Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Япончуудад туслах аяныг Асашёорү Д.Дагвадорж аварга эхлүүллээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Япон улсын баруун хэсгээр энэ сарын 8-10-нд орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, 14 муж хохирол амсан 200 гаруй хүн амиа алдаж, 50 гаруй хүн ор сураггүй болоод байгаа билээ. Тэгвэл тус улсын гамшигт өртсөн иргэдэд туслах хандивын аяныг Японы сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорү Д.Дагвадорж эхлүүлж байгаагаа твиттер болон фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдээд буй. 

Тэрбээр хандивын дансаа удахгүй зарлах бөгөөд өөрийн зүгээс 10,000 ам.доллар хандивлаж буйгаа илэрхийлсэн.

Тэгвэл түүний ах, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд, Монгол-Японы Парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар мөн тус улсад туслах ажлыг эхлүүлжээ. Тэрбээр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Масато Такаокатай уулзаж, байгалийн гамшгийн улмаас харамсалтайгаар амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн Япон улсад туслах талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон холбогдох албаныхантай уулзаж, энэ талаар анхаарч ажиллаж байгаа аж. 
 
Япон улсад болсон үер, хөрсний нуралтын улмаас нас барсан иргэдийн тоо энэ сарын 12-нд 209 хэмээн мэдээлж байсан бол ням гарагт дахин 17 хүнээр нэмэгдэж, ор сураггүй болсон хүний тоо 75-д хүрчээ. 

 

Тус улсын Хирошимад, Эхиме, Окаяама, Ямагүчи, Кёото, Шига, Кочи, Фүкүока, Кагошима зэрэг 14 муж байгалийн энэ гамшгаас хохирол амсаад буй. Нийт 5.9 сая хүнийг 19 мужид нүүлгэн шилжүүлэх зөвлөмж хүргүүлсэн бөгөөд одоогоор 30 гаруй мянган хүн нүүлгэн шилжүүлэх төвд байрлаж байгаа юм байна.

 

Гамшигт хамгийн ихээр өртсөн газруудын нэг болох Окояама мужид, Ода голын орчимд гурван далан задарчээ. Үүний улмаас орон гэргүй болсон 1000 гаруй хүнийг завь болон нисдэг тэргээр аварсан байна. Мабичо дүүргийн 25 хувь буюу газар нутгийнх нь 12 км кв газар усанд живжээ. Японы Хөдөө аж ахуйн сайдын мэдэгдсэнээр тус улсын ХАА-н салбарт 207 сая ам.долларын хохирол учраад байгаа бөгөөд энэ дүн нэмэгдэхээр байгаа аж.

 

Японы баруун хэсгийн 56 чиглэлд үйлчилдэг төмөр замын 17 оператор компани үйлчилгээгээ түр зогсоожээ.  
 
Энэ сарын 8-10-нд орсон аадар борооны үеэр Сүсаки, Кочи хотод цагт л 90 мм хур тунадас орсон Токай, Кюүшү орчимд 24 цагийн дотор 250 мм хур тунадас буусан байна. Үерийн аюул үргэлжилсээр буйг Японы Цаг уурын газраас анхааруулсаар байгаа аж.
 
Монгол Улс Япон улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой өнгөрсөн жил тохиосон.  
Энэ хугацаанд Монгол Улсад гадаад улс орнуудын үзүүлж байсан зээл тусламжийн гуравны хоёр(70% орчим) буюу нийт 3.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг эдийн засгийн шилжилтийн үед Япон улс дангаар хийсэн талаар тус улсад Монгол Улсыг төлөөлөн суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар дурдаж байсан билээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.