Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэхийн хэрээр төрөлхийн хөгжлийн гажигтай нярайн тоо өссөөр байна.
Тухайлбал, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд 2016 онд 1,000 амьд төрөлтөд ногдох төрөлхийн хөгжлийн гажигтай нярайн түвшин 7.3 байсан бол 2017 онд 8.1 болж, 0.8 пунктээр өсжээ.
Нярайд түгээмэд тохиолддог гажигуудад:
Манай улсад 2017 онд нийт 74,328 хүүхэд мэндэлж, төрөлхийн хөгжлийн гажгийн 531 тохиолдол бүртгэгджээ.
График 1, /Төрөлхийн хөгжлийн гажигууд/
2014 онд төрөлхийн хөгжлийн гажигтай нярайн эмгэгт олон эрхтний хавсарсан гажиг тэргүүлж байсан бол 2015, 2016, 2017 онд цусны эргэлтийн тогтолцооны гажиг тэргүүлж байна.
Цусны эргэлтийн тогтолцооны гажиг өнгөрсөн оны мөн үеэс 3.6 пунктээр буурсан бол олон эрхтний хавсарсан гажиг 0.8, сэтэрхий уруул тагнайн гажиг 4.7 пунктээр өсжээ.
2017 онд ЭХЭМҮТ-д төрсөн ТХГ-тай нярайн эмгэгт цусны эргэлтийн тогтолцоо, сэтэрхий уруул ба тагнай, мэдрэлийн тогтолцооны төрөлх гажиг тус тус тэргүүлж байна.
Нярайд тохиолддог төрөлхийн хөгжлийн гажигууд юунаас болж үүсдэг, хэрхэн урьдчилах сэргийлэх талаар эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.
Цусны эргэлтийн тогтолцоо нь зүрх, тараагуур судас, бичил эргэлтийн систем, хураагуур судас зэргээс тогтоно.
Үүнээс зүрхний төрөлхийн гажгийн талаар мэдээлэл хүргэе. Ургийн зүрх эхийн хэвлийд 2-8 долоо хоногтойдоо бүтцийнхээ хувьд хэвийн бүрэлдэн тогтдог. Энэ нь 0.5-2 сартай жирэмсний хугацаа. Тэгэхээр хоёр сартай жирэмсэн эхийн ураг нь бүтцийнхээ хувьд бүрэн бүрэлдэж, эхлэл нь тавигдсан байдаг байна.
Эхлэл нь зөв тавигдсанаар цаашдаа ургийн зүрх хэвийн болж өсч бүрэлддэг. Энэ хооронд ямар нэгэн гадны гаж нөлөөлөл үүсвэл ургийн зүрх хуваагдлынхаа үед гэмтдэг. Аль үе шатандаа гэмтсэнээс шалтгаалж зүрхний цоорхойтой хүүхэд гарах уу, судасны нарийсалтай юу, хүнд хөнгөн гажгийн аль нь байх вэ гэдэг нь тогтоогддог байна.
Жирэмсний 20-22 долоо хоногтойд ургийн зүрхний гажгийг оношлох боломжтой.
Зүрхний гажиг маш олон янз. Төрөлхийн гажиг нь дотроо цагаан гажиг, хөх гажиг гэж ангилагддаг. Цагаан гажигтай хүүхэд эмнэлзүйд илрэх шинж тэмдэг нь ховор. Хөх гажигтай хүүхдийн уруул, гар хөлийн хумсны толио, гарын үзүүр, хэлний үзүүр хөхөрчихсөн, амьсгаадчихсан байдаг. Манайд аль аль нь л тохиолддог.
Зүрхний цоорхой дотроо тосгуур хоорондын таславчийн цоорхой, ховдол хоорондын таславчийн цоорхой хамгийн элбэг тохиолддог ажээ.
Судалгаагаар зүрхний гажиг үүсэхэд вирусийн халдвар нөлөөлж байгаа нь тогтоогджээ. Вирусийн халдвар дотроо улаануудын вирус, парагриф, коксакивирус гээд олон төрлийн вирусийн халдвар ургийн зүрхийг гэмтээх магадлалтай.
Жирэмсэн эмэгтэй хөнгөн ханиад хүрээд өнгөрсөн ч гэсэн цусаар нь явж байгаа вирус ургийн зүрхээр нэвтрэхдээ зүрхийг гэмтээж байдаг. Мөн ажлын хортой нөхцөл, архи, тамхины хэрэглээ хорт зуршлууд, эмийн бодисууд тэр дундаа сэтгэцэд нөлөөлдөг эмүүд, нойрны эмүүд ургийн гажиг үүсгэдэг гэсэн судалгаа бий. Түүнээс гадна удмын шалтгаан байдаг байна.
