Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Монгол Улс ХҮНС, ЭРЧИМ ХҮЧ, ШАТАХУУНАА дотоодоосоо хангах ёстой

Ч.Болортуяа
2018 оны 1 сарын 17
iKon.MN
 

- БНСУ-аас Ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна - 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр тэрбээр Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагуудад ярилцлага өглөө.

- БНСУ-д таны хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү. Цаашид хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэл болгон хөгжүүлэх шаардлага, нөхцөл, шийдэл байна гэж үзэж байна уу?

- Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал үр дүнтэй боллоо. Пёнчаны олимп болоход цөөн хоног үлдээд буй нөр их ажлын үеэр БНСУ-ын Засгийн газар энэхүү айлчлалыг зохион байгуулж, амжилттай хийж гүйцэтгэсэн явдал нь манай улсад үзүүлж буй итгэл гэж би ойлгож байна.

БНСУ нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш эдүгээ 28 жил болж байна.

2011 онд Монгол, БНСУ-ын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаагаа тунхагласан. Энэ хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа  бүхий л түвшинд идэвхжин бэхэжсэнийг Монголын ард түмэн мэдэж байгаа.

БНСУ-ын Ерөнхийлөгч манай хоёр орны хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлээс нэг шат ахиж Стратегийн түншлэлд шилжих нь чухал юм гэдгийг хэлсэн. Энэ нь өнгөрсөн 28 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны үр дүн сайн байна, цаашид харилцан хамтран ажиллах ёстой гэсэн утга санааг илэрхийлж буй юм. Мөн БНСУ-ын Ерөнхий сайд хоёр орон стратегийн түншлэлд хамтран ажиллах нь чухал байна гэсэн санаагаа албан ёсоор илэрхийлсэн.

-Зүүн хойд Азид явуулж буй Монголын гадаад бодлогыг БНСУ-ын удирдагчид хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?

-БНСУ бол Монгол Улсын гуравдагч хөрш. Монгол Улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэл бол БНСУ-тай харилцаагаа хөгжүүлэх. Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, нэн ялангуяа Солонгосын хойгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн асуудалд хоёр улс санал нэг байдаг. Дэлхий ертөнцийн хэмжээнд хамгийн их тулгамдаж буй асуудал бол Солонгосын хойгийн аюулгүй байдал.

БНАСАУ хэд хэдэн удаа цөмийн зэвсэг, дундын болон холын зайны пуужингууд туршсан. Энэ асуудалд олон улсын байгууллагууд ихээхэн анхаарал тавьж байна. Монгол Улс Зүүн Хойд Азийн бүхий л улстай найрсаг сайхан харилцаатай байдаг.  Энэ боломж нөхцлөө бид ашиглаж Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдалд томоохон хувь нэмэр оруулж байгааг БНСУ-ын төр засаг цохон тэмдэглэж байгаа.

"Монгол Улс Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдалд томоохон хувь нэмэр оруулж байгааг БНСУ-ын төр засаг цохон тэмдэглэж байгаа"

Монгол Улс сүүлийн хэдэн жил “Улаанбаатарын яриа хэлэлцээр”-ийн дагуу Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар хэд хэдэн олон улсын бага хурлуудыг зохион байгуулсан. 201 оны зургаадугаар сард энэ чиглэлээр яриа хэлэлцээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Үүнд, БНАСАУ, БНСУ-ын тодорхой түвшний төлөөлөгчдийг оролцуулахаар бид ажиллаж байна. Энэ нь манай улсын зүгээс Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй улс төрийн уян хатан бодлогын нэг гэдгийг БНСУ-ын тал үнэлж байгаа нь Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал юм.

- Айлчлалын үеэр шийдэгдсэн томоохон асуудал бол урт хугацааны хөгжлийн зээл байлаа. Энэ зээлийн зорилго, зарцуулалтын талаар мэдээлэл өгнө үү?

- Айлчлалын үеэр бид тодорхой асуудлуудыг хэлэлцсэн. БНСУ нь 1990 оноос хойш Монгол Улсад буцалтгүй тусламж, тодорхой хэмжээний хөгжлийн зээлүүдийг олгож ирсэн. Энэ нь манай улсын эдийн засаг хүндэрсэн цаг үед ихээхэн дэмжлэг, туслалцаа үзүүлж, зах зээлийн тогтолцоонд шилжихэд хувь нэмэр болсон.

