Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Такаока Масато: Япон Улс Монголын эдийн засагт дэмжлэг үзүүлэхийн төлөө хичээн ажиллана

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2017 оны 10 сарын 25
Үндэсний шуудан
Зураг зураг

Монгол Улсын орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд өнөөдрийн байдлаар Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дэргэд сургалтын эмнэлэг байгуулах, мянган инженер бэлтгэх зэрэг томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Түүнчлэн “Өвсний үндэс" хөтөлбөрийн шугамаар Монголын нийгмийн олон салбарт бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн ажлууд хийсэн байдаг. Тэгвэл Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масатотой хоёр орны нийгэм, эдийн засгийн харилцааны талаар ярилцлаа.

-Ноён Такаока Масато бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаад баярлалаа?

-Манай улсын Элчин сайдын яаманд хүрэлцэн ирж ярилцлага хийж байгаад гүнээ талархалтай байгаагаа илэрхийлье.

-Та Элчин сайдаар томилогдоод жил гаруйн хугацаа өнгөрлөө. Монголд дасаж байна уу?

-Монгол Улс өргөн уудам тал нутагтай. Хүмүүс нь элэгсэг дотно байдаг. Ер нь япончууд Монголд хайртай байдаг. Танай оронд хурдан дасаж байгаа шүү. Монголд ирээд хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл бол залуучууд нь маш загварлаг санагдсан.

-Өмнөх Элчин сайд Т.Шимизү Монголоор их сайн ярьдаг байсан. Та монгол хэл хэр сурч байна вэ?

-Миний монгол хэлний чадвар маш ичмээр л дээ. Гэхдээ сурч байгаа.

-Хэд хоногийн өмнө Япон, Монголын сургалтын эмнэлгийн барилгын ажилтай танилцсан. Их том бүтээн байгуулалт болж байна лээ. Япон Улсын Засгийн газрын 174 тэрбум 400 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар баригдаж байгаа гэж мэдээлж байсан. Талархмаар санагдаж байсан шүү?

-Таныг талархал илэрхийлсэнд баярлалаа. Япончууд баярлалаа гэвэл бөөн баяр болдог хүмүүс. Сургалтын эмнэлэг ашиглалтад ороход багахан хугацаа үлдээд байна.

Энэ эмнэлэг ашиглалтад орсноор Монголын анагаах ухаан сайжирч, цаашлаад “Ард түмэн нь илүү аз жаргалтай амьдраасай” гэж хүсэж, зорьж байгаа юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Монголын АШУҮИС-ийн захирал болон холбогдох эрхмүүдийн уйгагүй хүчин зүтгэл маш том тус болж байгаа. Төсөл амжилттай хэрэгжиж байгаад баяртай байгаа шүү.

-Энэ жил Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа. Манай хоёр орны хамтын ажиллагааны төвшинг та хэрхэн харж байна вэ?

-Өнгөрсөн жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, нягт харилцаатай болсонд баяртай байдаг. Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишида өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсад айлчилсан.

Айлчлалын хүрээнд Япон, Монголын Гадаад харилцааны яам хооронд стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх үүднээс дунд хугацааны хөтөлбөрийг байгуулсан. Энэхүү хөтөлбөрт ирэх таван жилд улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аюулгүй байдал, батлан хамгаалах, соёл боловсрол, хүмүүнлэгийн гээд бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зарчим, зорилт багтсан.

Түүний дараа төрөл бүрийн олон арга хэмжээ зохион байгуулсан. Тухайлбал, Японы парламентын зөвлөхүүдийн танхимын гишүүд Монгол Улсад анх удаа айлчилсан. Түүнчлэн шинэ Ерөнхийлөгч сонгогдсонтой холбогдуулаад тангараг ергөх ёслолд Японы талаас албаны хүмүүс хүрэлцэн ирж оролцсон. Тэр мэтчилэн үйл явдлаас манай хоёр улс маш нягт харилцаатай байгаа нь харагдаж байна.

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Нэг өгүүлбэрээр хариулахад түвэгтэй асуулт байна. Япон Улс танай орныг 1990 оны ардчилалд шилжсэнээс хойш байнга дэмжиж ирсэн. Мэдээж япончууд монголчуудад хайртай гэдэг нь хамгийн том шалтгаан юм болов уу. Монгол Улс эрх чөлөө, ардчилал зэрэг үнэт зүйлүүдтэй. Үүн дээрээ тулгуурлаж эх орноо хөгжүүлж байна. Тиймээс цаашдын хөгжилд нь итгэж байгаа.