Хоол боловсруулах тогтолцооны төрөлхийн гажигт улаан хоолойн төрөлхийн битүүрэл, ходоодны эмгэгүүд, дээд гэдэс, хошного, шулуун гэдэсний битүүрэл, хэвлийн өмнөд хананы төрөлхийн цоорхой, цөсний сувгийн битүүрэл зэрэг багтана.
Цөсний сувгийн төрөлхийн битүүрэлтэй 10 гаруй хүүхэд жилд оношлогддог байна.
Цөсний замын төрөлхийн битүүрэлтэй хүүхдийн тоо жилээс жилд ихсэж, өнгөрсөн жил гэхэд 20 гаруй хүүхэд энэ өвчнөөр оношлогдсон. Уг өвчнийг ураг байхад нь оношилж болдог байна.
Цөсний сувгийн төрөлхийн битүүрэлтэй гэдэг нь оношлогдвол 45 хоногийн дотор хагалгаанд орвол үр дүн сайн байдаг ажээ. Цөсний замын төрөлхийн битүүрлийн хагалгаа хийлгэсэн хүүхдүүдийн 40 орчим хувь нь бүрэн эдгэж, 60 хувь нь элэг шижлүүлэн суулгах хагалгаанд ороод эдгэдэг. Уг өвчний улмаас ЭХЭМҮТ дээр 50 гаруй хүүхэд хагалгаанд орсон бөгөөд гурван хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан. Одоо хоёр хүүхдэд элэг шилжүүлэн суулгахад бэлтгээд байгаа ажээ.
Цөсний замын төрөлхийн битүүрлийн өвчлөлд даяаршил, хоол хүнс, халдвар, жирэмсний хяналтандаа эрт орохгүй байх зэрэг нөлөөлж байна. Хүүхэдтэй болохоор төлөвлөж буй бол эцэг эхчүүд эхлээд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хэрэгтэй. Үүний дараа жирэмслэвэл эмгэгээс урьдчилан сэргийлж болно гэдгийг эмч зөвлөж байна.
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт жилдээ амьсгалын болон хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, яс үе зөөлөн эдийн эмгэгтэй 150-200 хүүхэд хагалгаанд ордог байна.
Хүүхдийн яс, булчингийн тогтолцооны эмгэгээс хамгийн түгээмэл тохиолддог нь түнхний үений төрөлхийн мултрал ба дутуу хөгжил нь юм.
Хүүхдийн түнхэнд гурван төрлийн эмгэг согог тохиолддог. Нэгдүгээрт, түнхний төрөлхийн мултрал, хоёрдугаарт, дунд чөмгөний хүзүүний гаж хөгжил явагддаг.
Гуравдугаарт, дунд чөмгөний толгой хожуу буюу 5-11 насанд хайлж үхжил явагддаг. Түнхэнд тохиолддог гурван ийм эмгэг согогоор хүүхэд насандаа догол orr, ирээдүйдээ хөгжлийн бэрхшээлтэй болдог.
Тиймээс ийм гурван эмгэгээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Түнхний төрөлхийн мултралыг эхийн хэвлийгээс дөнгөж гарангуут, мөн түнхэнд дутуу хөгжил байгаа эсэхийг эхогоор оношлоод дутуу хөгжлийг тодорхой хугацаанд эрүүлжүүлэх шаардлагатай байдаг.
Эхний зургаан сард хүүхэд эрүүл болсон байвал түүнээс хойш долоо, найман сартайгаасаа сууж, мөлхөж, хөлд орох бэлтгэлээ хийж байгаад нэг нас нэг сартайдаа босвол хүүхэд хэвийн явах боломжтой.
Сүүлийн жилүүдэд энэ гурван өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрт дутуу хөгжилтэй байхад нь эмчилгээнд авч байгаа. Түнхний үений дутуу хөгжлийг урьдчилан сэргийлэх эмчилгээ хийснээр дунд чөмөгний хүзүүний гаж хөгжил явагдах, дунд чөмөгний толгой хайлах эмгэгээс бүрэн сэргийлнэ. Мөн түнхийг мултрахаас өмнө хүүхдийг хамгаалах боломжтой.