Энэ удаа ч гэсэн бид ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд БНСУ-аас 500 сая ам.долларыг жилийн 0.2 хувийн хүүтэй, эхний 10 жил нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй хөгжлийн зээл хэлбэрээр авч байна.

Зээлийг олон жилийн турш ард түмний сэтгэл санааг зовоож, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг шийдвэрлэхэд зарцуулахад зүйтэй гэсэн саналыг бид тавьсан. БНСУ-ын зүгээс энэ саналыг нааштай хүлээн авч цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Утаанаас салахад бидэнд гурван зүйл хэрэгтэй гэж би дотроо бодож явдаг.  Нэгдүгээрт сэтгэл, хоёрдугаарт чанд зохион байгуулалт, гуравдугаарт хөрөнгө санхүүгийн асуудал. Тиймээс бид Улаанбаатарын агаарын бохирдолтой тэмцэх хөрөнгө санхүүг босгож чадлаа.

Албан ёсны айлчлалын дагуу Ерөнхий сайд нарын хооронд яригдсан зүйлийг ажил хэрэг болгохоор энэ оны III сард Засгийн газрын хамтарсан хороо хуралдахаар болж байна. Тус хурлаар Ерөнхий сайдын түвшинд яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохоор хэлэлцээрийн хүрээнд албан ёсоор тохирлоо.

"Хүндрэлтэй нөхцлийг давах цаг хугацаа хэрэгтэй байгаа учраас БНСУ-д ажиллаж орлого олохыг бид тодорхой хэмжээгээр дэмжих нь зүйтэй"

- БНСУ-д ажиллах хүчний квотыг нэмэгдүүлэх санал тавьсан үндсэн шалтгаан юу байв?

- Айлчлалын хүрээнд гадаадад илгээх ажиллах хүчний санамж бичгээ шинэчлэн баталлаа. Монгол Улсаас БНСУ-д ажиллах хүчний квотын тоог нэмэгдүүлэх чиглэлээр бас ярилаа. Би нэг зүйлийг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй байна. Энэ үед БНСУ-д ирж ажиллаж, хөрөнгө санхүүтэй болж, ар гэр ахуйн амьдралаа дээшлүүлэх нь чухал байна. Гэхдээ энэ бол түр зуурын үзэгдэл гэж би харж байна. Цаашид бид Монголдоо ажиллаж, цалингаа авч амьдрах ёстой юм. Хүндрэлтэй нөхцлийг давах цаг хугацаа хэрэгтэй байгаа учраас БНСУ-д ажиллаж орлого олохыг бид тодорхой хэмжээгээр дэмжих нь зүйтэй. БНСУ-ын тал ч үүнд анхаарч байгаа гэдгийг хэлье.

 Гадаадад ирж ажиллаж байгаа явдал улс орны эдийн засагтай холбоотой. Эдийн засаг хөгжиж, хөрөнгө орлого нэмэгдэж, ажлын байр бий болохоор гадаадад ажиллаж, амьдарч буй хүмүүс эх орондоо харьдаг. 2011 онд Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрэхэд БНСУ-д ажиллаж байсан иргэдийн 50 орчим хувь нь Монголдоо буцаж ирж ажилласан. Одоо эдийн засгийн нөхцөл хүнд байгаа үед хүмүүс БНСУ-д ирж ажиллах сонирхол байна. Энэ сонирхлыг тодорхой хэмжээнд харгалзан үзэх нь хэрэгтэй учраас БНСУ-д ажиллах хүчний квотыг тодорхой тоогоор нэмэгдүүлэх саналыг бид тавьсан. Үүнийг БНСУ-ын Хөдөлмөрийн яам хүлээн авч цаашид үүн дээр анхаарч ажиллая гэдгээ илэрхийлж байгаа.

"2011 онд Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрэхэд БНСУ-д ажиллаж байсан иргэдийн 50 орчим хувь нь Монголдоо буцаж ирж ажилласан"

- Эдийн засгийн нөхцөл хүндэрснээс болж ОУВС-гийн хөтөлбөрт орсон нь энэ зээл бүтэх үндсэн шалтгаан байсан уу?

