Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэр дэх хүүхдийн тоглоомын талбайг засварлаж, шинэчлэхээр болжээ
Нийслэлийн есөн дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэр дэх тоглоомын талбайн нөхцөл байдалд үнэлгээ хийж, стандарт шаардлага хангахгүй, элэгдэж эвдэрсэн, осол гэмтэл үүсгэх эрсдэлтэй тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр болжээ.
Энэ тухай НИТХ-ын хэвлэлийн албанаас "Хүүхдийн тоглоомын талбайд гэмтэл бэртлээс сэргийлэх зориулалттай зөөлөвч, хамгаалалтын гадаргууг нэмэгдүүлэх, хяналтын камер, гэрэлтүүлгийг сайжруулах, стандартын шаардлага хангасан тоглоомын хэрэгсэл суурилуулах, хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан анхааруулах тэмдэг, мэдээллийг байршуулах зэрэг ажлыг зохион байгуулна.
Ингэснээр хүүхэд эрүүл, аюулгүй орчинд тоглож хөгжих нөхцөл бүрдэж, осол гэмтлийн эрсдэл буурах ач холбогдолтой юм" гэж мэдээлэв.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс “Аюулгүй Монгол хүүхэд” төслийг хэрэгжүүлж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
