Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

AlphaGo програм Хятадын Го тоглоомын мастерыг эхний тоглолтондоо хожлоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Google-ийн DeepMind Labs компанид зохион бүтээсэн AlphaGo хиймэл оюун ухааны систем өчигдөр Хятадын Го хөлөгт тоглоомын мастерыг эхний тоглолтондоо хожлоо.

Хятадын Зэжянь мужийн Вужень хотод болсон хүн ба машины өрсөлдөөнд Хятадын 19 настай мастер Кэ Жи дөрвөн цаг хагасын турш тоглосны дараа AlphaGo програмд ялагдсан байна. Кэ Жи нь энэ тоглоомны хамгийн том мастерт тооцогддог юм.

Тоглолтын дараа Кэ “Би цочролд ороод байна. Түүний олон нүүдэл нь хүнээс гарахааргүй юм” гэж ярьжээ. DeepMinds-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Дэмис Хассабис тэмцээний өмнө ярихдаа “Олон хүн энэ тэмцээнийг хүн ба машины тулаан гэж харж байна. Би үүнтэй санал нийлэхгүй, энэ бол хүн өөрийн бүтээсэн багажаар шинэ боломжийг илрүүлж байгаа хэрэг” гэж хэлсэн байна.

Го нь Хятадад вэйчи гэгддэг ба Нийтийн Тооллын Өмнөх 1,046-256 онд оршиж байсан Жоу улсын үед бий болсон юм. 19 ба 19-ийн харьцаатай хөлөг бүхий стратегийн тоглоом нь хүний бүтээсэн хамгийн хэцүү оюуны тоглоом гэгддэг. Уг тоглоомын боломжит нүүдлийн тоо нь бидэнд харагдаж байгаа ертөнцийн атомын тооноос их ажээ.

2016 онд AlphaGo програм Өмнөд Солонгосын их мастер Ли Седолыг 4:1-ийн харьцаатай хожиж байв. Кэ Жи нь 11 настайдаа мэргэжлийн тамирчин болж есдүгээр дан хүртсэн нь энэ тоглоомны оргил зэрэглэл юм. Го тоглоом Хятадаас Солонгосоор дамжин Японд хүрч, 15 дугаар зуунаас эхлэн орчин үеийн хэлбэртээ орсон байна.

Мягмар гарагийн тоглолтын дараа Кэ-AlphaGo өрсөлдөөн Пүрэв, Бямба гарагуудад үргэлжлэн тоглолт бүр нь 7 цагийн хугацаатай болох юм.

Кэ Жи хэдийгээр эхний тоглолтонд ялагдсан ч ”Би бүх чадлаа гаргаж тоглоно. Миний өрсөлдөгч хэр хүчтэй байхаас үл хамааран би бууж өгөхгүй” хэмээн ярьжээ.

Тоглолтын бичлэг:

Эх сурвалж: South China Morning Post