Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сүхбат: Улиасны унгарилаас үүссэн харшил 0.02 хувьтай байдаг гэсэн статистик бий

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өргөн сагсгар титэмтэй, 18-25 метр өндөр ургадаг улиас мод нь саланги бэлэгт ургамал учраас эр эм гэж байдаг. Эм улиас хавар молцоглож үрээ өгөх үед цагаан өнгийн унгарил унагаж орчныг бохирдуулдаг. Энэ талаар Хотын ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбатаас тодрууллаа.

- Нийслэл хотод хичнээн тооны улиас мод байгаагийн хэд нь унгарил үүсгээд байна вэ?

- Ерөнхийдөө хотын томооохон олон жилийн насжилттай, яалт ч үгүй хотыг ногоон харагдуулж байгаа том масс нь улиас мод юм. Одоогоор Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайд буюу есөн дүүргийн хэмжээнд 13,956 ширхэг улиас мод байна. Энэ нь зөвхөн нийтийн эзэмшлийн талбайд тоологдож байгаа тоо юм. Цаана нь хувь эзэмшлийн болон албан байгууллага, айлуудын хашаанд байрлах улиас бий. Унгарил буюу өөрийнх нь үр хөврөл нь эм улиаснаас гардаг эрээс нь гардаггүй. Харин манай нийтийн эзэмшлийн талбайн 14 мянга орчим улиасын 50 хувь нь эм улиас.

-  Жил бүрийн өдийд улиас унгарилаа хаясаар л байдаг. Үүнийг багасгах тал дээр нийслэлээс ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?

- Навчит модны хувьд 60-аас дээш настай модыг хөгширсөн гэж үздэг. Харин манайд байгаа улиас модны дийлэнх нь болц нь гүйцсэн буюу 50-иас дээш настай, хөгширсөн моднууд. Өнөөдөр биш 50-иад жилийн өмнө тарьсан модны тухай, тухайн үеийн хот төлөвлөлтийн тухай ярих гээд байгаа учраас нэгэнт тарьчихсан нийт эм улиас буюу 7,000 гаруй модыг тайраад хөрөөдөөд хаях боломжгүй.

Үр хөврөл нь 14 хоногийн давтамжтай байдаг учраас тодорхой хэмжээгээр хэсэгхэн хугацаанд гараад л байхгүй болно.

Унгарилыг аль болох багасгах үүднээс нь  хаврын хэлбэржүүлэлтэн дээр таналт тайралтуудыг л хийж өгдөг. Нэг модноос 100 нахиа задардаг гэж бодоход шингэлж 50 болгодог ч юм уу ялгарах хэмжээг нь багасгах ийм процессоор явдаг.

Харин хувь эзэмшлийн хүмүүс мэдэхгүй учраас хамаагүй хөрөөдөж өөрсдөө буруу тайралт хийдэг учраас улиасны үр хөврөл илүү ихэсдэг.

Манайхаас мод бутыг хөрөөд гэдэг чиглэл огт барьдаггүй. Зөв технологиор хэлбэржүүлэлт хийх зэрэг арга хэмжээ авч байгаа. Учир нь Улаанбаатар хотын тоос тоосонцоруудыг багасгах гол зүйл нь мод юм. 

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн зургаан дүүрэгт мод бутыг яаж хэлбэржүүлэх талаар жил бүр зөвлөмж, заавар чиглэл өгдөг. Харин мод бутыг хамаагүй тайрсан хувийн эзэмшлийн байгууллагад бидний зүгээс гомдол гаргасан. Жишээ нь Хан- Уул дүүргийн “Нарлаг” СӨХ гэхэд нийтдээ 60 гаруй улиас хөрөөдсөн гэх мэт үйлдэл гаргасан. Үүнд ч мөн арга хэмжээ авч  байна.

-Цаашдаа хотод улиас модыг нэмж тарих уу?

-Улиасны хувьд бол ган хуурайн нөхцөлд ургах боломжтой дээрээс нь ус бага шаардагддаг. Манай орны цаг агаарын нөхцөлд тэсвэртэй, шалгараад үлдсэн мод. Ганцхан хотын гудамж талбайд эр улиас тарих юм бол энэ нь асуудал биш болно. Мөн эм улиасыг зөв хэлбэржүүлээд гарч байгаа унгарил буюу хөвөнгийн хэмжээг багасгах гэсэн чиглэл барьж байна.

-Улиасны унгарил харшил үүсгэдэг үү? Энэ талаар иргэдэд ямар зөвлөмж өгөх вэ?

- Хүмүүс харшлын тал дээр буруу ойлголт аваад байна. Ургамлын харшилтай өвчилсөн  нийт хүмүүсийн 99.8 хувь нь хөл газрын ургамал буюу шарилжнаас, тоос тоосонцороос үүдэлтэй харшил байдаг.

Харин улиасны унгарилаас үүссэн харшил бол 0.02 хувьд л байгаа гэсэн статистик тоо баримт байдаг.

Хүмүүс нүүрээр наалдаж, хамар луу ороод байгаа болохоор тэр байдлаас нь төвөгшөөж улиасыг ад үздэг. Гэхдээ ер нь бол харшлынхаа хувьд дийлэнх нь хөл газрын ургамлынх байдаг юм.

Энэ модыг гоёлын шинж талаас нь хотын ногоон байгууламжид тарих боломжтой. Улиас модыг битгий ад үзээчээ. Үр хөврөл нь 14 хоногийн давтамжтай байдаг учраас тодорхой хэмжээгээр хэсэгхэн хугацаанд гараад л байхгүй болно.