Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Тайз дэлгэцийн бүтээл дэх их хааны дүрийг хэлэлцэв

Ч.Үл-Олдох
2018 оны 7 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг

Улаанбаатар хотноо чуулсан олон улсын  монголч эрдэмтэд  “Их Эзэн Чингис хааны дүр тайз, дэлгэц, дүрслэх урлагийн бүтээлд хэрхэн дүрслэгдсэн бэ” хэмээх өргөн  сэдвээр салбар хуралдаан хийж,  өчигдөр хаалтаа хийлээ.

Чингис хааны талаар түүх бичлэгийн судалгаа арвин байдаг. Харин  урлагийн бүтээлүүд дэх дүрийн харьцуулсан судалгаа хийсэн нь ховор. Тэгвэл энэ сэдвийг хөндсөн нь Соёл, урлагийн их сургуулиас  Олон улсын монгол судлалын холбоотой   хамтран  зохион байгуулсан  “Монголчуудын соёлын ертөнц:өв,үнэт зүйл, урлаг” сэдэвт олон улсын монголч эрдэмтдийн хурлын нэгэн  онцлох сэдэв, шинэлэг тал байв. Чингис хааны дүрийн талаар манай улсаас гадна  БНХАУ, ОХУ,БНСУ, ХБНГУ-ын  эрдэмтэд  судалгаагаа танилцуулсан юм.

 

Судалгаа бүр өвөрмөц онцлогтойн дээр  сонирхолтой санааг дэвшүүлж, эрдэмтэн судлаачдын дунд багагүй маргаан өрнүүлж,  оролцогч, ажиглагчдын зүгээс асуудал дэвшүүлж байлаа. Эрдэмтдийн байр суурийг хүргэе.

Коринна Бетте: ГЕРМАНД ЧИНГИСИЙН  ТУХАЙ НОМ ГАРАЛГҮЙ 70 ЖИЛ БОЛЛОО

-ХБНГУ-д Чингис хааны талаарх ном, зохиол ховор гэсэн. Таны судалгаа юунд үндэслэв?

-/Би Германы Heidelberg-ийн их сургуулийн эрдэмтэн багшийн судалгааг авч үзсэн. Германд Чингис хааны түүх, баримттай холбоотой ном зохиол ховор. Ийм учраас зохиолч, уран бүтээлчид тэр талаар бичих, урлагийн бүтээл туурвих, роман бичих орон зай бий. Миний хувьд өнөөг хүртэл  Монголын судлаач н.Баярмаатай хамтран ажиллаж байна. Бид 2012 онд ТББ байгуулан судалгааны ажил эхлүүлсэн. Судалгааны гол баримт  маань герман хэлээр  бүтээлээ туурвидаг Швейцарийн зохиолчийн 1950 онд бичсэн  зохиол юм. Тэр бүтээл дэлхийн ii дайны дараа бичигдсэн учраас Чингис хааны тухай бичихээс илүү Европын түүхийг  түлхүү харуулсан. Тухайлбал, зохиолд  социализмын бүтээн байгуулалтыг  хэрхэн хийж байгаа болон  хуучин систем хэрхэн нуран  унаж байгааг  өгүүлсэн байдаг. Дэлхийн суут хүн Чингис хаантай холбогдуулан Европын түүхийг бичсэнээрээ энэ зохиол тун сонирхолтой бөгөөд энэ өнцгөөсөө болон зохиолчийн үзэл бодол  миний анхаарлыг татсан юм. Энэ зохиолоос хойш өнөө хүртэл 70 гаруй жил ХБНГУ-д Чингис хааны талаар зохиол, бүтээл гараагүй. Одоогоос гурван жилийн өмнө Германы нэртэй зохиолч “Зууны ахан дүүс” роман бичсэн ч үзэл бодлын хувьд би таашаадаггүй, ийм учраас дурдахыг хүссэнгүй.

-Их хааныг цаашид аль талаас нь судлах бодолтой байна?

