Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улс хүч нөлөөгөөрөө Ази-Номхон далайн бүсийн 25 орноос 23-д үнэлэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

The Lowy Institute Asia Power Index судалгааны тайлан өчигдөр гарч, Ази-Номхон далайн бүсийн 25 улсын хүч, нөлөөг найман үзүүлэлтээр хэмжиж эрэмбэлжээ.

Найман хэмжүүрт тухайн улсын эдийн засгийн нөөц, зэвсэгт хүчний чадал, уян хатан байдал, ирээдүйн хандлага, дипломат нөлөө, эдийн засгийн харилцаа, зэвсэгт хүчний хэлхээ холбоо, соёлын нөлөө багтсан байна.

Жагсаалтыг АНУ хол тасархай тэргүүлж, араас нь Хятад улс тун ойрхон үнэлэгджээ.

Монгол улс үнэлэгдсэн 25 орноос 23 дугаарт орохдоо нийт 100 онооноос 5-ыг авсан байна. Харьцуулбал АНУ 85 оноо авсан бол Хятад улс 75.5 оноо, Япон улс 42.1 оноо тус тус авчээ.

Монголын ард 4.8 оноотой Лаос, 3.1 оноотой Балба улс орсон байна.

Монгол улсын хувьд зэвсэгт хүчний хэлхээ холбоо нь 9.9 оноогоор 25 орноос 17 дугаарт орж хамгийн өндөр үнэлгээ авчээ. Харин хамгийн муу үзүүлэлт нь 0.2 оноотой соёлын нөлөө болсон байна.

Монголын гадаад худалдаанд хамгийн их нөлөөтэй нь Хятад, соёлд хамгийн их нөлөөтэй нь Япон, зэвсэгт хүчний салбарт хамгийн их нөлөөтэй нь Орос улс гэж дүгнэжээ.

Улс орнуудыг хүч нөлөөгөөр нь гурав ангилахад АНУ, Хятад, Япон, Энэтхэг улсууд “хүчтэй нөлөөтэй”, ОХУ, Австрали, Өмнөд Солонгос, Сингапур, Малайз, Индонез, Тайланд, Шинэ Зеланд, Вьетнам, Пакистан, Тайвань, Филиппин, Хойд Солонгос улсууд “дундаж нөлөөтэй”, Бангладеш, Бруней, Мьянмар, Шри Ланка, Камбож, Монгол, Лаос, Балба улсууд “бага нөлөөтэй” гэж ангилагдсан байна.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах интерактив графикаар орж танилцана уу.