүй, хуулбар нь байгаа гэсэн мэдээлэл ч бас дуулддаг. Чингис хааны хөргийг  анх зурснаас 11 жилийн дараа зурсан “Өвгөн хуурч” гэж зураг бас бий. Тэр зурагт  мөн Чингис  хааны хөргийг бүтээсэн, цаг үе хаалттай учраас өвгөн хуурчийн дүрээр зурсан гэлцдэг. Энэ талаар зураач Б.Бадрал, МУБИС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн багш О.Доржготов нар бичсэн байдаг. Ү.Ядамсүрэн гуайн зээ охин, зураач  Я.Булган  мөн энэ талаар бичсэн  нь бий. Ач охинтой нь гэр бүл болсон ТЕГ-ын дарга асан Б.Хурц мөн нэгэн ярилцлагадаа дурссан байдаг.  Тэгэхээр үзэл суртлын хаалттай социализмын цаг үед ч гэсэн уран бүтээлчид аргалаад их хаанаа бүтээж байсан байгаа юм.

Мөн Д.Маньбадар гэж зураачийн “Эртний баатар” гэж монгол хөрөг  бий. Нэр нь өөр боловч түүнд их хаанаа дүрсэлсэн гэж зарим хүн хэлдэг. Ингэхдээ  бодит баримтад тулгуурлахаас илүүтэй өөрийн сэтгэлд бий болсон төсөөллийг уран бүтээлээрээ гаргасан гэж бичсэн байдаг.

- Архины лонхон дээр хүртэл их хааныхаа хөргийг хэвлэдэг болж задгайрсан үед бол тоо томшгүй хөрөг зураг зурсан байх?

- Ерөнхийдөө 1990-ээд оноос хойш  их хааны хөргийг зурах асуудал задгайрсан гэж болно. Монголын болон гадаадын олон хүн хөрөг зурсан байдаг.  Тэдгээрийг Тайваньд хадгалагдаж байгаа эш хөргийг гуйвуулалгүй барьж хуулбарлаж уу гэтэл тийм биш. Зүс дүр нь огт өөр, зориуд үнэнийг, түүхийг  гуйвуулсан хөрөг маш олон.  Зөвтгөж үзье гэвэл, гадаадын зураачид өөрсдийн соёл сэтгэлгээний үүднээс, Чингис хааныг үзэх үзэл, түүний талаарх өөрсдийн ойлголтыг илэрхийлжээ гэж  бодож болох. Сөрөг талаас үзэхэд, Чингис хаан бол монгол хүн, дэлхийн ямар ч улсаас ялгагдах атал тэдгээр хөрөгт европ төрхтэй, бүр араб, түрэг төрхтэй зурсан байх жишээтэй. Үүний сөрөг үр дагавар нь хойч үеийнхнийг төөрөгдүүлэх, будлиулах, үнэнийг гуйвуулах янз бүрийн зорилготой байдаг байх. Энэ нь  монгол хүний сэтгэхүй, сэтгэлгээ, ухамсар, танин мэдэхүйд хортой.

- Орчин үед их хааны дүрийг монгол хөрөг зургийн аргаар зурсан ямар уран бүтээл байна?

- Хамгийн олон удаа зурсан нь гэвэл зураач Д.Уртнасан гуай байна. Их төлөв уламжлалт маягаар сууж байгаа маягтай  бүтээсэн. Цаашилбал, их хаан тэнгэр шүтлэгтэй байсан, монголчуудын язгуур шашин бөө мөргөл байсан гэдгийг тодруулсан, Чингис хаанд ойр домгийн өгүүлэмжтэй холбогдсон хөргүүд байна. Мөн  бурханч лам Б.Пүрэвбатын  зурсан хөргүүд байдаг. Одоо Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд байгаа. Тэр зураг бол бидний мэддэг Энэтхэг, Төвдийн танка зургийн тэг онол, зохиомжийн суурь дээр аваад өөрийн уран сайхныг оруулсан шүтээн хөрөг юм. 1990-ээд оноос хойш олон ургальч үзэл дэлгэрч, уран бүтээлчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ямар ч урсгал чиглэл, “изм”-ийг өөрийн уран сайхны илэрхийлэл болгох болсны үүднээс уламжлалт хөрөг зургаас эрс татгалзсан, орчин үеийн модерн, тэр бүү хэл постмодерн, контемпорари маягийн хөрөг зургууд ч байна.

Тухайлбал, Б.Бадралын бүтээсэн Чингис хааны хөргийг Туркийн нэгэн зураач музей байгуулаад  тэндээ авсан гэсэн. Тэр зурагт Чингис хааныг есөн мэлмийтэй зурсан байгаа. Миний түрүүнд дурдсан Бээжин, Тайваньд хадгалагдаж байгаа их хааны хөргийг  суурь болгосон атлаа, есөн мэлмийтэйгээр дүрсэлсэн нь Чингис хааныг бусдаас илүү, эгэлгүй байсан учир нь оюун билгийн нүдтэй байсан. Тиймээс эгэлгүй их гавьяаг байгуулсан гэдэг санааг гаргасан байгаа юм. Ес гэдэг тохиолд­лын тоо бас биш. Тэнгэ­рийн билэгдэл юм. Тэнгэ­рийн хөх хүчийг олсон, тэнгэрт тэтгэгдсэн хүн юм гэсэн санаа тэгж гарсан болов уу. Түүнээс гадна Чингис хааны ариун үйл хэрэг, цаашид монголчуудын хувь заяа мөхөшгүй юм гэдэг санааг гаргаж задгай сэтгэсэн байгаа юм.

 

- Чингис хааны дүрийг бүтээхэд анхааралтай хандах ёстой байх. Энэ талаар та юу хэлэх вэ?

- Чингис хаан түүхэн хүн. Их хааныг бодитой дүрсэлсэн хөргийг л бид голлож үзэх ёстой. Энэ бол яах аргагүй 700 жилийн өмнө зурсан их хааны эш хөргүүд юм. Их хааны хөрөг зургууд,  түүн дэх уран сайхны сэтгэлгээ, илэрхийлсэн аргыг  харьцуулж үзэхэд зургаан хэв шинжид хувааж үзэж болно. Нэгдүгээрт, түүхэн бодит баримтад тулгуурласан, хоёрдугаарт “Монголын нууц товчоо” зэрэг сурвалжид байдаг  домгийн өгүүлэмжүүдтэй холбосон билэгдэл хөрөг, гуравдугаарт зураач, уран бүтээлчид өөр өөрийн  уран сайхнаар  бүтээсэн хөрөг, дөрөвдүгээрт монгол хүний төрхийг зориуд өөрчилсөн хөрөг, тавдугаарт бурханчилсан шүтээн хөрөг, зургадугаарт орчин үеийн хийсвэр сэтгэлгээгээр бүтээсэн хөргүүд  байна. Цаашид хэн боловч их хааныхаа хөргийг бүтээхэд эш хөргийг баримтлах нь зүйтэй. Их хааны  хөргийг бүтээж байна гээд зүс, дүр төрхийг өөрчлөн гутаадаг байж  болохгүй.

Зураг