Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Тэгш оролцоот нийгмийн үрийг тарих нь

ikon.mn
2018 оны 5 сарын 15
iKon.MN

Хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших эрхтэй гэдэгтэй хүн бүр санал нийлдэг. Харин үүнийг бодит ажил хэрэг болгоход хувь нэмрээ оруулж буй хүмүүсийн нэг бол LEAD Mongolia хөтөлбөрийн оролцогч, иргэний нийгмийн идэвхтэн Л.Ариунзул юм. 

 
LEAD Mongolia хөтөлбөрийн оролцогч, иргэний нийгмийн идэвхтэн Л.Ариунзул

2016 онд Ариунзул үндэстний цөөнх казак түмэн зонхилон аж төрдөг Монгол улсын баруун хязгаар Баян-Өлгий аймгийн төвөөс 300 орчим км-ийн зайд орших Булган суманд очжээ. Тэрбээр иргэдээс судалгаа авч, холбогдох мэдээлэл цуглуулан, боловсролын чанарыг сайжруулах зөвлөмж боловсруулах зорилго өвөртөлсөн нь тэр байв. Тус сумыг зорьж очдог судалгааны баг ховор ч Ариунзул ажлын нөхдийн хамт хийж буй судалгаандаа нийгмийн бүх төлөөллийн дуу хоолойг шингээхийг эрмэлзжээ. 

Судалгааны үр дүнд тэндхийн сургалтын чанар дулимаг, хэлний бэрхшээл их, казак хэлээр сургалтын материал бараг байхгүйтэй адил гэдэг нь тодорхой болов. “Төрөлх хэлээрээ сурч боловсрох боломжгүй байгаа нь хүүхдүүдийн хувьд хүндрэлтэй байна” хэмээн тэрээр тайлбарласан юм. Нийт 21 аймгаас Баян-Өлгий аймаг боловсролын чанараар адагт жагсдаг хэвээр байна.   

Судалгааны явцад нэг сурагч охин өмнө нь хэн ч тэдний санал сэтгэгдлийг асууж, сонсож байгаагүйг дурдаад бодлоо хуваалцах боломж олгосонд талархсанаа илэрхийлжээ. Ариунзул “Би дорвитой юм юу ч хийгээгүй байхад тэр охин баярлалаа гэсэн. Тэгэхээр хүмүүс дуу хоолойгоо хүргэхийг л хүсдэг байх нь” гэсэн юм. 
 
LEAD Mongolia хөтөлбөрийн оролцогчид,

Энэ сард нээлтээ хийх “Өөрчлөлтийг хамтдаа” бүтээл нь тэгш хүртээмжтэй нийгмийг бүтээхээр зорьж яваа LEAD Mongolia хөтөлбөрийн долоон оролцогчийн түүхийг өгүүлэх бөгөөд гол дүрийн нэг болох Ариунзул хийж буй ажлаа танилцуулна. 

Нийгмийн тэгш оролцоо, хүртээмжийг хангах нь LEAD Mongoliа хөтөлбөрийн эрхэм зорилгын нэг. Тус хөтөлбөрийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр “World Learning” ТББ 2016 оноос хойш хэрэгжүүлж ирсэн бөгөөд салбар салбарын манлайлагч залууст сургалтанд хамрагдах, АНУ-д солилцоогоор сурах зэргээр ур чадвараа дээшлүүлж, улмаар сурч мэдсэнээ нийгэмд ээлтэй төсөл болгон хэрэгжүүлэх боломж олгодог.

