Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Уг хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн 310 км замыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ.
Улаанбаатар Дархан чиглэлийн автозам дагуу судалгаа хийхэд эвдрэл, гэмтлээс гадна огцом эргэлт, өгсөлт, уруудалт ихтэй, үзэгдэх орчин хангалтгүйгээс хамгийн их осол аваар гардаг есөн хар цэг гэж тэмдэглэгджээ. Тиймээс тус есөн хэсгийн замыг өргөтгөх, нэмэлт эгнээ барих, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах зэрэг ажлыг хийх юм байна.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Монгол Улс дахь Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез "Сайн замыг дагаж нийгэм, эдийн засагт олон сайн боломжууд бий болдог. Нийгмийн үйлчилгээ ойртож, эдийн засагт гарц нээгддэгээрээ ач холбогдолтой. Ийм чухал төсөлд гарын үсэг зурсандаа баяртай байна" гэсэн бол Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ "Улаанбаатар-Алтанбулаг буюу Дарханы замыг өргөтгөн шинэчлэх ажилд 60 сая ам.доллар зарцуулна. Нийт 310 км замын ажлыг энэ жилдээ багтаан эхлүүлэхийн тулд бид бүх хүчин чадлаараа мэрийж ажиллана. Энэ зам Монголчуудын хувьд үр өгөөжтэй зам байна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Энэхүү 60 тэрбум ам.доллар буюу 150 тэрбум төгрөг нь АХБ-ны ердийн зээл гэсэн ангилалд багтаж байгаа юм байна. Нийт 27 жилийн хугацаатай бөгөөд эхний долоон жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй аж. Харин дараагийн 20 жилд үндсэн зээл дээр нэмэх нь 0.6 хувийн хүүтэйгээр төлөх нөхцөлөөр уг замын өргөтгөл, шинэчлэлийн гэрээ байгуулж байна.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "150 тэрбум төгрөг гэдэг бол их мөнгө. Улаанбаатар-Дарханы чиглэлийн авто замын ажил дээр хугацаа алдсан. Учир нь энэ замыг концессын гэрээгээр шинээр барина гээд гэрээ зурсан байсан. Гэвч гүйцэтгэгч компани эдийн засгийн тооцооллоо хийгээд, санхүүжилт босгож чадахгүй болсноор замын ажлыг гүйцэтгэх боломжгүй болохоо Засгийн газарт мэдэгдсэн. Уг мэдэгдлийг авангуутаа бид АХБ-тай ярилцаж, харьцангуй богино хугацаанд зээлийн гэрээ байгууллаа" гэсэн юм. Мөн тэрбээр иргэдийн хүсэж буйгаар Дарханы замыг шинээр тавих одоогоор боломжгүй тул одоогоор байгаа замаа шинэчлэн, сайжруулж байгааг тайлбарласан.
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн хэлсэнчлэн замын ажлыг энэ ондоо багтаан хийхээр төлөвлөж буй. Харин гүйцэтгэгчийг Азийн хөгжлийн банкны тавьсан шалгуурын дагуу сонгон шалгаруулах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!