Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Зүүн Хань улсын бичигт юу өгүүлэв?

Ч.Зотол, Зууны мэдээ
2017 оны 8 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Тарагт багийн нутаг Дэлгэрхангай уулын Баруун-Элгэн дэх эртний бичээсийг тайлан уншсан Чингис хаан дээд сургуулийн эрдэмтэн багш нарын судалгааны эргэн тойрон дахь мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа бичээсийг хэрхэн тайлсан болон, тэнд юу өгүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

БИЧЭЭСИЙГ ХЭРХЭН ТАЙЛСАН БЭ?

Одоогоос 1928 жилийн өмнө бичиглэсэн тэрхүү бичээс нь Нанхиадын Зүүн Хань улсын хагалан бутаргах урхагт бодлогоор НТӨ 53 оноос өмнөд Хүн (Хүннү) улс гэж нэрлэгдэн салж, нанхиадыг даган холбоотон болсон өмнөд Хүннү нэрийн Шаньюй, Дунху аймгийн гарвалтай Ухуаниуд, Төвд гарлын Цян аймгийнхан, Баруун Жун-Ди нар, Зүүн Хань улсынхантай хүч хавсран умард Хүн (Хүннү) улсын нутаг руу 33,000 цэргийн хүчээр зургаан замаар дайран довтолж, дайнд ялснаа тэмдэглэн үлдээсэн тухай юм.

Энэ дайн нь эртний нанхиадуудын “Харийнхныг харийнхнаар нь цохиулах” бодлогын нэг тод жишээ юм. Дайнд “Зүүн Хань улсын түүх” бичиж үлдээсэн Бан-Гу (32-92 он) хамт явалцсан учир тэрээр судартаа бичиж үлдээжээ. Энэ үйл явдал нь нэгэн угсаатан Хүн (Хүннү) нэр хоёр салсан цагаас 140-өөд жилийн дараа болжээ.

Аян дайны тухай НТ-ын 89 оны долоодугаар сард буюу Зүүн Хань улсын III хаан Лиу-Жао (89-106 он) Жун Жуаны анхны оны намрын долоодугаар сард сийлэн бичжээ.

ТҮҮХЭН ҮЙЛ ЯВЦЫН ӨРНӨЛ

Өмнөд Xүн улс (НТӨ 53-НТ 216 он) -ын Шаньюй Түньтүхэ, Зүүн Хань улсын бэлэвсэн хатан Доу-д бодрол бичиг өгч тусламж хүссэнийг хөхиүлэн дэмжиж, Умард Хүн улс (НТӨ 53-НТ 93 он)-ыг дайлахаар шийдвэрлэснээр өмнөд Хүн улс ойролцоогоор 30,000 цэрэг, Цян аймгийн 8,000 цэрэг, нанхиад цэрэг 8,000, Ухуань аймгийнхан тодорхой цэргээр хүч хавсарч зургаан чиглэлээр (зарим түүхэнд гурван чиглэл гэдэг) дайлжээ.

Энэхүү дайн бол Зүүн Хань улсын түлхээс дэмжлэгээр Өмнөд Хүн улс, умард Хүн улсын хооронд явагдсан дайн юм. Энэ дайнд Умард Хүн улсынхан ялагдсанаар 89 онд умард Хүн нэрийн 58 бу (хүрээ), 200,000 хүн үүнээс 8,000 байнгын цэрэг умардаас салж, өмнө нь  шилжин суурьшжээ.

Энэ байдал цааш үргэлжилж, 91 онд Вэндү шунь, Рижу, Вэньүфу, Лянвилютиг дагасан 81 хүрээ 200,000 хүн, 96 онд умардын Фэнхоугоос түм илүү өрх өмнөш суурьшиж, умард Хүн улсын нутагт үлдсэн 100,000 өрх Сяньби нарт дагаж орсон үйл явдал болжээ.Тухайн үед Умард Хүн улс нь НТ 48-91 онд =1,100,000 гаруй хүнтэй байсан мэдээ байдаг.

