Ашиглалтын хугацаа нь дууссан автобусаа ₮1,000-ын төлбөртэй явуулын бие засах газар болгожээ

Д.Янжиндулам, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Зорчигч тээвэр-2" ОНӨААТҮГ-ынхан ашиглалтын хугацаа дууссан автобусаа явуулын бие засдаг газар болгожээ.

Энэ тухай тус байгууллагын тээвэрлэлт, үйлчилгээний газрын дарга С.Мөнхсүлд "Манай байгууллага Нийтийн Тээврийн Бодлогын Газартай байгуулсан гэрээний хүрээнд Улаанбаатар хотын иргэдэд өдөрт 144 автобусаар 287 жолооч үйлчилгээ үзүүлдэг юм. Хотын түгжрэлээс шалтгаалж эцсийн зогсоолд очиж бие засах нь жолооч нарт хүндрэлтэй, үйлчилгээний чанарт нөлөөлж буйг анзаарч харсан. Ингээд Их хаан бугуйт компанитай хамтран явуулын бие засах газрыг шийдэж, нэвтрүүлсэн юм.

Явуулын бие засах газар нь эрэгтэй, эмэгтэй суултуур, гар угаах тосгууртай, бохирыг соруулж авдаг. Жилийн дөрвөн улиралд автобусны жолооч нар болон иргэдэд үйлчилнэ" гэв.

"Зорчигч тээвэр-2" ОНӨААТҮГ-ын аж ахуйн жолооч Б.Ариунтуяа "Явуулын 00-ын жолоочоор ажиллаад нэг жил болох гэж байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарт бие засах газар тулгамдсан асуудал болдог.

Бид туршилтын журмаар үйлчилгээнд гарахад иргэд болон жолооч нар талархалтай хандсан. Явуулын 00-ын төлбөр одоогоор 1,000 төгрөг. Энэ нь цэвэрлэгээ, үйлчилгээ, эрчим хүчний хэрэглээнд зарцуулагддаг" хэмээн ярилаа.

Хотын тодорхой цэгт явуулын бие засах газрыг зогсох байршлыг шийдээд өгчихвөл илүү олон хүн үйлчлүүлэх боломжтой юм хэмээн уламжлав.