"Гангийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг ирэх сарын 27-ны дотор зохион байгуулна"
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гангийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах шийдвэрийг гаргасан байна.
Энэ талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өглөө.
Хамгийн багадаа 1 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэр нь Дархан-Уул аймагт байрлах ба үйлдвэр барих 650 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах чиглэлийг Дархан-Уул аймагт өгөөд байгаа аж.
Төсөл 800 гаруй сая долларын хөрөнгө оруулалттай ба урьдчилсан тооцооллоор найман жилийн хугацаанд төслийн хөрөнгө оруулалтаа нөхөх тооцоотой байгаа юм байна.
Гангийн үйлдвэр 2025 оны эцсийн байдлаар 911 сая ам.долларын үнэ бүхий нэг сая.тн ган бүтээгдэхүүн импортоор авсан, 2030 он гэхэд 1.6 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа юм байна. Гангийн цогцолборыг ашиглалтад оруулснаар төлбөрийн тэнцэл 350-400 орчим сая ам.доллароор сайжрах бүтээн байгуулалтын өртөг 10 орчим хувиар буурах эерэг нөлөөллүүд бий болох аж.
Монгол Улсад төмрийн хүдрээс ган үйлдвэрлэх технологи бүхий том хүчин чадлын үйлдвэр барьж ашиглалтад оруулсан туршлагатай аж ахуй нэгж байхгүй тул энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, инженер цөөн байгаа нь дотоодын нөөц бололцоогоор төслийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, цаашлаад технологийн болон санхүүгийн эрсдэл үүсэх магадлал өндөр байгаа юм. Иймд тус төслийг олон улсын хөрөнгө санхүү, технологи, зах зээл бүхий ган үйлдвэрлэлийн салбарт туршлагатай этгээдтэй хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