- Улс орны маань эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байна. 2016 онд эдийн засаг 1.2 хувийн өсөлттэй байсан бол 2017 оны гүйцэтгэлээр эдийн засаг 3.8 хувийн өсөлттэй гарч байна.

Айлаар бодвол бид зудны дараах Монгол айл шиг л байна.

Тийм учраас зудаа давсан, одоо мал ахуйгаа өөд нь татах шаардлагатай. Яг үүнтэй адилхан эдийн засгийн хүнд нөхцөлтэй байна. Хүнээр зүйрлэвэл 2017 онд сэхээний тасагт, 2018 онд энгийн тасагт шилжлээ. 2018 онд эдийн засаг гэдэг энэ хүнийг бид гэрт нь хариулж, 2019 он гэхэд ажилд нь оруулах хэрэгтэй байна.

2016 онд Монгол Улсын өмнө Монгол Улс дампуурах асуудалтай тулгарч байсан. Олон талд ярилцаж улсаа дампууруулж болохгүй гэж шийдээд ОУВС-тай хамтран ажилласан. Ингээд ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд эдийн засаг сайжирч, тулгамдсан өр төлбөрүүдийг барагдууллаа. Монгол Улс дампуурлаас гарлаа. Цаашид эдийн засгаа өсгөх, төлөх ёстой төлбөрөө хугацаанд нь барагдуулах шаардлагатай байна. Өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд бид БНСУ-аас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг бас авч чадлаа.

"Түүхий нүүрс түлэхийг бид 2020 он гэхэд хориглох ёстой"
 

- 500 сая ам.долларыг ямар үе шаттай авах асуудал яригдсан уу. Агаарын бохирдлын эсрэг зарцуулна гэдгийг илүү тодорхой тайлбарлана уу?

- Ирэх гуравдугаар сард хоёр орны хамтарсан хороо хуралдаж ямар үе шаттай авах вэ гэдгээ ярина. Бидний хувьд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын эсрэг зарцуулъя гэж бодож байна. Үүнийг маш сайн төлөвлөлттэй, зохион байгуулалттай хийх хэрэгтэй.

Миний хувьд Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж ирэхийг яаралтай хорих хууль гаргах хэрэгтэй. Түүхий нүүрс түлэхийг бид 2020 он гэхэд хориглох ёстой. Ингэхийн тулд бид ард түмэндээ боломж олгох ёстой. Энэ боломж юу вэ гэвэл эхний ээлжинд боловсруулсан түлшний үйлдвэрийг байгуулах хэрэгтэй. 1.2 сая тонн нүүрсийг боловсруулж, боловсруулсан түлш гаргах хэрэгтэй.

 "220 мянган айл орон сууцанд орох хүртэл дахиад 10-20 жил хэрэгтэй учраас бид эхний шатны арга хэмжээнүүдээ авах ёстой"

Хоёрдугаар алхам нь Улаанбаатар хотын III, IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Эрчим хүчний нөөц бололцоог нэмэгдүүлж чадвал халаалтын системийг ажиллуулах боломж бүрдэнэ.

Дээрх төслүүдийн хажуугаар хамгийн төгс шийдэл болох Улаанбаатар хотыг барилгажуулах ажлыг үе шаттай хийж байх ёстой. Орон сууцтай болох  хүртэл бид утаатайгаа байгаад байж болохгүй. 220 мянган айл орон сууцанд орох хүртэл дахиад 10-20 жил хэрэгтэй учраас бид дээр дурдсан эхний шатны арга хэмжээнүүдээ авах ёстой.

- Боловсруулсан түлшний үйлдвэр 2020 он хүртэл хоёр жилийн хугацаанд баригдаж амжих уу. Энэ нь 9.8 их наяд төгрөг зарцуулах Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй хэрхэн уялдаж байгаа вэ?

- Үндэсний хөтөлбөрийг 2017 онд баталсан. Хөтөлбөр нь их аятайхан. Гэхдээ 9.8 наяд төгрөг шаардлагатай.

Тийм учраас утаанаас салахын тулд эхний ээлжинд бид түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу орохыг хориглох ёстой. Нүүрс улсын өмч шүү дээ. Нүүрснийхээ үнийг бид хямдруулаад өртгийг нь шингээгээд хямд боловсруулсан түлш гаргаж чадвал ард иргэд худалдан авах боломжтой болно.

