Нийслэлийн Боловсролын газар болон 9 дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, нийслэлийн төрийн өмчийн ЕБС-ийн захирлууд болон иргэний нийгмийн байгууллагуудын 140 гаруй төлөөлөл сургуулийн орчин, сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх зэрэг ЕБС-ийг тойрсон асуудлуудад хийсэн хөндлөнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмжүүдийг өнөөдөр танилцууллаа.
"IRIM" судалгааны хүрээлэн төлөөлөл н.Аюуш "Манайх амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёрдугаар хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээг хийсэн. Манай судалгаа нь 11-15 настай хүүхдүүдийн дунд Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл яаж хэрэгжсэн гэдгийг ажигласан. Энэ насны хүүхдүүдийг хүн амын харьцангуй эрүүл бүлэг гэж үздэг. Харин урьдчилан сэргийлэх тал дээр хангалтгүй. Сонгож авсан зургаан сургууль дээр ажиглахад хүүхдүүд хөдөлгөөн муутай, эрүүл хүнсний талаарх ойлголт бага гэх мэт дүгнэлт гарсан.
Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн яамны сайдын 207 дугаар тушаалын дагуу байнга хяналт тавигддаг ч илүү тэжээллэг талаас нь буюу калор талаас нь тавьдаг. Харин одоо үүнийг арай өөр нөхцөлөөс эрүүл хүнс хэрэглэж байна уу гэдэг дээр хяналт тавиад эхэлвэл огцом өөрчлөлттэй болох юм. Жишээ нь хүүхдийн хүнсэнд давсны хэрэглээ ямар, хэт шарсан хуурсан хоол идэж байгаа эсэх, сургуулийн ойр орчимд хийжүүлсэн ундаа зарж байгаа гэдэг дээр хяналт тавьбал санхүүжилт шаардлагагүй.
Мөн хүүхдийн хөдөлгөөн судалгаагаар эрс буурсан гэж үзэж байна. Судалгааны явцад 2,300-аад хүүхдээс асуулга авсан боловч бодит байдал дээр өөр. Таван өдрийн турш дөрвөн хүүхдийг л дагаж ажиглахад хүүхдүүд биеийн тамирийн хичээлээс бусад үед хөдөлгөөнгүй сууж байгаа нь ажиглагдсан. Мөн биеийн тамирын хичээлд 3 анги нэг зааланд цуг орж байсан. Ийм тохиолдолд эхний 10 минут дасгал хийгээд л үлдсэн хугацаанд нь зарим нь тоглоод, утсаараа оролдож хөдөлгөөнгүй сууж байгаа нь анзаарагдсан. Үүнээ гадна амралтын өдрүүдэд сургуулийн заалыг шалгахад хувийн албан байгууллагууд түрээсэлсэн байсан нь хүүхдүүдэд хичээлийн цагаар болон чөлөөт цагаар нь ч сургуулийн заал хүртэмж муутай байдаг гэсэн дүнгэлтэд хүрсэн. Иймд биеийн тамирийн хичээлийн чанарыг сайжруулж аль болох хүүхдийн хөдөлгөөнд анхаарах хэрэгтэй” гэлээ.
Боловсролын хамтын ажиллагаа нийгэмлэг ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батжаргал "Бид маш нарийвчилж хүүхдийн нийгмийн амьдралд оролцох чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийж үзлээ. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа маань 7 хоногт нэг цаг орохоор хичээлийн бус үйл ажиллагаа юм.
Уг үйл ажиллагаа нь оролцооны чадвар, манлайлах чадвар, харилцааны чадвар, өөрийгөө удирдах чадварыг хөгжүүлэх гэсэн 4 зорилттой байдаг.