Харин Европ руу нүүдэллэсэн Хүнн нар НТ V зуунаас эхлэн зүүн Ромыг төрийн хараат болгож, 451 онд болсон тулалдаанаар баруун Ромын хүч үлэмж суларч, дахин сэргэж чадахгүй байсаар 476 онд Ромын боолын нийгэм Европт унажээ. Хүнн нэр Ромын боолт нийгмийг унагаснаар нийгмийн дараагийн шат феодализмд шилжих нөхцөлийг Европын улсуудад олгож, Франц, Итали, Испани, Герман, Англи... зэрэг европын улс бүрэлдэх нөхцөлийн суурь тавигджээ.

Хүнн нар өдгөөгийн Унгар (Мажар)-ын овог дээдэс болжээ. Монголын түүхийг гуйвуулах, эзэнгүйдүүлэх үгүйсгэх гэсэн зарим атгаг санаатнууд унгаруудыг өөр гаралтай мэтээр тайлбарлахыг оролддог үе байсан нь үеэ өнгөрөөжээ. Тэр бол ямар ч баталгаа нотолгоогүй зүйл. Хүнн нарын зарим соёл. Унгар, Герман, Франц, Англид хүртэл тархсан нь тодорхой баталгаатай зүйл болохыг түүхлээч, профессор Б.Балжинням судалгааны бүтээлдээ тэмдэглэжээ. /’’Гуйсы” гэдэг нь Шинжияны "Кучэ” сум байх гэдэг/.

Чингис хаан дээд сургуулийн эрдэмтэн багш нар энэ бичээсийг тайлж уншихаар 2009 оноос эхлэн 5-6 удаагийн судалгаа явуулсан ч үр дүн муутай байсан. Энэ жил 7-8 дугаар сард “Чингис хаан” дээд сургууль, Өвөрмонголын их сургуультай хамтарсан эрдэмтдийн судалгааны баг уг бичээсний утгыг бүрэн тайлж уншсан нь энэ юм.

ИНЭЛ ХАЙРХАН (ДЭЛГЭРХАНГАЙ)-Ы ХАДНЫ БИЧЭЭСИЙН МОНГОЛ ОРЧУУЛГА

Жун Жуаны анх оны намрын долоодугаар сард Хань улсын их нагац Чэ Жей жанжин Доу-Сянь хэмээхүй нь Богд эзнээ хүндлэн дээдэлж, хаан төрийг тэтгэн асарч, нийслэл хотыг ерөнхийлөн сахигч, жанжин ван Бин лүгээ хамтаар үүрэг тушаал хариуцан, хайгуул сахиул гүйцэтгэн, умард зүг дор их цэрэг дайчилжихуй.

Начин шонхор мэт цэргийн даргас, луу барс адил хуяг байлдагчид, зургаан зам болон бүрдэж, өмнө Шаньюй, зүүн Ухуань, баруун Жун, Ди, Цян нарын ван ноёдтой бүлэглэн, гавшгай морьтон гурван түм хүрчихүй. Хүнд тэрэг хөнгөн хасаг дөрвөн ангиар хүлэглэн хөсөг ачаа зам дүүрч, түм гурван мянга илүү болжихуй.

Найман жагсаал дор мөрөлгүүлэн, сүрлэг ихэмсэгийг бадруулан, төмөр хуяг нaран дор гялбалзан, улаан далбаа агаар тэнгэрийг халхалжихуй. Түүгээр гоо Цю вейг даван, Жий лу боомтоор бууж, хад чулуу, хужир талыг өнгөрөн, говь цөл ээрэм хөдөөг туулан, Онги ваныг цавчиж, хэнгэрэгээн тахиж шүтэх ваныг алан жадныхаа ирийг мялаалгавай. Дараагаар дөрвөн замын жанжин цэргүүд хөндлөн давхилдан одон харвах мэт шүүрдэн цэвэрлэж, түмэн газар дор хулгай дээрмийг эс үлдээжихүй.