БНСУ-д бид нэг зүйлийг хэлж байгаа. Хоёр жилийн дараа хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жил болох гэж байна. Энэ үед Улаанбаатар хот утаанаасаа салсан байвал хоёр орны харилцааны түүхэн үр дүн гарна гэдэг саналыг би хэлсэн. БНСУ-ын Ерөнхий сайд үүнийг их анхааралтай хүлээн авсан. Энэ хүн манайхаар бол аймгийн Засаг даргаар ажиллаж байсан юм билээ. БНСУ 1970-аад оны үед өөрсдөө бас түүхий нүүрс түлснээр агаарын бохирдолтой болж байсан. Өнөөдөр ч тэд үйлдвэржилтээс болж агаарын бохирдлын асуудалтай тулгарч байгаа. Гэхдээ манайх нүүрс түлснээс болж буй бохирдол учраас ялгаатай.

БНСУ-ын талд боловсруулсан түлш хийдэг техник технологи, үйлдвэр нь байна. Энэ чиглэлээр нэлээн амжилт олсон орон. Тиймээс бид үйлдвэрийг нь Монголд оруулж, байршуулах боломж байна. Бид хөрөнгө мөнгөнийхөө эх үүсвэрийг ямар ч байсан оллоо. Судалж байгаад хамгийн ашигтай, боломжтой төслүүдийг хоёр талаас уулзаж ярилцаж, хамтран ажиллахаар тохирлоо.

"НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭНЭ ХАВРААС ЭХЭЛНЭ"

-Шатахуун импортлогч компаниудыг хиймлээр үнэ өсгөсөн гэж ШӨХТГ мэдэгдлээ. Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 10 хувийг ард иргэдэд хувьцаа болгон тараах шийдвэр гаргасан. Таныг бизнесүүд дээр чанга, хатуу байр суурьтай ажиллаж байна гэж ойлгож болох уу?

- Манай Засгийн тавьж буй хоёр асуудал байна. Эхлээд сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулна. Үүнийг би төрийн албан дээр ярьж байгаа шүү. Хувийн хэвшил бол хариуцлагатай, сахилга баттай, ашиг орлогынхоо төлөө ажиллаж чаддаг. Төрийн байгууллагуудад хатуухан хандъя гэж бодож байгаа. Засгийн газар хамгийн түрүүнд төрийн албыг сахилга бат, хариуцлага, дэг журамтай болгох албан даалгавар гаргасан.

Хоёрдугаарт, улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоох, цаашид сэргээх асуудлыг чухалд үзэж байна.

Дараагийн парламентын сонгууль болтол 900 хоног надад байна.

Энэ хугацаанд олон зүйл хийж амжихгүй байх. Тиймээс цөөн хэдэн ажлуудыг үр дүнтэй хийж хэрэгжүүлье гэж бодож байгаагийн нэг нь нефтийн үйлдвэр.

Манайх бензиний үнийг хатуу барих боломжгүй болсон. Өнгөрсөн гурван сарын хугацаанд Засгийн газар тодорхой хэмжээнд барьсан. Шатахууны компаниуд үнэхээр зохиомлоор үнэ нэмсэн эсэхийг шалгах нь зүй ёсны асуудал. Хэрэв хуурамчаар үнээ нэмсэн бол тэд хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Үнэхээр дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ нэмэгдсэн бол ашигтай ажиллахын тулд үнээ нэмэхээс өөр арга байхгүй. Цаанаа өчнөөн олон хүнийг цалинжуулж, татвар төлж байгаа ААН-үүд шүү дээ.

"Дараагийн парламентын сонгууль болтол 900 хоног надад байна. Энэ хугацаанд олон зүйл хийж амжихгүй байх. Тиймээс цөөн хэдэн ажлуудыг үр дүнтэй хийж хэрэгжүүлье гэж бодож байгаагийн нэг нь нефтийн үйлдвэр"

Тиймээс шударга өрсөлдөөний зарчмыг хангах ёстой. Зах зээл гэдэг эрэлт, нийлүүлэлтээр явдаг. Төр бүх зүйлийг хатуу гараар барих гэж оролдвол бид буцаад социализм руугаа явна шүү дээ. Тийм учраас бүтэн 27 жил бий болгож, тогтож буй зах зээлийн эдийн засгийн харицлаагаа бид цаашид хэвийн авч явах ёстой. 

