Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад эмчлэгддэг өвчнийг эх орондоо эмчилдэг болох зорилгоор 8 эмч ОХУ, Японыг зорино

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад эмчилдэггүй өвчнийг дотооддоо эмчлэх зорилгоор өндөр хөгжилтэй орнуудад сургалтад явах гэж буй эмч нарыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа.

Тэрбээр "Өнөөдрийг хүртэл эмнэлгийн мэргэжилтнүүдийн гадаад сургалт ихэнхдээ гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгддэг байсан. Харин одоо Монгол Улсад эмчилдэггүй өвчнийг аль болох дотооддоо эмчлэх зорилгоор эмч нараа өндөр хөгжилтэй улсуудад сургаж байгаа.

Одоогийн байдлаар 81 эмч мэргэжилтэн гадаадад суралцаж зарим нь эх орондоо ирсэн байна. Үүний үр дүнд Монголд эмчлэхгүй байгаа 39 өвчин долоогоор цөөрч, 32 болсон. Өнөөдөр найман эмч дөрвөн чиглэлээр багаараа суралцахаар явж байна.

Гол нь бид эмч нарыгаа ээлж дараатай сургана гэхээсээ илүү тухайн эмчийг шат дараалсан сургалтад хамруулах бодлого, төлөвлөгөөтэй байгаа. 

Эмч нараа шат ахисан сургалтад хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Монголдоо залуу үеэ сургах зорилгыг дэвшүүлж байгаа юм. Үүний үр дүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслын сургалтад суусан 16 эмч Монголдоо энэ чиглэлийн анхны хагалгааг амжилттай хийсэн нь том амжилт болсон.

Гадаадад сургалтад суух эмч нар ард түмнийхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах чухал албанд мордож байна" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Эмч, эмнэлгийн ажилтнуудын сурах чиглэлүүд:

  • Донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээ
  • Хүүхдийн мэдрэлийн өвчин эмгэг, саажилтын үеийн сэргээн засах эмчилгээ
  • Ихэр жирэмний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ
  • Торлог шилэнцэрийн хүнд хэлбэрийн эмгэгийн мэс заслын технологи чиглэлээр найман эмч гадаадад суралцах юм.

СЭМҮТ-ийн Донтох эмгэгийн тасгийн эмч н.Мягмарсүрэн "Энэ мэргэжлээрээ СЭМҮТ-д найм дахь жилдээ ажиллаж байна. ЭМЯ-наас сургалтын зардал, мөнгийг шийдээд манай эмнэлгээс хоёр эмчийг ОХУ-д сургахаар болсонд баяртай байгаа" гэсэн юм.

Өнгөрсөн жил ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн долоон тохиолдол гарсан

 
Гэрэл зургийг mpa.mn

ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэгийн тасгийн эмч н.Эрдэнэбаяр " Эх барих эмэгтэйчүүдийн эмчтэй хамт Токиогийн Хүүхдийн хөгжил үндэсний төвд ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийг эмчлэх өндөр технологиор эмчлэх аргыг нутагшуулах болсондоо баяртай байна. 

Сүүлийн үед манай улсад ихэр хүүхдийн төрөлт ихэсч байгаа. Судалгаанаас харахад өнгөрсөн жил 266 ихэр төрж байсан. Үүнээс ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн долоон тохиолдол гарсан. 

Энэ эмгэгийн улмаас ихрүүд эндэх тохиолдол өндөр байдаг тул эмчилгээний аргыг сурахаар явж байна" гэлээ.