"ДУЛААНЫ IV ЦАХИЛГААН СТАНЦ" ТӨХК-ийн Үнэлгээний хороо нь “Үнсэн сан №3-ын их засвар”-ын ажлыг 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нээлттэй тендер зарлаж, “ТБОНӨХБАҮХА тухай хууль”-ийн дагуу үнэлж, шалгаруулсан болно.
Энэхүү тендерийн үнэлгээний үйл ажиллагаанд Эрчим хүчний яам болон аливаа гаднын байгууллага, хувь хүн нөлөөлөх боломжгүй бөгөөд зөвхөн Үнэлгээний хороо “ТБОНӨХБАҮХА тухай хууль”, холбогдох журмын хүрээнд бие даан, хараат бус шийдвэр гаргадаг.
Гэвч 2025 оны 08-р сарын 22-нд ubn.mn сайтад “ДЦС-4”-ийн удирдлагууд техникийн даалгавраа зарим компанид тааруулан засаж, 3.8 тэрбум төгрөгийн өндөр үнэ санал болгосон компанийг шалгаруулсан уу”, мөн 08-р сарын 27-нд zarig.mn сайтад “Хууль бус тендерт Б.Чойжилсүрэн сайд гараа дүрсэн үү?” гэх агуулгатай мэдээллүүд нийтлэгдсэн нь олон нийтэд ташаа ойлголт өгөхөд хүргэсэнд бид гүнээ харамсаж байна.
“ТБОНӨХБАҮХА тухай хууль”-ийн 27.1. “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ”, 27.5. “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэсний дагуу үнэлж, шаардлагад нийцсэн 2 тендерийн хамгийн бага үнэтэйг шалгаруулсан болно.
Тендер шалгаруулалттай ямар ч хамааралгүй байгууллага, хувь хүмүүсийн нэр хүндэд халдсан ор үндэсгүй, илт худал мэдээлэл түгээж байгаа нь хууль бус үйлдэл бөгөөд бид цаашид холбогдох хууль, шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх болно.
“ДУЛААНЫ IV ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК нь аливаа тендерийн үйл ажиллагааг ил тод, шударга зарчимд тулгуурлан хэрэгжүүлж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу ажилладаг болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
"ДЦС-4" ТӨХК-ийн “Үнсэн сан №3-ын их засвар”-ын тендерийн үнэлгээний хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!