-Чингис хааны түүхийн талаар би багагүй уншиж, судалсан. Унших бүрт шинэ зүйл гарч ирдэг. Монголын Эзэнт гүрнийг үндэслэгч, баатар жанжин гэхчлэн түүний тухай маш олон баримтуудыг үзэхэд  нэг хүн энэ насандаа бүтээж, хийж чадсан гэж үү гэж гайхмаар. Энэ олон талаас түүний дүр гарч ирдэг. Хэдхэн хоногийн дараа би СУИС-ийн багш, оюутнуудтай хамтран сургалт явуулна. Бидний сургалт, судалгааны ажилд энэ сэдэв голчилж байгаа. Миний хувьд ямар сэдэв сонирхол татаж байгаа  вэ гэвэл,  XXI  зууны залуус Чингис хааны тухай юу гэж бодож байна вэ, хэрхэн төсөөлж байна вэ, өнөөгийн залуусын амьдралд хэрхэн тусгалаа олж байна, ирээдүйн амьдралд яаж тусгалаа олох  вэ гэдгийг гаргаж ирмээр байна. Энэ маш чухал сэдэв, миний дараагийн судалгаа ийшээ чиглэнэ.

ГЕРМАНЫ “ЧИНГИС ХААН” ХАМТЛАГТАЙ  СЕЛЬФИДСЭН  ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ШҮҮМЖЛЭВ

Коринна Бетте-гийн илтгэлийн дараа танхимд асуулт ар араасаа хөвөрсний зэрэгцээ хуралд оролцогч, ажиглагчдын зүгээс  хэсэгтээ л  шүүмжлэл өрнүүлээд авсан. Тодруулбал, “Чингис хааны талаарх Гитлерийн үзэл баримтлалыг та юу гэж үзэж байна”, “Германы Чингис хаан хамтлагийн дуулдаг дууны талаар юу хэлэх вэ” гэхчлэн асууж байв. Тэрээр хариултад “Уучлаарай, морио давираад,  архи  дарс уугаад согтож унаад  Чингис хаан гэхчлэн тэр  дууны  үг, хэллэг надад таалагддаггүй. Монголчууд  тэр дууг дуулж бүжиглээд  байдгийг бас  ойлгодоггүй. Тэр дууг олон хүн мэдэх болсон нь хөгжмийн ая данд байгаа байх. Хөнгөн, шоуны хэлбэртэй учраас олонд тарсан болов уу” гэлээ. Гитлерийн үзэл баримтлалын тухайд “Гитлер Чингис хааныг биширдэг байсан. Тэгсэн атлаа өөрөө фашист үзэлтэй тул тэрхүү бишрэл, хүндэтгэлээ ил нуудаг байсан гэж германчууд үздэг” хэмээв. Оролцогч, ажиглагчдын зүгээс “Германы Чингис хаан хамтлаг их хааныг доромжилсон үг хэллэгтэй  дууг дуулдаг байтал Ерөнхийлөгч хүлээж авч уулзан хүндэтгэл үзүүлж, хамт сельфидэж, “Найрамдал” медалиар шагнаад зогсохгүй Монголд тоглолтоо хийхийг урьсан зэрэг нь Монголын төрийн бодлого сул байгаагийнх гэсэн шүүмжлэлийг хэлж байлаа.

“ДҮР БҮТЭЭХЭД  ЖҮЖИГЧНИЙ УРАН ЧАДВАР, БОДГАЛЬ ЧАНАР НӨЛӨӨЛДӨГ”  

СУИС-ийн Тайзны урлагийн сургуулийн Ярих урлагийн танхимын эхлэгч Б.Даваа “Чингис хааны дүрийг бүтээсэн зарим жүжигчний уран бүтээлч ажиллагаанд хийсэн ажиглалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрээр судалгаандаа үзэгчдэд хүрсэн, Их хааны дүрийг нэг талаас түүхэн үнэнд ойр, нөгөө талаас уран сайхны аргаар хүмүүст хүргэсэн  дөрвөн бүтээлийг сонгож авчээ. Судалгааг хэрхэн хийснээс сургуулилт, дүр бүтээх явц хэр үр дүнтэй болох нь  шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, тухайн агшныг гаргахад дүрийн амьдралд ойр, үнэнд хэр  дөхөж очсоныг судлаач үе шаттай авч үзжээ. 

Төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатарын хувьд  “Үхэж үл болно Чингис хаан” киноны үйл явдал дунд их хаан болж төлөвших  шатанд яваа Тэмүүжингийн дүрийг гаргасан бол Монгол Улсын гавьяат жүжигчин А.Энхтайван  “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд зураач,барималчдын их хааны дүр төрхийг бүтээхдээ судалж, тодруулсан баримтад түшиглэснээрээ гадаад дүр төрхийн илэрхийлэл болж чадсан.   