Саяхан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Японы алдартай гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэсэн. Түүний Монголын байгаль, нийгмийн аж байдлыг харуулсан гэрэл зураг нь 35 жилийн түүхийг харуулсан байна билээ. Тэр зургуудаас Улаанбаатар хэрхэн хөгжиж ирсэн бэ гэдгийг харж болохоор байсан. Тэр бүх цаг хугацаанд манай хоёр улс хамтдаа байж ирсэн. Үнэхээр сайхан санащаж байсан шүү.

Мөн Японд боловсрол эзэмшсэн монгол залуус эх орондоо ирж янз бүрийн салбарт амжилт гаргаж байгаа. Үүнд бид маш их баяртай байдаг. Монгол Улсдаа, нийгэмдээ хувь нэмэр оруулж чадсан бол бид баяртай байна. Улаанбаатар маш хурдтай хөгжиж байгаа. Гэхдээ нөгөө талаар хэт их хотжилтын үр дүнд тодорхой нийгмийн асуудлууд гарч ирсээр байна. Японд ч мөн адил хотжилтоос үүссэн асуудал гарсаар байдаг. Тухайлбал, агаарын бохирдол, баян, ядуугийн ялгаа гэх мэтчилэн. Тэрэнд бид их санаа зовдог. Мөн Монгол Улсад эдийн засгийн салбарт тулгамдаж байгаа олон асуудал байна. Тиймээс эдийн засгийн шинэчлэлийг хийж, санхүүгийн асуудлаа сэргээх нь Монгол Улсын хувьд том зорилт болж байгаа.

Монгол Улс өргөн уудам газар нутагтай, маш элбэг байгалийн баялагтай. Үүндээ түшиглэж маш хурдтай хөгжих боломжтой. Түүнчлэн ОУВС-тйн хөтөлбөрийг оролцуулаад олон улсын хүрээнд дэмжлэг авах боломж гарч ирсээр байна. Япон Улс Монголын эдийн засгийн энэ хүнд нөхцөлд дэмжлэг үзүүлэхийн төлөө хичээн ажиллана. Хамгийн сүүлд гэхэд 850 сая ам.долларын санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Юуны өмнө Монгол Улс эдийн засгаа сэргээхийн тулд маш их хүчин чармайлт гаргаж ажиллах нь зүйтэй болов уу гэдгийг дахин хэлье.

-Монгол, Япон хоёр улсын харилцаа олон салбарт амжилттай хөгжсөөр ирсэн. Ер нь цаашид аль салбарт хамтарч ажиллавал илүү ирээдүйтэй гэж та үзэж байна вэ?

-Монголд маш том, чадварлаг ажиллах хүчин байна. Тэр нь Монголын давуу тал юм болов уу гэж хардаг. Мэдээж, Монгол өргөн уудам тал нутаг, байгалийн баялагтай. Гэхдээ хамгийн том баялаг нь ажиллах хүчин нь гэж хэлмээр байна. Тэр утгаараа хоёр улсын иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх нь чухал юм болов уу. Эдийн засгийн тал дээр аялал жуулчлал хамгийн чухал салбар. Япон, Монгол хоёр улс маш ойрхон найрамдалт харилцаатай. Хоёр улсын хооронд ирж очих нь хялбар байдаг. Үүнийг нэмэгдүүлэх нь чухал юм болов уу.

Монгол Улс маш баялаг соёлтой. Тэрхүү баялгаа дэлхийд түгээх нь чухал. Тиймээс Хөшгийн хөндийд баригдаж байгаа шинэ онгоцны буудлыг эртхэн шиг ашиглалтад оруулах нь маш чухал ач холбогдолтой. Онгоцны буудал аливаа улсын үүд хаалга нь байдаг. Онгоцны буудал нь олон улсын жишигт нийцсэн, үйлчилгээ сайн байх тусам улсынхаа үзэсгэлэнтэй байгаль, соёл, ёс заншлаа гаднын олон иргэдэд харуулах боломж бүрдэнэ шүү дээ.

