Кубын улс төр, нийгмийн амьдралд Кастрогийн гэр бүлийн шинэ үеийнхэн идэвхийлэн оролцож эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Кубын улс төр, нийгмийн амьдралд хувьсгалын удирдагч Фидель Кастро агсны дараа үеийн төлөөлөгчид идэвхийлэн оролцож эхэлжээ.

АНУ-ын засаг захиргаа одоо Кубад дарамт шахалт үзүүлж, коммунист дэглэмээ өөрчлөхийг шаардаж байгаа. Тэгвэл АНУ-ын төлөөлөгчидтэй хийсэн сүүлийн уулзалтад Кубын ерөнхийлөгч асан 94 настай Раул Кастрогийн ач хүү, хурандаа Раул Гилермо Родригес Кастро оролцсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Түүний өвөө Фидель Кастро агсны төрсөн дүү юм.

Фидель болон Раул Кастро нарын эгчийн хүү Оскар Перес-Олива Фрага өнгөрсөн аравдугаар сард Кубын засгийн газрын шадар сайдын албан тушаалд томилогджээ.

Гэхдээ Кастрогийн үр удам бүгд төрийн зүтгэлтэн болоогүй юм.

Фидель Кастро агсны ач хүү, 34 настай Сандро Кастро баар ажиллуулж, сошиал ертөнцөд идэвхтэй байдаг.

Инстаграм сүлжээнд 160,000 орчим дагагчтай тэрбээр Кубын эдийн засгийн хүндрэлийг элэглэн шоолсон утгатай дүрс бичлэгүүд байнга нийтэлдэг юм.

Өнгөрсөн сард Хавана дахь гэрээсээ гартаа шар айргийн лонх барьсан тэр CNN сувгаар ярихдаа Кубын одоогийн ерөнхийлөгч Мигель Диас-Канел сайн ажиллахгүй байгааг шүүмжилж, Кубын иргэдийн олонх нь коммунизмыг биш, капитализмыг хүсэж байгааг хэлж байв.

зураг
 
Фидель Кастрогийн ач Сандро Кастро

Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоймчид түүний яриаг шүүмжилж, гадаадад дүрвэсэн кубачууд түүнийг дунджаар сарын 6,680 песогийн ($14) цалинтай ард иргэдтэй улсын элит давхаргын төлөөлөгч тул итгэхэд хэцүү гэж үзэж байна.

Флоридагийн Их сургуулийн Кубын түүхийн профессор Лилиан Герра түүний энэ үйлдлийг Кастрогийн дэглэм АНУ-ын аюул занал биш болохыг америкчуудад ойлгуулах гэсэн “жүжиг” гэж сэжиглэж байгаагаа ярьжээ.

“Кубын төр үргэлж жүжиг тавьсаар ирсэн түүхтэй. Тэдний ажлын эрч хүчний тал хувь нь хүмүүсийг төөрөгдүүлэх, худал түүх зохиоход зарцуулагддаг” гэж тэр хэлж байна.

Сандро Кастро сошиал орчинд кубачуудыг байлдан дагуулж байхад бусад үеэлүүд нь төрийн хэрэгт улам бүр оролцох болжээ.

Саяхан АНУ-Кубын хооронд яриа хэлэлцээ эхэлснийг тус улсын ерөнхийлөгч Диас-Канелыг зарлах хурлын үеэр тэргүүн эгнээнд Раул Гилермо Родригес Кастро сууж байсан нь хүмүүсийг гайхшируулсан юм.

Учир нь тэр одоогоор Кубын төрд ямар ч албан тушаал хашаагүй байгаа.

зураг
 
Фиделийн төрсөн дүүгийн ач хүү Раул Гилермо Родригес Кастро

АНУ-ын хэвлэлүүд “Раулито”, “El Cangrejo” зэрэг хочоороо алдаршсан түүнийг хоёр талын яриа хэлэлцээрт зуучлагчаар ажиллаж байгааг мэдээлжээ. “El Cangrejo” нь испани хэлээр хавч гэсэн утгатай үг бөгөөд Раул нэг гартаа зургаан хуруутай төрсөн тул ийм хоч зүүх болсон гэдэг.

Түүнээс гадна 55 настай Перес-Оливагийн албан тушаалын хурдтай өсөлт Кубын удирдлага солигдож магадгүй гэсэн таамгийг өдөөж байна.

Тэрбээр 2024 онд гадаад худалдааны сайдаар, жилийн дараа ерөнхий сайдын орлогчоор томилогджээ. Бас Үндэсний Ассемблейд сонгогдсон нь түүний ерөнхийлөгч болоход шаардлагатай урьдчилсан нөхцөл юм.

зураг
 
Фидель, Раул нарын эгчийн хүү Оскар Перес-Олива Фрага

Өнгөрсөн сард Перес-Олива гадаадад амьдарч буй кубачуудын хөрөнгө оруулалтыг татахаар ажиллаж байгаагаа АНУ-ын NBC News сувгаар ярьж байв.

Гэвч АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио үүнийг хангалтгүй, эдийн засаг, улс төрийн шинэчлэлт зэрэг хэрэгжих ёстойг хариу мэдэгдэж байжээ.

Раул Кастро 2018 онд өөрийн залгамжлагчаар одоогийн ерөнхийлөгч Мигель Диас-Канелыг томилсон юм. Гэхдээ ажиглагчид түүний нөлөө хэвээр байгаа гэж үздэг.

Диас-Канел ч бас АНУ-тай явуулж буй яриа хэлэлцээг “хувьсгалын түүхэн удирдагч” Раул Кастро удирдан чиглүүлж байгааг хүлээн зөвшөөрч байв.

Энэ бүхнээс үзвэл Кастрогийн гэр бүл одоо ч гэсэн Кубын коммунист дэглэмийг далдаас удирдсаар байгаа нь тодорхой байна.

 

Эх сурвалж: AFP