Төрийн албанд чиг үүргийн шинжилгээ хийтэл сул орон тоог царцааж байгаа. Халаа, сэлгээ хийхгүй гэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр “Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор үүрэгжүүлж байгаагаа мэдэгдэж дараах шийдвэрүүдийг гаргасан юм.
- Төрийн бүх шатны удирдлагуудыг албан хаагчдаас тайлан нэхдэг байдлыг халлаа.
- Төрийн албан хаагч ажлын 5 өдрийн нэг өдөрт нь зайнаас ажиллуулах
- Төрийн албан хаагчийг амралтын өдрөөр ажиллуулахгүй байх
- Төрийн албаны сул 3,000 орон тоонд хүн авахгүй байх үүргийг Яам, Аймаг, нийслэл, дүүрэг бүх шатны удирдлагуудад өглөө.
Энэ талаараа тэрбээр "Төрийн албанд нэг мэдээлэл явуулах гэж өгч авалцсаар байгаад гурав хонодог. Орон даяар тайлан бичдэг л хэдэн төрийн албан хаагчтай байна. Тэр тайланг нь дээшээ уншиж байгаа хүн байхгүй. Дээш дээшээ тайлан бичсээр байтал амьдрал дууслаа.
Иймд төрийн албан хаагчдаас цаасаар тайлан нэхэхийг хориглоно. Тайлангаас чөлөөлнө. Сайд, агентлагийн дарга болгоны өрөөнд их өгөгдөлд суурилсан dashboard байршина. Чиг үүргийн бус захиргааны 60 хувийн ажил хийдгээ боль. Сайд, агентлаг, бүх шатны албан хаагчид мэдээлэл хэрэгтэй бол dashboard.e-mongolia.mn сайтаас харна. Төр өөрт байгаа мэдээллийг хэнээс ч нэхэхгүй.
Мөн нийт 3,000 сул орон тоо байгаа. Сул орон тоонд хүн нөхөж томилохгүй. Чиг үүргийн шинжилгээ хийтэл сул орон тоог царцааж байна гэв. Хүн нэмж томилохгүй. Төрийн албанд халаа, сэлгээ хийхгүй. Тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдыг халж сэлгэхгүй. Бүтцийн өөрчлөлтийг зөвхөн Засгийн газраар оруулж ирнэ.
Түүнчлэн төрийн албан хаагчдыг хүүхэдтэй, хүүхэдгүй гэж ялгалгүйгээр ажлын таван өдрийн нэг өдрийг цахимаар буюу зайнаас ажиллах эрхийг өгье. Мөн төрийн албан хаагчдыг хагас, бүтэнсайнд ажиллуулахгүй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