Тиймээс энэ ажлыг хурдан урагшлуулах талаар манай Элчин сайдын яамны зүгээс эрмэлзэж, хамтран ажиллаж байгаа. Манай хоёр улсын хувьд улс төр, урлагийн харилцаа хөгжсөн боловч бизнесийн тал дээр хараахан хөгжөөгүй байна. Гэхдээ цаашид илүү хөгжих боломжтой гэж харж байгаа. Өнгөрсөн жил эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсон. Энэхүү олон улсын эрх зүйн тогтолцоог бүрэн ашиглаж Монгол Улсын зүгээс бизнесийн харилцааг хөгжүүлэхийн тулд хүчин зүтгэх нь чухал болов уу.

-Монгол Улсын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нь хамгийн том зорилго болоод байна. Япон Улс манай нийгэм, эдийн засгийн салбарт хөрөнгө оруулсаар ирсэн. Цаашид аль салбарт илүү хөрөнгө оруулах сонирхолтой байдаг вэ?

-Хөрөнгө оруулалт бүрт өөр, өөр сонирхол бий. Гэхдээ нэг жишээ дурдахад, Монголын дэд бүтцэд хөрөнгө оруулалтыг хийхийг хүсэж байгаа компаниуд их байдаг юм билээ. Үүний нэг жишээ гэвэл, Япон, Монголын сургалтын эмнэлгийг хэлж болох юм. Энэ эмнэлэг дараа жил ашиглалтад орно. Түүний дараагаар төрөл бүрийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх болон менежментийг хангах чиглэлээр хамтын ажиллагаа явуулах сонирхолтой байгаа.

Мэдээж, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхол бий. Хэд хоногийн өмнө Японоос ирсэн 30 орчим бизнесийн төлөөлөгчидтэй хамт миний бие Оюутолгойн үйл ажиллагаатай танилцсан. Мөн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Өмнөговь аймагт очиж Салхин цахилгаан станцын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон. Энэ төслийг Япон, Монголын компаниуд хамтарч явуулж байгаа.

Түүнээс гадна нарны хүчний дэлгэцийг оролцуулаад нарны цахилгаан станц барих тал дээр сонирхол их бий. Үүнээс харахад сэргээгдэх эрчим хүч Монгол, Японы хамтын ажиллагааны гол салбар болсон болов уу гэж харж байгаа. Харин нөгөө талаар Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд эрх зүйн орчноо тогтвортой болгох нь чухал болов уу. Дүрэм, журам нь хурдан өөрчлөгддөг шүү дээ. Тиймээс Монгол Улсын зах зээл амаргүй гэж гадаадын хөрөнгө оруулагчид ойлгодог.

Өнгөрсөн долоодугаар сард Япон, Монголын төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Тэр үеэр Японы бизнес эрхлэгчдийн зүгээс төрөл бүрийн зорилтыг тавьсан. Тэдгээр нь шийдэгдээсэй гэж хүлээж байна. Мөн эцэст нь дурдахад ОУВС-тай тохиолцсон хөтөлбөрийг баттай хэрэгжүүлэх, эдийн засгаа сэргээх ажлыг баттай хэрэгжүүлж, тэгснээрээ олон улсын итгэл найдварыг дахин авчрах явдал нь Монгол Улсад чухал сорилт болж байна.

-Хоёр улс батлан хамгаалахын салбарт ямар харилцаатай байдаг вэ. Манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Япон Улсын цэргийн инженерийн сургуульд сургалтад хамрагддаг шүү дээ?

-Монгол Япон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын зэрэг бүхий л салбарт хурдацтай хөгжиж байгаагийн дотор цэргийн салбарын хамтын ажиллагаа тодорхой байр суурийг эзэлж байгаад сэтгэл хангалуун байдаг. Мөн 2012 онд “Харилцан ойлголцох санамж бичиг”-т гарын үсэг зурснаар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа шинэ төвшинд гарч, эрчимтэй хөгжиж байгаа.

Бид бүх төвшний харилцан айлчлал хийх, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээлэл солилцох, зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн боловсон хүчний сургалт, цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг олон хэлбэрээр хамтын ажиллагаагаа явуулж байна. Ялангуяа хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагаанд цэргийн инженер, цэргийн эмнэлэг гэсэн үндсэн хоёр чиглэлийг тодорхойлон амжилттай хэрэгжүүлж байгаа.

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд 2016 оны хоёрдугаар сард Зэвсэгт хүчний инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн Япон Улсын цэргийн инженерийн сургуульд сургалтад хамрагдсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргийн бүрэлдэхүүн Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн цэргийн сургалтын багтай хамтарсан сургуулийг зохион байгуулдаг.