Иргэний нийгэм, хүүхдийн эрх, чанартай боловсролын төлөө сүүлийн арваад жил зүтгэж яваа Ариунзул нийгмийн тэгш оролцоог хангахыг эртнээс чухалчилж иржээ. 2014 онд Ариунзул Монголын Багш-Эцэг эхийн холбоо (МБЭЭХ)-г байгуулж, Монгол улсад шинэлэг ойлголт болох боловсролын чанарыг сайжруулахад эцэг, эхийн оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах болжээ. Эхэндээ тэрбээр далайцтай үйл ажиллагаа явуулж, аль болох олон эцэг, эх оролцуулахыг эрмэлзсэн ч удалгүй бодит эрэлт хэрэгцээ хаана байгааг олж харсан байна. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, үндэсний цөөнх казак иргэдэд түлхүү анхаарч эхлэв. Учир нь өнөөг хүртэл боловсролын тухай аливаа яриа хэлэлцүүлэг өрнөхөд эдгээр бүлгийн дуу хоолой орхигдож ирсэн байна. 

 
LEAD Mongolia хөтөлбөрийн оролцогчид,

Боловсролын тэгш хүртээмжийг дэлгэрүүлэхэд саад бэрхшээл мундахгүй. Тухайлбал сургуулиуд хамтран ажиллах хүсэлгүй байх, төрийн албан хаагчид аливаа өөрчлөлт шинэчлэлээс хойш суух нь элбэг гэдгийг Ариунзул дурдаж байлаа. Хамгийн ярвигтай нь казак хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаарх нийгэмд хэвшсэн ташаа ойлголтоос үүдэж эдгээр хүүхэд багачуул гадуурхагдаж, үе тэнгийхэнтэйгээ адил боловсрол эзэмших боломжийг хүртэж чаддаггүй аж.

Чухам эдгээр хүчин зүйл тэгш хамруулсан чанартай боловсролын төлөөх тэмцлийг амаргүй болгодог. Казак хүүхдүүдийн боловсролын эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн ажлынхаа талаар Ариунзул нэмж дурдахдаа “Хүмүүсийн тогтсон  хандлага, сэтгэлгээг өөрчлөх хамгийн хэцүү” гэдгийг онцлов. Тэрээр эдгээр сургуульд хөрөнгө оруулалт хийж, хос хэлээр боловсрол олгох боломж бүрдүүлэхийг дэмждэг нэгэн юм. Гэтэл ихэнх хүн үүний эсрэг бодолтой байдаг. 

Казак хүн бол монгол хүн биш, ер нь яагаад эд нар Монголд байгаа юм гэх хүмүүс ч цөөнгүй. Нөгөөтэйгүүр үндэсний цөөнх казак иргэд нийгмийн амьдралд оролцохдоо хойрго ханддаг гэсэн нь сөрөг хандлага аль аль талдаа түгээмэл байдгийг харуулж байна.

Эдгээр сөрөг хандлагыг даван туулах хялбар биш. Гэхдээ хүүхдүүдийг гадуурхаж, үгүйсгэх нь ирээдүйн Монголын нийгэмд хор уршиг л авчирна гэж Ариунзул бодож явдгаа хэлсэн юм. Тэрээр “Үүний төлөөсийг төлөх цаг ирнэ. Бид үр хүүхдээ нийгэмд тэгш оролцдог, хувь нэмрээ оруулдаг иргэн болгож өсгөж хүмүүжүүлэх учиртай. Хүүхэд байхад нь оролцоог нь хангахгүй юм бол ирээдүйд үүнийг өөрчлөх найдвар үлдэхгүй” хэмээсэн юм.

 
LEAD Mongolia хөтөлбөрийн оролцогчид,

LEAD Mongolia хөтөлбөрийн хүрээнд төсөл хэрэгжүүлэхдээ Ариунзул мөн нийгмийн тэгш оролцоог сайжруулахад анхаарч ажиллажээ. Тэрбээр хөтөлбөрийн 10 оролцогчийн хамт авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах чиглэлийг сонгож, казак иргэд олонтой Налайх дүүргийн “Голомт цогцолбор” сургуульд “Ил тод, хариуцлагатай сургууль төсөл”-ийг санаачлан хэрэгжүүлжээ.