“Атга нөж” жүжигт их хааны дүрийг бүтээсэн Төрийн шагналт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарамын тухайд  Чингис хааны бодгаль чанар, дотоод сэтгэлийн эрч хүч, оюун ухаан, суу билгийг цогцоор гаргаж чадсан бол  ӨМӨЗО-ны нэрт жүжигчин Б.Баасангийн тоглосон “Чингис хаан” олон ангит кинонд  их хааны оюун ухаан, сэтгэл санааны ертөнцийг нүүр, нүдний харцаар сайтар илэрхийлж гаргасан. Дээр нь өөрөө цэргийн хүн байсан учраас эрэмгий дайчин байдлыг илэрхийлэхэд  биеийн хөдөлгөөн нь Их хаан ийм л хүн байсан болов уу гэх итгэл үнэмшлийг бүрдүүлсэн. Энэ бүхэн дээр тухайн жүжигчдийн байгалиас заяасан төрмөл ухаан, амин чанар ихээхэн нөлөө үзүүлсэн. Ер нь тухайн бүтээл дэх их хааны дүр сайн болсон гэдэг нь баг хамт олны хөдөлмөр, зүтгэлийн үр шим  гэдгийг  судалгаанд дурджээ.

СОЛОНГОСЫН УТГА ЗОХИОЛ ДАХЬ ДҮР  ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙНА

БНСУ-ын Гуанжу Чоннамын зохиолчдын холбооны захирал, яруу найрагч Пак Гван Со “Солонгосын утга зохиолд тусгагдсан Чингис хаан” сэдэвт илтгэлдээ утга зохиолд мөнгө шүтэх үзэл газар авч буйг дурдсан. Иймд  “Нар манддаг дорноос нар шингэдэг өрнө хүртэл явъя” гэсэн зорилгоор  соёлын сүлжээнд түшиглэн шинэ үнэт зүйлс,шинэ хүрээлэл бий болгохыг зорьж байсан Чингис хааны үзэл санаанд анхаарлаа хандуулах ёстой. Үүний тулд Солонгосын утга зохиолд тусгагдсан Чингис хааны дүрийг судлах хэрэгтэйг онцлов. Хоёр улс урт хугацааны найрсаг харилцаатай явж ирсэн бөгөөд орчин үеийн утга зохиолд их хааныг олонтаа дүрсэлсэн байдаг.

Солонгосын орчин үеийн утга зохиолд анхдагч гэж үзэж болох шүлгийг  1930-аад онд яруу найрагч Бэг Сон бичжээ. 1940-өөд онд И Юүг Са /1904-1944/  мөн үндэсний үзэлтэй шүлэг бичсэн байдаг. Их хааны амьдралыг шууд хөрвүүлсэн уран зохиолууд дундаас Ким Хён Сү-гийн “Зуд-ядуу хөвгүүд” бүтээлд   намтрыг солонгос хэлнээ шууд хөрвүүлсэн. Сүүлийн үед Монголын нийгэм, соёлын нөхцөл байдалтай уядуулан судалсан бүтээл гаргах нь олширч, тухайлбал, зохиолч Чин Сон Тэ-гийн “Чоно” /2009 он/ бүтээлд Чингис хааны талаарх соёлын амьдралыг түлхүү  харуулах болсон. Цаашид Чингис хааны намтраас амьдралын сургамжийг хүлээн авах уу, шинэчлэгдэн шалгагдсаар байгаа их хааны харилцаа холбоог өөрийн болгох уу гэдэг асуулт бий. Гэвч одоогийн Солонгосын соёл болон дэлхийн соёл дотор алдагдахаас аргагүй байгаа хүн төрөлхтөний үндсэн чанарыг сонгох цаг ирсэн. Их хааны дүр төрхийг хүлээн авахаас илүү овог угсаа, бөө мөргөл зэрэг цогц ойлголтыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж судлаачийн зүгээс  дүгнэжээ.