Түнхний мултралын хүнд хэлбэрүүд гэж бий. Нэг наснаас дээш оношлогдсон тохиолдолд ихэвчлэн хийдэг. Нэг настайгаас оношлогдоод хоёр настайгаас татлага эмчилгээ хийдэг. Татлага эмчилгээгээр зарим хүүхдийн түнхний мултрал орбод хөгжчихдөг. Зарим орохгүй тохиолдолд хагалгаанд оруулах заалттай. Түнхний мултралын мэс заслыг 2-5 насанд хийнэ. Зургаан нас хүрвэл хийдэггүй байна.
Манай улсад төрөлхийн хөгжлийн гажиг, ялангуяа хавсарсан, зүрх цусны эргэлтийн тогтолцоо, хоол боловсруулах тогтолцоо, зүрхний гажиг цөөнгүй тохиолдож байна. Үүнийг сүүлийн жилүүдэд төрөлт ихэссэнтэй холбон тайлбарлаж болох юм.
Гажиг гэдэг нь төрөлхийн голдуу байх бөгөөд зүрхний ховдол, тосгуур хоорондын таславч, хавлага, судасны хэвийн бус хөгжлийн улмаас үүсдэг эмгэгийг хэлдэг. Гэхдээ архаг ангина үе мөч болон зүрхэнд нөлөөлснөөс, тэрчлэн тэмбүү, сүрьеэ, цусан үжил, судасны хатуурал зэрэг өвчний хүндрэл хэлбэрээр хожуу илрэх гажгууд цөөнгүй. Төрөлхийн гажиг хэлбэрээсээ хамааран илрэх шинжээрээ өөр бөгөөд хавсарсан шинжтэй байж болдог.
ДЭМБ–аас 2006 онд хийсэн судалгаагаар хүний бие эрхтэнд тохиолдох нийт 2,000 гаруй төрлийн төрөлхийн ил болон далд гаж хөгжил бүртгэгджээ.
Нийт гаж хөгжилтэй нярайн 25 орчим хувь нь хавсарсан гажигтай гэсэн судалгаа гарсан байна.
35-аас дээш насны эхчүүдээс олон эрхтний хавсарсан гажигтай хүүхэд төрөх магадлал нэмэгддэг байна. Нас ахихын хэрээр ферментүүдийн идэвх суларч, өндгөн эс гэмтэмхий болж химийн бодисыг тэсвэрлэх хромсомын чадвар сулардаг зэрэг нь нөлөөлдөг ажээ.
Уруул, тагнайн сэтэрхийн эмгэгтэй хүүхэд бүрэн эмчлэгдэх боломжтой. Уг эмгэг юунаас шалтгаалж үүсдэг талаар нарийн тодорхойлоогүй. Одоогоор судалгааны түвшинд байгаа юм байна. Жирэмсний эхний гурван сард хэвлийд буй хүүхдийн бүх эд, эрхтэн систем бүрэлдэн бий болдог.
Уруул ургийн 4-6 дахь долоо хоногт үүсдэг. 9-12 дахь долоо хоногт тагнай үүсдэг. Энэ үед олон хүчин зүйл нөлөөлснөөс уруул, тагнай бүрэлдэх үйл явц саатдаг. Үүнээс л сэтэрхий уруул үүсдэг байна. Иймд жирэмсний эхний гурван сард янз бүрийн эм тан хэрэглэх, хортой нөхцөлд ажиллах, хорт зуршлуудаас зайлсхийх хэрэгтэйг эмч нар зөвлөж байгаа юм.
Хүүхэд бүрийн биеийн онцлогоос хамаарч хагалгааны сорви янз бүрээр эдгэрдэг. Зарим нь юу ч мэдэгдэхээргүй эдгэрсэн байхад зарим нэг нь овойж товойгоод эдгэрчихдэг. Үүнийг эхний хагалгааны шарх, сорви бүрэн эдгэрсэн үед дахин мэс ажилбараар янзлах боломжтой байдаг ажээ.
Харамсалтай нь төрөлхийн хөгжлийн гажгууд үүсэхэд юу голлон нөлөөлж буйг судалсан судалгаа одоогоор алга. Нярай төрөлхийн гажигтай төрөхөд баталгаагүй хүнс, орчны байдал, эцэг эхчүүдийн эрүүл мэнд зэрэг нөлөөлж буйг эмч мэргэжилтнүүд санал нэгтэй хэлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!