Цаашлан нутгийг нь эзлэн нийлүүлж, тугаан хурайлан ялаад буцвай. Басхүү намтар зургий нь шалган байцааж уул усы нь бүрэн ажиглан тойрч, Жүвэ жэ уулнаа гарч, мохдогын нутгийг тальхилан, Лао шаны Лао Зинь нутгийг галдвай. Энэ нь дээр болбоос Гоу-цу, Вэнь-цун хааны өшөө хорсолыг тайлан, доор болбоос хойч үеэ амаржуулан хамгаалж, нутаг дэвсгэрээ тэлэн өргөтгөж, Их Хань улсын тэнгэрийг сүрийг мандуулжихуй. Ер нь нэгэн үеийн ядрал зүдрэлээр удаан цагийн зол жаргалыг авчиран, түр зуурын төвөг сүйтгэлээр өнө үүрдийн энх жаргаланг олсон болой. Үүгээр уул хайрхныг тахиж чулуу цавчин, бичиг сийлэн, хааны дээд эрдмийг тэмдэглэвэй.

Тэрхүү үгс нь:

“Сүрт их хааны цэрэг алсын алсыг дайлахуй дор,
Харгис дайсан сөнөөгдөж дотоод, гадаад нэгдэвэй.
Алсын тэртээгээс үл бэрхшээн тэнгэрийн хаяаг барагаж
Хайрхан сахиулсныг тахиж, чулуун бичээс цогцлоон
Хааны төрийг бэхжүүлэн, түмэн үе дор мандуулмуй”
Монголчилсон БНХАУ-ын Өвормонголын эрдэмтэн доктор профессор Ж.Чимэддорж /2017 оны наймдугаар сарын 14/.

шинэ нээлт, түүхэн үнэнийг гуйвуулах оролдлого гарчээ

Монголын түүхэнд чухал ач холбогдолтой дээрх дурсгалыг нээн илрүүлээд удаагүй байна. Гэтэл үүнийг дагасан ташаа мэдээлэл тараах явдал ч бас гарч байгаад судалгааны багийг ахалж ажилласан Чингис хаан дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын баг, тус сургуулийн захирал, доктор Х.Лхагвасүрэн, түүхч, профессор Б . Балжинням нар харамсаж байгаагаа илэрхийлж байна.

Тэд хэлэхдээ '‘Ар, Өвөр Монголын эрдэмтдийн хамтарсан судалгааны үр дүнд олсон амжилтыг үгүйсгэх маягаар оролдон түүнийг улс төрийн зорилгоор урвуулан ашиглах хандлага илэрч эхэлсэнд бид нэн харамсаж байна. Тухайлбал, БНХАУ-ын зарим иргэн цахим хэрэгслээр энэ газрыг Зүүн Хань улсынх болсон, энэ дайнд Зүүн Хань улсынхан голлох үүрэгтэйгээр оролцсон гэх мэтээр тайлбарлах болсон нь түүхэн үнэнийг хэт дэвэргэсэн зохисгүй үйлдэл юм.

Учир нь энэ дайн тулаан нь “Өмнөд, Умард Хүн улс”-ын хооронд болсон гэдэг нь цэргийн хүчний харьцаа, тухайн үеийн улс гүрнүүдийн хүчин чадлаас тодорхой харагддаг юм.

Энэ үеийн Зүүн Хань улс нь умард Хүн улсыг дангаараа сөрөн зогсох ямар ч чадваргүй дотоодын зорчилд идэгдэн хүнд байдалтай байсан цаг. Харин тэдний ганц арга нь бусад үндэстэн, угсаатныг өөрсөд хооронд нь сөргөлдүүлж, хүчийг нь барах бодлого хэрэгжүүлж байсан явдал юм. Энэхүү бодлого үеэс үед уламжлан өдгөө ч үргэлжилж буйг анхаарах нь чухал” гэлээ.

Зураг