Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

500 сая ам.долларын зээлийн төслүүдийн судалгааг БНСУ-аас гуравдугаар сард ирж хийнэ

ikon.mn
2018 оны 1 сарын 16
iKon.MN
 

- БНСУ-аас Ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна - 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-д хийж буй албан ёсны айлчлалын үеэр тус улсын “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл авах тухай" Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг 2018 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр байгууллаа.

 

Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар БНСУ-ын Засгийн газрыг төлөөлж Стратеги, сангийн яамны дэд сайд Ким Юн Жин нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Зээлийг агаарын бохирдол, аймгуудад ДЦС барихад зарцуулна

Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос воны хөнгөлөлттэй зээлийг 0.2 хувийн хүү, зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэйгөөр 2017-2019 онд авахаар болж байгаа юм.

Энэхүү зээлийн 200 сая ам.долларын эх үүсвэр нь хоёр улсын Засгийн газар хооронд 2011 онд тохиролцсон ашиглагдаагүй зээлийн үлдэгдлийн хугацааг сунгаж байгаа ба 500 сая ам.доллар нь шинээр авахаар тохирч буй зээлийн эх үүсвэр болно.

500 сая ам.долларын зээлийн зарцуулалтын төслүүдийн судалгааг БНСУ-аас томилогдох ажлын хэсэг энэ оны гуравдугаар сард Монгол Улсад ирж хийх юм байна. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хэлж буйгаар агаарын бохирдлын эсрэг зарцуулагдах төслүүдэд юун түрүүнд барилга, орон сууцны салбар, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй гэв.

 Харин 200 сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг 10 аймагт цахилгаан станц барихад зарцуулахаар төлөвлөжээ.

Ажилтан илгээх болон хүлээн авах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

 

Мөн өнөөдөр "Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд найрамдах Солонгос улсын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т Монголын талаас ХНХ-ын сайд С.Чинзориг Солонгосын талаас Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жү нар гарын үсэг зурлаа.

 

Санамж бичиг байгуулснаар хоёр орны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.