УИХ-ын гишүүн П.Сайнзориг и-спорт, шатрын тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх агуулгатай хууль боловсруулжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Уг хуулийн төсөл батлагдвал и-спорт буюу цахим спортын тамирчинд гадаадын аж ахуйн нэгж, иргэнээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшууллыг татвараас чөлөөлөх аж. Мөн шатар, и-спортын үндэсний шигшээ багуудад гадаад улсын иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив, буцалтгүй тусламжаар нийлүүлэх тоног төхөөрөмжийг гаалийн тариф болон гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх агуулгыг тусгасан байна.

Үүнтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд болон Сангийн яамны төлөөлөл НӨАТ-аас чөлөөлөх нь хэр зөв талаар байр сууриа илэрхийлэв.

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Биеийн тамир спортын тухай хуулийн 10.1.1-д заасны дагуу байгуулагдсан бусад үндэсний шигшээ багууд хамрагдахгүй байх нөгөөтээгүүр, олимпын бус төрлийн и-спорт болон шатрын үндэсний шигшээ багуудыг төсөлд хамруулж байгаа. Гаалийн тариф болон гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварт спортын үндэсний шигшээ багуудад гадаад улсын иргэн, аж ахуйн нэгжүүдээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг чөлөөлөх асуудлыг оруулсан нь хүүхэд залуучуудын бие бялдрын хөгжлийн төлөө гэсэн зорилго агуулсан. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж болж байна. Төсөв дээр ачаалал байхгүй, аж ахуйн нэгжүүдээс санхүүжилт татах юм байна.

Нөгөө хоёр заалтыг нь татаад авчихвал амар юм биш үү. Гаальтай холбоотой хөнгөлөлт чөлөөлөлтийн бололцоо нь одоогийн хууль дээрээ байгаа. НӨАТ-ын хуульд 29 төрлийн хөнгөлөлт байдаг. Тэр нь голчлон том бодлоготой холбоотой асуудал байдаг. Гэтэл одоогийн зургаар харвал шатрын холбооны болон и-спортын холбооны тоног төхөөрөмжийн чөлөөлөлт гэж юу байх билээ. Нөлөөлөл багатай учраас хасчихвал яасан юм бэ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: И-спортыг төрийн бодлогын хэмжээнд дэмжихийг би дэмжихгүй. Дэлхийд Монголын нэрийг гаргаад явж байгаа нь сайн зүйл. Тэр баян тансаг орон юугаа дэмжих нь тэдний асуудал. Хэрэгтэй юмаа л хөнгөлж, чөлөөлье.

Хүүхдүүд тэндээ тоглоомоо тоглоод дэлхийд Монголын нэрийг гаргаад явахыг хэн ч хаахгүй, бизнесийнхээ журмаар яваг.

Миний ойр орчмын хүмүүс ийм асуудал байдаг. Шөнө орой тоглодог, донтдог гэх асуудал бий. Үндэсний спортын түвшинд авч очвол татвар, хөнгөлөлт чөлөөлөлтөө боль. 20 хүний юмыг хөнгөлнө, чөлөөлнө гэнэ. Тэмцээнээсээ сая ам.доллароо аваад хөгжөөд явна биз.

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч.Чимидсүрэн: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.6 дахь заалтад спортын төрлийг оруулахыг дэмжээгүй. Харин спортыг дэмжих Засгийн газрын тусгай сангаар дамжуулаад ямар төрлийн дэмжлэг үзүүлэх хуулийн гаргалгаа байгаа. 

Гэхдээ төсвөөс дэмжлэг өгөх гээд байгаа зүйл биш. Хуульд и-спорт буюу шигшээ баг гэж нэмэхгүйгээр тухайн байгууллага хандив тусламжаа Засгийн газрын спортыг дэмжих санд өгчихвөл зориулалтын дагуу зарцуулагдах боломжтой.

Гаалийн тарифын хуулийн 38 дугаар зүйлд спорттой холбоотой тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх заалт нь хүчинтэй байгаа. Давхардуулан хуульчлах шаардлагагүй. Гааль тарифын тухай хуулийн 38.1.19-д спортын зориулалттай тоног төхөөрөмж хэрэглэлийг татвараас чөлөөлдөг.

НӨАТ-ын хуульд гаднаас орж ирж буй тоног төхөөрөмжийг хандиваар орж ирсэн эсэхийг тодорхойлоход төвөгтэй. 


Уг хэлэлцүүлэг дууссаны дараа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3 хувь нь дэмжлээ.

Харин хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. УИХ-ын чуулганы хуралдаанд байнгын хорооны дэмжээгүй саналыг гишүүдийн олонхоор дэмжиж болох дэг бий.

Хуулийн төсөл батлагдвал нэмэгдэх заалтууд:

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.6 дахь заалтын “баг,” гэсний дараа “Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1-д заасны дагуу бүрдүүлсэн үндэсний шигшээ баг, түүний харьяалагддаг спорт холбоо,” гэж нэмсүгэй. 
  • Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 38  дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай  38.1.27 дах заалт нэмсүгэй. 
  • “38.1.27.Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1-д заасны дагуу бүрдүүлсэн Үндэсний шигшээ багийн хэрэгцээнд зориулан гадаад улсын иргэн, хуулийн этгээдээс хандив, буцалтгүй тусламжаар олгосон тоног, төхөөрөмж.”
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг доор дурдсан агуулгатай 13.1.30 дахь заалт нэмсүгэй. 
  • “13.1.30.Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1-д заасны дагуу бүрдүүлсэн Үндэсний шигшээ багийн хэрэгцээнд зориулан импортоор оруулж байгаа болон гадаад улсын иргэн, хуулийн этгээдээс хандив, буцалтгүй тусламжаар олгосон тоног, төхөөрөмж.”