Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн “Нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал” хуралдааны үеэр хотын дарга хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж буй PC тоглоомын газруудын үйл ажиллагааг хаахыг холбогдох албаныханд үүрэг болгосон билээ.
Хотын даргын шийдвэрийг хэрэгжүүлэх боломжтой эсэх болон хэн хэрэгжүүлэхийг тодрууллаа.
Нийслэлийн Цагдаагийн Газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахмад Б.Мөнхжаргал "Нийслэлд 296 цахим тоглоомын газар зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагаас тэдгээр газруудад хяналт тавьж, зөрчил гаргасан тохиолдолд бүртгэлийн гэрчилгээг нь цуцлуулах саналаа ХХЗХ-нд хүргүүлдэг.
2018 оны хоёрдугаар сарын 1-нээс 12-нд цахим тоглоомын газруудын үйл ажиллагаа, ажлын байранд хяналт шалгалт хийж стандартын шаардлага хангаагүй байранд үйл ажиллагаа явуулсан, цаг хэтрүүлэн ажилласан гэх мэт зөрчил гаргасан 33 газрыг, дөрөвдүгээр сард "Эмзэг цэг" арга хэмжээний хүрээнд шөнийн цагаар хяналт шалгалт хийж 20 цахим тоглоомын газрыг цагийн хуваарь зөрчиж ажилласан гэх шалтгаанаар бүртгэлийн гэрчилгээг нь цуцлуулах саналаа ХХЗХ-нд хүргүүлээд байгаа" гэв.
ХХЗХ-ны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга С.Долгорсүрэнгээс цахим тоглоомын газруудад хэрхэн зөвшөөрөл олгодог болон хотын даргын шийдвэрийг шууд хэрэгжүүлэх боломжтой эсэхийг тодруулсан юм.
- Хотын дарга Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хуралдааны үеэр/2018.04.23/ хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж буй PC тоглоомын газруудын үйл ажиллагааг хаахыг үүрэг болгосон. Энэ шийдвэр хэрэгжих боломжтой юу?
- Хотын даргын захирамж одоогийн байдлаар яг албажиж ирээгүй байна. Ер нь бол аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа учраас шууд хааж болохгүй. Зөрчил гаргасан тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн дагуу тодорхой сонсгол мэдээллийг хүргүүлнэ. ААН-үүд эргээд тайлбараа ирүүлсний дараа бүртгэлийн гэрчилгээг нь цуцлах эсэхийг шийддэг. Хуулийн дагуу ажиллаад цагдаагийн байгууллагаас ирсэн бүртгэлийн гэрчилгээг нь цуцлуулах саналыг 21-30 хоногийн хугацаанд хянаж шийдвэрлэх боломжтой.
"Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-д тусгагдсанаар Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны зүгээс цахим тоглоомын газруудыг бүртгэлжүүлэх ажлыг хийдэг. Бүртгэлжүүлж, зөвшөөрөл олгохдоо гурван байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэдэг. Мэргэжлийн хяналтаас орчин нөхцөл нь тоглоомын газар ажиллуулах боломжтой эсэх, Онцгой байдлаас галын аюулгүй байдлыг хангаж байгаа эсэх, Цагдаагаас бас дүгнэлт авсны үндсэн дээр зөвшөөрөл олгодог.
Цагдаагийн байгууллагаас тухайн цахим тоглоомын газар журмын дагуу ажиллаж байна уу гэдэгт хяналт тавиад явна. Зөрчил гаргасан тохиолдолд манайд ирүүлж, тухайн саналыг үндэслэн зөрчилтэй байгаа газруудын зөрчлийг арилгуулах, заримыг нь хаах арга хэмжээ авдаг.
Цахим тоглоомын газруудын гол асуудал хяналтын системийг бүрэн хэмжээгээр ажиллуулж чадахгүйд байна. Хүүхдүүд насандаа таарсан биш тоглоомыг урт хугацаагаар тоглож, энэ байдал эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрсэн. Тиймээс хяналтын системийг сайжруулах чиглэлээр ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Цагдаагийн байгууллага, ХХЗХ хамтраад ажлын хэсэг байгуулсан.
ХХЗХ-ны зүгээс хяналтыг сайжруулах технологийн шийдэл юу байх вэ гэдгийг тодорхойлохоор ажилласан. Гадны орнуудын туршлагыг судалж, технологийн шийдлийг ашиглан хяналт тавих саналаа ажлын хэсэг дээр танилцуулсан байгаа.
Засгийн газраас бидний гаргасан саналыг үндэслээд Цахим тоглоомын газрын журмыг шинэчлэх, манай танилцуулсан хяналтын системийг хөгжүүлэн гаргахад шаардагдах санхүүжилтийг шийдэх талаар тодорхой албан бичгийг ирүүлээд байна.
- Хяналтын системийн талаар дэлгэрүүлж тайлбарлавал?
- Хамгийн энгийнээр тайлбарлавал, цахим тоглоомын газарт үйлчлүүлэх гэж байгаа иргэн тус газарт орж ирээд шууд өөрийн мэдээллээ цахим системд оруулна. Ингээд системээс тухайн хүний насанд тохирсон тоглоом, цагийг заасан компьютерийг нээнэ. Тоглох цаг дуусахад компьютер автоматаар унтарна. Энэ бүртгэл нэгдсэн бүртгэл байх учраас тухайн өдөртөө өөр тоглоомын газарт ороод дахин тоглох боломжтгүй.
Тоглоомын газрууд бүгд толгой компьютер дээрээсээ удирдаж ажилладаг. Тэгэхээр толгой компьютерийг нэгдсэн системд холбочихвол шөнө оройн цагаар хяналтгүй хонон, өнжиж тоглох боломжгүй болно.
Технологид суурилсан болон өдөрт тутмын хяналт давхар тавигдана гэсэн үг.
- Энэ хяналтийн системийг нэвтрүүлэхэд хэр хэмжээний өртөг, хугацаа шаардлагатай вэ?
- Эхний байдлаар төслийн өртөгийг гаргасан байгаа. Төслийг хэрэгжүүлэх хугацааг эцэслэн тогтоогүй байгаа ч бидний зүгээс энэ ондоо багтаад хяналтийн системийг нэвтрүүлэх боломжтой гэж харж байгаа.
Систем ажиллаж эхлэхээс өмнө цахим тоглоомын газруудыг цэгцлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, зөрчилтэй газруудын жагсаалтыг гаргаж байна. Эхний ээлжинд Нийслэлийн цагдаагийн газраас зөрчилтэй 20 газрын мэдээллийг ирүүлсэн. Энэ 20 байгууллагын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ.
- Интернэт кафе, цахим тоглоомын газар хоёрыг ямар шалгуураар ялгаж, ангилдаг вэ?
- Манай байгууллага журмын дагуу цахим тоглоомын газруудыг л бүртгэлжүүлдэг. Интернэт кафе бол харьяа дүүргийн холбогдох байгууллагуудаас зөвшөөрлөө авч үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашдаа бол интернэт кафег ч гэсэн хяналтын системд оруулъя гэсэн саналыг ХЗДХЯ-наас ирүүлсэн байсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
|