- Нефтийн үйлдвэр байгуулах асуудал яригдаад удлаа. Энэ ажлыг танай Засгийн газар хэрэгжүүлж чадах уу?

- Монгол Улс тусгаар тогтносон улсын хувьд хэд хэдэн зүйлийг хийх ёстой гэж боддог юм.

Нэгдүгээрт, ард түмнээ хүнсээр хангах ёстой.

Хоёрдугаарт, улс орноо эрчим хүчээр хангах ёстой.

Гуравдугаарт, улс орноо шатахуунаар хангах ёстой. Энэ бол тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын тулгын гурван чулуу.  

Тиймээс бид эх орондоо шатахуун үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Монгол Улс жилдээ 1.5 сая баррель түүхий тосыг БНХАУ руу экспортолж байгаа. Гэтэл бусад улс орон эх орондоо нефтгүй хэрнээ боловсруулах үйлдвэртэй байна. Манай улс 40 жилийн нефтийн нөөцтэй. Дотооддоо үйлдвэр барьвал бид ОХУ руу жил бүр 1 тэрбум ам.доллар өгөхгүй гэсэн үг. Тиймээс суурь үнийг хөдөлгөж байдаг нефтийн үйлдвэрийг барих ёстой. БНЭУ-аас 1 тэрбум ам.долларын зээл авч Дорнод аймгаас Дорноговь аймаг хүртэл хоолой татаж, Сайншандад үйлдвэрээ байгуулна. Энэ асуудлыг бид Засгийн газрын хуралдаанаар оруулсан, санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргахаар болсон.

Энэ хавраас нефтийн үйлдвэрийн ажил эхэлнэ.

Нефтийн үйлдвэр ашиглалтад орвол Монгол Улс эдийн засгийн хувьд тусгаар тогтносон байх нэг том боломжоо нээж байна гэсэн үг.

"Манай улс 40 жилийн нефтийн нөөцтэй. Дотооддоо үйлдвэр барьвал бид ОХУ руу жил бүр 1 тэрбум ам.доллар өгөхгүй гэсэн үг"

- Гадны хөрөнгө оруулагчдын анхааралтай ажиллаж буй төсөл нь Таван толгой. Та дараагийн айлчлалаа БНХАУ руу хийнэ гэсэн. Төмөр зам болон Таван толгой төслийн талаар таны байр суурь ямар байгаа вэ?

- Таван толгойн асуудал бол цэвэр манай дотоодын улс төрийн асуудал. БНХАУ бол Таван толгойг хөдөлгөх бүрэн боломжтой бөгөөд сонирхож байгаа. Өнөөдөр Монгол Улс Таван толгойн баялгаа БНХАУ руу л гаргана. Тиймээс бид тэдэнтэй хамтран ажиллах ёстой. Харин дотооддоо яаж ажиллах вэ гэдэгт хоёр хувилбар байна. Эхнийх нь Монголын үндэсний үйлдвэрлэгчид буюу компаниудыг оролцуулж хамтран ажиллах, хоёр дахь нь “Эрдэнэс таван толгой” БНХАУ-тай хамтран ажиллах. Үүн дээр бид улс төрийн шийдвэр гаргах ёстой. Эцсийн эцэст УИХ дээр очиж шийдэгдэнэ. Тийм учраас аль, аль талдаа ойлголцож энэ асуудлыг урагшлуулах нь чухал. Хүний өөрийн  нам гэх шаардлага байхгүй.

- Энэ асуудал шийдэгдэж чадахгүй байгаа учраас нүүрсний хориг дээр тодорхой ахиц гарахгүй байна гэж ойлгож болох уу?

- Таван толгой хөдөлдгөөрөө хөдөлж байгаа. Бид нүүрсээ гаргадгаараа гаргаж байгаа. Монголчууд их азтай. Ийм том ордтой байна гэдэг бол аз шүү дээ. Бага зэргийн хүндрэл учирсан зүйлс байгаа ч БНХАУ-ын талтай яриа хэлэлцээр хийж, цаашид илааршина гэж бодож байна.