Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл эхэллээ

Б.Сувд, iKon.mn
2018 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл өнөөдөр 13:00 цагт эхэллээ. Бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ цахим хаягаар явуулж байгаа бөгөөд наймдугаар сарын 26-ны өдрийн 00:00 цагт дуусна.

Монголын Хуульчдын холбооноос шалгалтыг 2018 оны есдүгээр сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товложээ.

Шалгалт сорилго, бодлого гэсэн хоёр үе шаттай явагдана. Сорилгын шалгалт нь 200 асуултаас бүрдэх бөгөөд үргэлжлэх хугацаа 200 минут, бодлогын шалгалтын нэг бодлогыг бодох хугацаа 150 минут байдаг. 

Эхний сорилгын шалгалт есдүгээр сарын 26-ны өдөр явагдаж эхэлнэ. Журмын дагуу сорилгын шалгалт 200 асуулгатай 40 онооны шалгалт байх болно. Үүнээс 60 хувиас дээш буюу 24 ба түүнээс дээш оноо авсан хүн дараагийн шатандаа орох боломжтой. 

Бодлогын шалгалт нь бодит амьдрал дээрх эрх зүйн тохиолдлуудыг хууль хэрэглэн шийдвэрлэх, тодорхой асуулгад хариулт өгөх замаар бодлогын шалгалт явагддаг. Иргэний эрх зүй, Эрүүгийн эрх зүй, Захиргааны эрх зүй гэсэн гурван салбар эрх зүйн чиглэлээр авна. Энэхүү шалгалт нь 60 оноотой. Нийтдээ 100-гаас 70 ба түүнээс дээш оноо авсан бол Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэнэ.

Хуульчийн мэргэжлийн шалтгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Ш.Нарантуяа "Хуульчийн мэргэжлийн шалгалтыг дунджаар 1,000-1,300 орчим хүн өгдөг. Тэднээс 15-20 хувь нь л тэнцдэг. Ихэвчлэн бодлогын шалгалтад хангалтгүй үнэлгээ авдаг. Үүнтэй холбоотойгоор шалгалт өгөх хүмүүст “Бодлогын хураамж” гэх аргачилсан зөвлөмжийн ном гаргасан байна.

Энэ номыг Хуульчдийн холбооны номын сангаас авах боломжтой мөн орон нутгийн хүмүүс бидэнтэй холбогдон захиалж авна. Харин “Сорилгын ном” удахгүй гарах бөгөөд номыг аппликейшн хэлбэрээр хүргэх тал дээр ажиллаж байна.

Мөн оролцогчиддоо шалгалтад ороход зориулсан арга зүйн сургалтуудыг наймдугаар сарын сүүлийн хоёр долоо хоног болон есдүгээр сарын эхний гурван долоо хоногт нийтдээ таван долоо хоногийн хугацаанд зохион байгуулах болно. Дэлгэрэнгүй мэдээлэл наймдугаар сарын 1-нд гарна. Үүнийг Хуульчдын холбооны сайтаас авах боломжтой" гэв.

Шалгалт өгөх хүмүүст тавигдах шаардлага: 

  • Магадлан итгэмжлэгдсэн Хууль зүйн их сургуулийг төгссөн
  • Хуульчийн мэргэших дадлагыг хоёр жилээс доошгүй хугацаагаар хийсэн 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журам болон шалгалтад бүртгүүлэх заавартай https://www.mglbar.mn/ цахим хаягаар танилцах боломжтой. Бүртгэлийн хураамж: 50,000 төгрөг аж.