Эдгээр чадварууд онолын мэдлэг олгохоос бусад үйл ажиллагаагаар дамжуулаад, хичээл хоорондын уялдаатайгаар явагдах ёстой. Гэвч энэ нь бүрэн гүйцэт хийгдэхгүй байгаа болохоор хүүхдүүд өөрсдийн сонирхсон үйл ажиллагаагаар энэ ур чадвараа хөгжүүлэх боломж нь хязгаарлагдмал хангалтгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Учир нь сургуулиуд тухайн үйл ажиллагааг зөвхөн өөрийнхөө нөөц болоцоонд тулгуурлаж явуулж байна. Энэ үйл ажиллагаа амжилттай хүүхдүүдэд хэрэгцээтэй байх эсэх нь тухайн сургууль болон үйл ажиллагааг зохион байгуулж буй багшийн идэвхи санаачлагаас шалтгаалж байна.
Бидний хувьд сурагчийн хэрэгцээнд тулгуурлаад тус тусийн чадвар хөгжүүлэх дээр анхаарч ажиллах ёстой. Мөн багшид үзүүлэх ном гарын авлага гэх мэт арга зүйн дэмжлэг шаардлагатай байна” хэмээв.
Дэлхийн Банкны засаглалын мэргэжилтэн Д.Амарбаясгалан "2015 онд Хөгжлийн Бодлого Төлөвлөлтийн тухай хууль батлагдсанаар иргэд иргэний нийгмийн байгууллагууд судлаачид бодлогын үнэлгээг тодорхой давтамжтайгаар хийж эцсийн хэрэглэгчид болох иргэнд ямар өөрчлөлт авчирч байгааг гаргах боломжтой болсон. Үүнд тодорхой арга зүй дутагдаж, дэмжлэг шаардлагатай учраас манайх дэмжсэн. Хэрвээ энэ үнэлэлт, зөвлөмжүүд сургуулийн түвшинд болон нийслэлийн хэмжээнд өөрчлөлтүүдийг авчрах юм бол маш үр нөлөөлтэй арга хэрэгсэл болно” гэв.
Тунгаамал төв ТББ-ын гүйцэтгэх захирал О.Тунгалаг “2010 онд Засгийн газраас батласан хөтөлбөрийн хүрээнд сургуулийн орчны стандартыг батлана гэж заагдсан. Энэ сурах орчны стандартын хэрэгжилт ямар байгаа талаар нийслэлийн зургаан дүүрэгтэй танилцлаа.
Харин үнэлгээний дүгнэлт нь сурах орчны стандарт 63.3 хувьтай гарсан. Үнэлгээний дүнгээс харахад хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах төсөв мөнгө хангалтгүй байна. Мөн сургуулиуд 29-63 насжилттай байхад хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байна. Иймд хүүхдүүдийн сурах орчныг хангахад нилээд хүндрэлтэй байна гэж үзсэн.
Захын хорооллын сургууль нь ачаалалттай байгаа хүүхдүүдийн сурах орчин сайн биш. Түүнийгээ дагаад сургалтын чанар болон хүүхдүүдийн эрүүл мэндэд нь зохих хэмжээгээр нөлөөж байна гэсэн үнэлгээний дүгнэлт гарч байна” гэсэн юм.
Төслийн хүрээнд хийгдсэн хөндлөнгийн анхны үнэлгээнүүдийг IRIM Хараат бус судалгааны хүрээлэн, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг болон “Тунгаамал” төрийн бус байгууллагууд хийхээр шалгаран энэ оны эхээр гүйцэтгэжээ. Мөн 70 гаруй төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулийн төлөөлөл хөндлөнгийн үнэлгээ хийх сургалтанд хамрагджээ.
Мөн Боловсролын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн эдгээр хөндлөнгийн үнэлгээг Дэлхийн Банк, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилт бүхий “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд анх удаа хийсэн юм.
Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл нь 2015 оноос Швейцарын Хөгжпийн Агентлаг, Дэлхийн Банкны хамтарсан санхүүжилтээр 10 аймаг (Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Говь-Алтай, Өвөрхангай, Увс, Ховд, Говьсүмбэр, Хөвсгөл), нийслэлийн 3 дүүрэгт (Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй) хэрэгжиж байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!