ХЯТАДЫН ХОЁР СУДЛААЧ 10 КИНОНД АЖИГЛАЛТ ХИЙЖЭЭ

Монголч эрдэмтдийн хуралд БНХАУ-ын хоёр судлаач нэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.  Хятадын нэрт  кино найруулагч,  судлаач Жан Жун Нянь  “Дөрвөн кинон дахь Чингис хааны дүрийг шинжлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрээр “Нэгэн үеийн тэнгэрлэг хүн” /БНХАУ/, “Бөртэ чино” /Япон/, “Чингис хааны хүсэл” /ОХУ, “Монгол Вон” /Орос-Монгол/ зэрэг  дөрвөн киног харьцуулан судалсан байна. Эдгээр бүтээлд домог мэт ярьж, бичиж ирсэн түүхэн хүнийг бодит дүр болгон харуулсан нь ихээхэн зөрүүтэй. Зан чанар, сэтгэхүйн хувьд ч өөр. Эдгээр дүрүүдэд хүн талаас харуулснаас биш төр барих арга ухаан, улс төр, соёл, цэргийн  бодлоготон талаас  төдий л сайн гаргаагүй.  Цаашид домогчлох бус бодит хүн талаас дүрслэх хэрэгтэй”  гэсэн санааг дэвшүүлэв. 

БНХАУ-ын кино зохиолч, судлаач  Шюи Гуан-ы хувьд   2006 оноос Хятадын дөрвөн кинон дахь  Чингис хааны дүрийг, 2011 оноос их хааны тухай Монголын дэлгэцийн хоёр бүтээлийг харьцуулан судалсан байна. Тэрээр  “Их хааны сэдвээр бүтээсэн хоёр орны  өргөн дэлгэцийн нийт зургаан кино бий. Монголд 1992 онд Б.Балжинням найруу­лагчийн бүтээсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор”, 2008 онд бүтээсэн “Үхэж үл болно, Чингис хаан” кино бий. Өвөрмонголд 1986 онд  “Чингис хаан” , 1998 онд “Нэгэн үеийн тэнгэрлэг хүн” киног бүтээсэн. Хятад улс болон  Шандунь аймаг мөн их хааны тухай кино хийсэн. Эдгээр бүтээлд их хааны дүрийг хэрхэн бүтээснийг харьцуулж судлахад, нэгдүгээрт  зовлон дунд өссөн баатар, хоёрдугаарт чин журамт анд нөхөр, гуравдугаарт эрдэм чадал төгс бурхан, дөрөвдүгээрт алсын хараатай агуу их  хаан, тавдугаарт  ялсан баатар хэдий ч эгэл хүн гэдгийг  харуулжээ. Ингэхдээ хоёр улсын кинонд эдгээр тал давхацсан нь олон”  гэдгийг  дурдав.

 
Ж.Долгорсүрэн: СУДАЛГААНЫ ШИНЭ ТАЛБАРЫГ БИЙ БОЛГОЛОО

“Чингис хааны дүр тайз,дэлгэц, дүрслэх урлагийн бүтээлд” салбар хуралдааны нарийн бичгийн дарга СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал,доктор, профессор Ж.Долгорсүрэн эрдэмтэн, судлаачдын бүтээлийг ингэж дүгнэсэн юм. Түүнээс цөөн асуултад хариу авлаа.

-Салбар хуралдаанаар хэлэлцсэн асуудлаас ямар сэдэв  анхаарал татав?

-Чингис хааны дүр урлагт хэрхэн дүрслэгдэж байгаа талаарх сэдэв нь Монголын соёл урлаг судлалын тухайд судалгааны шинэ чиглэл гэж ойлгож болно. Ялангуяа XXI зуунд  Чингис хааныг дэлхийн манлай хүн, дэлхийн соёлын үзэгдэл гэж үзэх болсон. Дундад улсын шинжлэх ухааны академиас тийм ном гаргасан байна лээ. Тэр бүтээлээс үзэхэд, дэлхийн улс үндэстнүүд их хааныг өөрсдийн өвөг дээдэс болох, өөрсдийн соёлын баатар болгох, урлагийн дүрслэлд нэг гол обьект болгох чиг хандлага их байна. Нэг талаас, Чингис хааны бүтээсэн түүхээр, түүний суу залиар бахархах бахархал  гэж эерэгээр харж болно.