-Өнөөдрийн байдлаар Японд манай улсын хэчнээн иргэн ажиллаж амьдардаг вэ. Энэ талаар судалгаа бий юү?

-Японд есөн мянга орчим монгол иргэн амьдарч байгаа. Түүн дотор Японд суралцаж байгаа хүмүүсийн тоо одоогоор 2,200 орчим бий. Тэдний ихэнх нь анагаах ухаан, боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр сурдаг. МУИС-аас Японы их сургуульд суралцсан оюутнууд Монголын хувьд анхных гэж хэлж болох хиймэл дагуулыг бүтээсэн. Хиймэл дагуулаа сансарт амжилттай байрлуулсан шүү дээ. Мөн Япон загварын боловсролын системээр гурван сургууль Монголд үйл ажиллагаа явуулж байна.

-Японд виз мэдүүлж байгаа хүмүүсийн тоо өсөж байгаа юу?

-Өнгөрсөн оны байдлаар 17,500 орчим виз гаргасан. Түүнээс хойш тоо нэмэгдэж байгаа юу гэдгийг хараахан мэдэхгүй байна.

-Ирэх жилүүдэд нийтдээ 50 мянган иргэнийг дадлагажигч ажилтнаар Япон Улс руу илгээхээр болсон гэдэг мэдээлэл бий. Танай улс үүнд тодорхой тооны квот тогтоосон уу?

-Шинэ хууль тогтоомжийн хүрээнд дадлагажигчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Монголчуудын дунд хөтөлбөрийн талаар сонирхол өндөр байгааг бид мэдэж байгаа. Мэдээж чадварлаг боловсон хүчин ихээр яваасай гэж найдаж байна. Улс бүрээс хэчнээн тооны хүн хүлээж авах боломжтой гэсэн тооны квот тогтоогоогүй байгаа. Олимпын бүтээн байгуулалттай холбоотой барилгын ажилчдыг хүлээж авах тооны квотыг тогтоосон зүйл байхгүй. Тиймээс шалгуурт нийцсэн хэн ч байсан ажиллах хүсэлт тавих боломжтой.

-Японы шинэ үеийн залуус хар ажил хийх дургүй болсон гэж сонссон. Үүнийг дагаад ажиллах хүчний тоо буурч байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Японы нийгмийн хувьд хүүхдийн тоо багасаж байгаа. Түүнтэй холбогдуулаад ажиллах хүчний тоо нэлээн буурч байгаа нь үнэн. Энэ бол Японы нийгмийн хамгийн том асуудал болсон. Түүнтэй холбогдуулан Японы олон компани ажиллах хүч хайж байгаа. Түүнээс гадна янз бүрийн арга ч хэрэглэж байна. Тухайлбал, автоматжуулсан арга барилыг бий болгож, аль болох цөөн тооны ажиллах хүчинтэй үйл ажиллагаа явуулуулах боломжийг хайж байгаа.

-Солонгосын хойгийн асуудал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Энэ бол маш ноцтой асуудал. Хойд Солонгос цөмийн хөтөлбөр явуулж байна. Пуужин харваж байна. Түүний аюул занал өнгөрсөн хугацаанд байгаагүй төвшинд хүрсэн. Тиймээс манай улс энэ нөхцөл байдлыг маш нухацтай асуудал гэж харж байна. Бид олон улсын хамтын нийгэмлэгт бүрэн итгэж, дарамт шаардлага тавьж ажиллах нь маш чухал байгаа.

-Та Элчин сайдаар ажиллаад багагүй хугацааг өнгөрөөлөө. Цаашид юун дээр түлхүү анхаарч ажиллана гэж бодож байна вэ?

-Энэ бол шууд хариулахад амаргүй асуулт байна. Мэдээжийн хэрэг шинэ онгоцны буудал ашиглалтад орвол миний хувьд хамгийн том зорилго биелнэ. Монгол Улс эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад маш нямбай хандаж, илүү хүчтэй орон болоосой гэж хүсэж байна. Манай хоёр орон Ази, Номхон далайн бүс нутагт, цаашлаад дэлхий даяар хамтран ажиллах чиглэлээр харилцаагаа өргөжүүлээсэй гэж хүсдэг. Тэр ч утгаараа гадаад харилцаа, аюулгүй байдал зэрэг зөвлөлдөх уулзалтуудад нягт хамтарч ажилладаг. Тэр утгаараа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд монгол цэргүүд оролцож байгаад хүндэтгэл үзүүлж байна.

Зураг