Ил тод байдлыг бий болгоё гэвэл хүн бүрийн оролцоог хангаж тэгш хамруулах нь зүй. Аливаа засаглалын тогтолцоонд бүх оролцогч талын дуу хоолойг тэгш хамруулснаар авлигыг үндсээр нь үгүй хийж, эрх баригчдыг хариуцлагатай болгох боломж нийгэмд бүрддэг. Дээрх төслийн гол зорилго нь сургуулийн хэмжээнд багш, эцэг эх, сурагчдын оролцоог хангасан орчин нөхцлийг бүрдүүлэх, тэд өөрсдөө авлигын эсрэг арга хэмжээ авах боломж, чадвартай гэдгийг нь ойлгуулах юм. Тодруулбал сургуулийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв болон бусад үйл явцад олон нийтийн оролцоог хангаснаар ил тод байдал бий болж, итгэлцлийг бэхжүүлэх давуу талтай. 

“Бид тэгш хамруулах зарчмыг төсөлдөө өвөрмөц байдлаар шигтгэж өгсөн” хэмээн Ариунзул тайлбарлав. Сургуулийн захирлаас эхлээд үйлчлэгч хүртэлх сургуулийн бүх түвшинд оролцоог хангахад төслийн баг анхаарчээ. Энэ нь Монголын хувьд тийм ч түгээмэл биш хандлага. “Энэ ажил маань хүмүүст үр дүнгээ сайн өгсөн” гэв. 

Ямар ч сорилт тулгарсан тэгш хамруулсан, чанартай боловсролыг түгээх ажлаа Ариунзул үргэлжлүүлэх болно. Төрөл бүрийн салбарын төлөөлөл болсон LEAD Mongolia хөтөлбөрийн оролцогчидтой хамтран ажилласан нь түүний энэхүү хүсэл тэмүүллийг улам бадрааж өгчээ. Тэрээр “Хөтөлбөрийн дараа олон найз нөхөдтэй болсон. Цааш цаашдаа олон төсөл хөтөлбөр дээр хамтраад, хүчээ нэгтгээд ажиллах гарц нэмэгдсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.  

 
LEAD Mongolia хөтөлбөрийн оролцогчид,

“Өөрчлөлтийг хамтдаа” бүтээл 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийх бөгөөд уг нэвтрүүлгээс Ариунзулын дэлгэрэнгүй түүхтэй танилцаарай. Нэвтрүүлгийг LEAD Mongolia хөтөлбөрийн фейсбүүк хуудсанд тавих болно. 

Тус бүтээлд “World Learning”-ийн санаачилсан “Transforming Agency Access Power – TAAP” буюу нийгэмд хүний эрх мэдэл, хүртээмж, оролцоог тэлэх аргачлалыг LEAD Mongolia хөтөлбөр үйл ажиллагаандаа хэрхэн тусгаж ажиллаж буйг тус хөтөлбөрийн долоон оролцогчийн түүхээр дамжуулж харуулсан. TAAP аргачлал нь эрх мэдлээс тусгаарлагдсан, гадуурхагдсан хүмүүсийг төслийн бүхий л үе шатанд тэгш хамруулж, хүн бүрийн дуу хоолой, ур чадвар, туршлагыг харгалзан үзэхийг чухалчилдаг. LEAD Mongolia хөтөлбөр нь World Learning ТББ-ын TAAP аргачлалыг нэвтрүүлсэн анхны хөтөлбөр бөгөөд тэгш хүртээмжтэй оролцоог хангасан төсөл хэрэгжүүлэх ур чадварыг оролцогчдодоо эзэмшүүлэхэд онцгойлон анхаардаг. Энэхүү бүтээлд LEAD Mongolia хөтөлбөрийн 7 оролцогч хөтөлбөрт хамрагдсан туршлага хийгээд нийгэмд тэгш хамруулах талаарх үзэл бодлоо хуваалцсан юм. TAAP аргачлал хэрхэн хөрсөнд бууж, биеллээ олсныг та бүхэн уг бүтээлээс харж болох бөгөөд Монголд тэгш хүртээмжтэй, оролцоот нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулж яваа залуустай танилцах юм.  

 

Бичсэн: Адам ЛэКлэйр