Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Жилд 35 тэрбум төгрөгийн өртөг бүхий 260 орчим сая кВт эрчим хүч хэмнэх боломжтойг судалжээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN
 

Эрчим хүчийг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Эрчим хүчний аудитын жишиг төслийг 15 байгууллагад амжилттай хэрэгжүүлж, эрчим хүчийг хэмнэх боломж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг боловсруулжээ.

Төслийн тайланг өнөөдөр хүлээлгэн өгч, үр дүнг хэлэлцлээ.

15 байгууллагын эрчим хүчний хэмнэлт нь Эрдэнэтийн цахилгаан станцын жилийн үйлдвэрлэлтэй тэнцэж байна

 

Эрчим хүчний Зохицуулах Хороон дарга А.Тлейхан "Монгол Улсын эрчим хүчий хэмнэлтийн тухай хууль 2015 онд батлагдсан. Энэ хууль нь манай улсад анх удаа аливаа барааг хэмнэх тухай эрх зүйн орчин болсон. 

Манай хороо Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай /ДДНХБ/ хамтран тодорхой хөрөнгө гаргуулж Монголын томоохон 15 компанийн эрчим хүчний хэмнэлтийн байдалд нь жишиг аудит хийлгэсэн. Эдгээр байгууллагад ДДНХБ-ийн хөрөнгөөр Энэтхэгийн мэргэжлийн хүмүүс зургаан сарын турш аудит хийсэн дүнг өнөөдөр танилцуулж байна. 

Аудитын дүнгээр жилдээ 35 тэрбум төгрөгийн өртөг бүхий 260 орчим сая кВт эрчим хүч хэмнэх боломжтой гэдэг тооцоо гарсан. 

Зөвхөн 15 байгууллагын эрчим хүчний хэмнэлт нь үндсэндээ Эрдэнэтийн цахилгаан станцын бүтэн жилийн турш үйлдвэрлэсэн цахилгаантай тэнцэж байгаа юм. Бид жилдээ эрчим хүчээ 10 хувиар хэмнэвэл 700 сая кВт хэмнэх боломж харагдаж байна" гэлээ.

Эрчим хүч хэмнэлтийг хэрэгжүүлэхэд 58 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдлагатай

 

ДДНХБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгч Роман Брие "Энэ ажил маань ДДНХБ-ын Монгол дахь хөтөлбөрийн Эрчим хүчний салбарт төвлөрсөн хэсэг, төлөвлөгөө  юм. Тус хөтөлбөр нь Эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр эхний ээлжний багц төслүүдийг гаргах, ингэснээр санхүүжилт татаж болохуйц гэдгийг баталгуужуулах боломжтой гэдгийг харуулах зорилготой.

Төслийн нэгдсэн үр дүнгээс харахад зөвлөмж болгон гаргасан эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 58 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд 3 хүртэл жилийн дотор энэхүү хөрөнгө оруулалт эргэн нөхөх боломжтой байна. Мөн түүнчлэн, арга хэмжээний үр дүнд 620 мянган тонн нүүрсхүчлийн хий /СО2/ ялгарлыг бууруулах юм" гэв. 

Жишиг төслийг Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Олон Улсын зөвлөх үйлчилгээний "PWC” компани хамтран хэрэгжүүлжээ.

Аудитаар цахилгаан эрчим хүчийг 18-20 хувь бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан

 
Гэрэл зургийг mpa.mn

Витафит Инвест ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн Дэд захирал Б.Ганбаатар "Манай байгууллага дээр эрчим хүчний төсөл хэрэгжиж, 2016 онд цахилгаан хүч 6.2 сая кВт буюу тэрбум гаруй төгрөгийн зардал гарсан байдаг. Цахилгаан эрчим хүчийг 18-20 хувь буюу 200 гаруй сая төгрөг хэмнэгдэх боломжтой гэж Аудитын дүгнэлтээр гараад байна. 

Цахилгаан эрчим хүч хэмнэснээр ногоон үйлдвэрлэл хийгдэх боломж бүрддэг. 2016 онд нүүрхүчлийн ялгаруулалт 10 мянган тонн байсан. Харин цаашдаа 15-20 хувь буюу 1,100-1,200 тонн орчмоор нүүрсхүчлийн ялгаруулалтыг бууруулах боломж бүрдэж байгаа юм" гэлээ.

Аудитын төслийг хэрэгжүүлсэн 15 байгууллага

  • Багануур ХХК
  • Налайхын Дулааны Станц ТӨХК
  • Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК
  • Дулааны 3 дугаар Цахилгаан Станц ТӨХК
  • Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК
  • Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
  • Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
  • Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг
  • Ачит Ихт ХХК
  • Эрдэнэт хивс ХХК/ Орхон Инженеринг Менежмент ХХК
  • Чингис хаан Цогцолбор
  • Сүү ХХК
  • Витафит Инвест ХХК
  • Говь ХК
  • Махимпекс ХК