Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2025 оны бэлтгэл хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг Ерөнхийлөгчийн Тамгын Газраас өнөөдөр зарлалаа.
Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан холбогдох журмын шалгуурын дагуу болзол хангасан сум, хороо бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо тэргүүлсэн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг байна.
Автоматаар шүүж гаргасан жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар, аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны 1/3817 тоот албан бичгийг үндэслэн 404 хүүхдийн нэрийг зарлажээ.
Болзол хангасан хүүхдүүд төрийн өмчийн их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийх бөгөөд бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн тохиолдолд сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамаарч аль улсын ямар их, дээд сургуульд сурах нь шийдэгддэг байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их сургуулиуд холбогдож зааварчилгаа, мэдээлэл өгөх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!