Мөн үндэстэн, угсаатан өөр өөрийн түүхийг дахин шинээр бичих сэтгэлгээ, урлахуйн шинэ хандлагууд  бий болж байна. Энэ дүр дүрслэлийн арга маяг дотроо  үндэстэн болгон их хааныг өөрийн соёл урлаг, гоо сайхны сэтгэлгээний үүднээс дүрсэлж байна. Жишээ нь, доктор Б.Баяртөр их хааныг олон янзаар дүрсэлсэн тэр дүрслэлүүдийг ангилал хийж судалсан байна. Ингэхдээ их хааны эш хөрөгт үндэслэсэн.  Тэгвэл их хааны эш хөргөөс ангид гоо зүйн сэтгэлгээний үүднээс бурханчлан зурж тэнгэрийн хөвгүүн гэж үзэж шүтээн болгосон дүрслэл  цөөнгүй. Соёлын гавьяат зүтгэлтэн, бурхан урлаач Б.Пүрэвбат ламаас өгсүүлээд гадаадын олон уран бүтээлч танка зургийн аргаар  бүтээсэн. Мөн их хааныг домгийн баатар болгож дүрслэх урлахуйн хандлага дүрслэх урлагт ч, уран зохиолд ч  байна. Чингис хааны дүрийг уран бүтээлчид бүтээхдээ дүрслэлийн хэд хэдэн хэв шинжийг  бүрдүүлжээ. Тухайлбал, Германы судлаач Коринна Бетге роман, жүжгийн зохиолд их хааныг хэрхэн өрнө дахинд хэрхэн дүрсэлснийг судалж сонирхолтой судалгаа хийжээ. Тэгвэл доктор С.Соронзонболд  хөгжмийн урлагт, ялангуяа кинонд их хааны дүр дүрслэлийг хөгжмөөр хэрхэн илэрхийлсэн талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. БНСУ-ын төрийн шагналт зохиолч, судлаач Пак Гван Со  Солонгосын зохиолд их хааныг хэрхэн дүрсэлснийг судалжээ.

Өөрөө зохиолч хүн учраас тэрээр солонгосууд Чингис хааныг үндэсний баатраа гэх хандлага байгааг гаргаж тавилаа. Мөн манай судлаач Б.Хишигсүх  “Чингис хааны дүрийг бүтээсэн ололт амжилт, алдаа эндэгдэл”-ийг судалжээ. Ер нь бол өөр өөрсдийн өнцгөөс дүрслэх нь эш хөрөг, эш дүрийг гажуудуулах, өөр дүр болгож гаргаж ирэх дутагдалтай байдаг юм байна.  Түүнчлэн “Чингис хааны дүрийн хронотоп шинж”-ийг “Атга нөж” жүжгийн жишээн дээр СУИС-ийн утга зохиолын танхимын эрхлэгч  П.Батхуяг  сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Үүний зэрэгцээ доктор  Д.Уранчимэг “Их хааны дүр уран барималд” сэдэвт  илтгэлээрээ хамгийн үнэнд ойр дүрийг  Буриад улсын уран барималч Даши Намдаков бүтээсэн гэсэн санааг дэвшүүлжээ. 

ОХУ-ын ШУА-ийн академич, Сибирийн ШУА-ийн академич М.Ю.Шишин Төрийн шагналт зураач Ц.Цэгмэдийн бүтээл дэх Чингис хааны дүр зэрэг  судалгаа хийж Эзэнт гүрнийг байгуулж байгаа  их эзэн хааныг дүрсэлсэн гэж дүгнэсэн байна. Үүний зэрэгцээ ирж чадаагүй ч илтгэлээ  Татарстаны эрдэмтэн Гузель Сулмейманова, Халимагийн  Валерий Николаевич Бадмае нар бий.  Энэ мэтчилэн судлаачид өөр өөрийн өнцгөөс их хааны дүрийг урлагт хэрхэн бүтээснийг гаргаж ирсэн нь сонирхолтой  бөгөөд цогц судалгаа болжээ. Цаашид Чингис хааны дүрийн судалгааг бид тогтвортой авч явж Чингис судлалын нэг хэсэг болгох зорилт тавьсан. Судалгааны шинэ талбарыг бий болгосноороэ энэ удаагийн хурал, Монголын шинжлэх ухаан, соёл  урлаг судлалд  оруулж буй үнэтэй хувь нэмэр гэж үзэж байна.

Зураг